Н.Алтанхуяг УИХ-ын дарга З.Энхболдод мэдэгдэл хүргүүлжээ
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг УИХ-ын дарга З.Энхболдод албан мэдэгдэл хүргүүлжээ. Тэрбээр энэ талаараа "Би өөрийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд хууль хяналтын байгууллагуудын эрх мэдлийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 2015.5.8-нд санаачлан 2015.6.4-нд УИХ-д өргөн барьсан.
Хуулийн төслийг УИХ дахь намын бүлгүүд дэмжиж, 2015.6.16-нд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар хэлэлцэгдэж дэмжигдсэн. Харин 2015.6.17-нд Авилгатай тэмцэх газраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандан албан бичиг ирүүлж, улмаар тэр өдрөө ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга УИХ-ын даргад хандан бичиг ирүүлснээр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад явж байсан хуулийн төслийг хэлэлцэхийг зогсоосон.
Хаврын ээлжит чуулганы үеэр энэ хууль бус үйлдлээ зогсоохыг УИХ-ын дарга, Ерөнхийлөгчөөс шаардсан боловч хэлэлцүүлэлгүй хаврын ээлжит чуулган болон зуны хоёр ээлжит бус чуулганы 4 сарын хугацааг өнгөрөөлөө.
Иймд 4 сарын өмнө хэлэлцэгдэж эхэлсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн энэ чуулганаар яаралтай хэлэлцүүлнэ үү гэж УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ” гэв.