Жишиг үнийг засаад ч “өвдөг шороодов”

1216

Жишиг үнийг засаад ч “өвдөг шороодов”Манай улсын экспортолж буй нүүрсний хэмжээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард таван хувь буюу 823 мянган тонноор өсчээ. Алт 14 хувь буюу нэг тонноор, газрын тос 40 хувь буюу хоёр сая баррелиар, зэсийн баяжмал хоёр дахин буюу 667 мянган тонноор өссөн байна. Уул уурхайн салбараас улсын төсөвт нэг их наяд 75 тэрбум төгрөгийг татварын орлогоор төвлөрүүлжээ. Өөрөөр хэлбэл, монголчуудын гадаад зах зээлд алт, зэс, нүүрсээ зараад олж ирж буй мөнгө чамлалттай байна. Энэ нь гадаад зах зээлд үнэ унасантай холбоотой юм. Түүнээс биш үйлдвэрлэлийн тоо хэмжээ буураагүй нь дээрх статистикаас харагдана.

Хамгийн эрсдэлтэй нь гадаад зах зээлийн ийм таагүй байдлаас болоод уул уурхайн зарим компани үйл ажиллагаагаа зогсоож эхэлсэн. Энэ онд ч гадаад зах зээлийн ханш өсч, нааштай байдал гарч ирнэ гэсэн горьдлого төрөхгүй байгаа аж. Нүүрсний үнэ жил ирэх бүр л буурна гэдэг таагүй тооцоог холбогдох мэргэжлийн байгууллагууд нь хэдийнэ хийжээ. Алтны үнэ ч буурна гэдэг таамаглал бий. Судлаачид энэ оны эхээр дэлхийн зах зээлд унци алт 1100-1000 ам.доллар болж магадгүй гэж дүгнэжээ.
 

Нүүрсний үнэ жил ирэх бүр л буурна гэдэг таагүй тооцоог холбогдох мэргэжлийн байгууллагууд нь хэдийнэ хийжээ. Алтны үнэ ч буурна гэдэг таамаглал бий. Судлаачид энэ оны эхээр дэлхийн зах зээлд унци алт 1100-1000 ам.доллар болж магадгүй гэж дүгнэсэн байна.

Тиймээс өнөөдөр алдагдалтай, өндөр ашиггүй ч гэлээ компанийнхаа бүх боломжийг шавхаад ажиллана. Ингэснээр бид бүтээгдэхүүнээ хямд үнээр экспортолж байгаа ч зах зээл болон хэрэглэгчээ алдахгүй. Нөгөөтэйгүүр, зах зээлийн хүнд нөхцөлд дотоодын ч бай, гадаадын ч бай холбогдох байгууллагууд бие биедээ дэм тус үзүүлж явах хэрэгтэй. Ингэж байж л манайх шиг жижиг орон том зах зээлтэй өрсөлдөнө гэж үйлдвэрлэгчид үзэж байгаа юм. Тухайлбал, жоншны салбарынхан ч хямралд өртсөн билээ. Манай жонш үйлдвэрлэгчдийн экспортолдог жоншны баяжмалыг авдаг байгууллагууд цөөрсөн. Тэд гадаад зах зээлийн орчин муудангуут хоорондоо нэгдэн жоншоо нийлүүлж, нэг багц болгож томоохон худалдан авагчдад зарж борлуулдаг болжээ. Ийнхүү нэгдэж нийлсэнээрээ зах зээлийн үнэ бага, борлуулалт муу байлаа ч хүнд нөхцөлийг даван туулж чадаж байгаа аж. Энэ нь эргээд жоншны үйлдвэрлэлийг өсгөсөн байна. Ийм л сайн жишээ, үр дүнтэй ажлыг хийж хэрэгжүүлэхсэн гэдэг хүлээлт, хүслээр дүүрэн 2015 оныг угтлаа, монголчууд.   

Монголчууд туршлага дутуугаас зах зээлээ алдсан 

2012 оны сүүлийн хагас жилээс эхлээд Хятадын зах зээл дээр коксжих нүүрсний үнийн уналт эхэлсэн юм. Тэр үеэс л эхлээд экспортлогчид, мэргэжлийн холбоод Засгийн газарт мэдээлэл өгч байжээ. Яагаад  гэвэл, бусад улс орон нүүрсний үнийн хүчтэй уналт ажиглагдаад ирэнгүүт тодорхой хэмжээний арга хэмжээ авч эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, гадаад зах зээл дээр ажиллаж ирсэн олон зуун жилийн туршлагатай компаниуд цаашид зах зээлээ алдахгүйгээр борлуулалтаа үргэлжлүүлэхийн тулд маш богино хугацаанд марктенгийн арга хэмжээ авдаг юм гэдгийг алмайран харсаар хоцорсон.  

Манай улсын хувьд туршлага муутай, шинэхэн "тоглогч” байсан. Засгийн газар ч гэлтгүй манай хувь, хувьсгалын салбар бүгдээрээ л туршлага муутай байсан гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Тухайн үед үйлдвэрлэгчид гадаад орны туршлагыг судалж үзээд эрх баригчдад эхний ээлжинд ийм арга хэмжээ авъя гэдэг саналаа хүргүүлсэн. Харамсалтай нь тэдний санал, компаниудын өрсөлдөөн, зах зээлийн эрсдэлийн тооцоог тухайн үеийн албан тушаалтнууд авч хэлэлцээгүй. Ингээгүйгээс богино хугацаанд компаниуд хүнд байдалд орж, 2013 он эхлэхэд аль хэдийнэ өрсөлдөх чадвараа алдчихсан байлаа. Өөрөөр хэлбэл, монголчууд хэрэглэгч, зах зээлээ бусад оронд алдчихсан юм. ОХУ, Африкийн зарим орон, Австрали, Америк манай зах зээлийг хэдийнэ булаацалдаад эхэлжээ. Иймэрхүү байдлаар хагас жил өнгөрөхөд манай улс зах зээлээс улам л шахагдаж байв. Эрэлт нэмэгдээгүй байхад нүүрсний нийлүүлэлт өсөхөөр үнэ хурдтай унах нь тодорхой. Маркетингийн төлөвлөгөө сайтай, шуурхай арга хэмжээ авдаг орнууд компаниудынхаа янз бүрийн зардлыг багасгаж, хямд үнээр бүтээгдэхүүнээ зарах арга хэмжээ авч эхэлсэн байна. Манай компаниудад хамгийн их саад болдог буюу зардал өсгөдөг зүйл нь тээвэр юм. Австралиас БНХАУ-ын хойд боомтууд  руу нийлүүлж байгаа нэг тонн коксжих нүүрс 12 ам.доллар орчим байлаа. Гэтэл манай компаниуд нүүрсээ Монгол Улсын хил хүртэл машинаар тээвэрлэж хүргэхэд 20 орчим ам.доллар болчихно.

Жишүү бодлогоо хожимдож залруулжээ

Засгийн газар улсын төсөвт ахиухан мөнгө авах зорилгоор жишиг үнэ гээчийг гаргаж ирсэн. Энэ нь нүүрс, төмрийн хүдэр, жонш, зэс зэрэг бүх төрлийн экспортын бүтээгдэхүүнээс нөөц ашигласаны татвар авахдаа тухайн компани хэдээр борлуулж байна вэ гэдгийг биш ерөөсөө Хятадын зах зээл дээр үнэ ямар байна вэ гэдгийг тавиад түүнээсээ татвар авчихдаг байсан юм. Энэ нь компаниудад асар ихээр дарамт учруулж байлаа.

Манай компаниуд Монголын хил дээр л нүүрсээ зарж байгаа. Гэтэл хоёр дахин өндөр үнийг тогтоож, татвар авдаг байв. Монголын хил дээр нэг тонн коксжих нүүрсийг 40 ам.доллараар зардаг. Тэр нүүрсийг дундын худалдан авагч нар аваад цааш нь далайн боомт руу дамжуулахдаа 80 ам.доллараар өгнө. Гэтэл татварынхан тэнд 80 ам.доллар байна гээд л компаниудаа дарамталдаг жишиг тогтсон. Өөрөөр хэлбэл, зардлаас татвар авдаг байсан юм.

Зах зээлийг хэн ч захирч чадахгүй. Гэхдээ өрсөлдөөнд тэсч үлдэхийн тулд өөрсдөөсөө шалтгаалах арга хэмжээг авах ёстой. Тухайлбал, тээвэрлэлтийн зардлаа бууруулж, замдаа олон дахин ачиж буулгахгүй. Мөн олон удаа бага багаар зөөлгүй нэг удаа ачих машиныхаа даацыг ихэсгэх, боомтын хүчин чадлаа нэмэгдүүлэх зэргээр ажиллах хэрэгтэй. Хамгийн гол нь элдэв янзын дарамт учруулж буй татварыг хамгийн түрүүнд шийдэх ёстой байсан.

Харин хожимдсон ч гэлээ 2013 онд Уул уурхайн яам эрчимтэй ажиллажээ. Аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодтой уулзаж, компаниудаа дэмжихгүй бол болохгүй нь гэдгийг "ухаарав”. Өндөр татвар тавиад компаниудаа элгээр нь мөлхүүлэх үү, эсвэл өрсөлдөх чадварыг нь хадгалаад урт хугацаанд татвар авах уу гэдэг асуудлыг шийдлээ. Ингээд нэлээн явдал чирэгдэл болон байж жишиг үнийг болиулж гэрээний үнээр татвар төлдөг болсон юм. Өөрөөр хэлбэл, компани нүүрсээ Монгол Улсын хил дээр хэдээр борлуулж байна вэ гэдгээр нь тооцож татвар авдаг горимд шилжсэн. Энэ нь компаниудад эдийн засгийн хувьд бодит дэмжлэг болжээ. Ингэснээр аж ахуйн нэгж, экспортлогчдод "Цаашид биднээс үл хамаарч зах зээлийн нөхцөл байдал хүндрэхэд Засгийн газар холбогдох арга хэмжээг авах юм байна” гэдэг итгэл үнэмшил төрсөнийг үгүйсгэхгүй. Гэхдээ төрийн түшээдийн чих зөөлөн байж, хурдтай ажиллахыг өнөөдрийн нөхцөл байдлууд ч сануулсаар байна шүү!   
 

Зууны мэдээ
Г.Ганчимэг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>