БНХАУ Өвөрмонголыг онцгойлон анхаарч эхэллээ
БНХАУ-д Линхэ-Байгэда чиглэлийн автозамыг барьж дуусчээ. Тал дундуур 930 км үргэлжилдэг уг замыг хэвлэлүүдэд "Дэлхийн хамгийн урт зам” хэмээн бичиж байгаа юм. Зам барих ажил ердөө жил гаруйн дараа ийнхүү ашиглалтад оруулсан байна. Бүтээн байгуулалтын ажилд 30 мянган ажилтан дайчилж, 37 тэрбум юань (5.5 тэрбум ам.доллар) зарцуулжээ.
Линьхэ-Байдахэгийн энэхүү зам нь Бээжин, Урумчийг холбосон 2540 км замын нэг хэсэг юм. Зам бүхэлдээ ашиглалтад орсноор БНХАУ баруун мужуудын хөгжилд үлэмж ач холбогдол үзүүлнэ гэж эрх баригчид тооцож байгаа ажээ.
БНХАУ-ын Төрийн зөвлөл улс орны дэд бүтцийг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө гаргасан бөгөөд түүнд дэд бүтцийн салбарт 150 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөснөөс 100 гаруй тэрбум ам.долларын бүтээн байгуулалт нь Өвөрмонголд хийгдэх аж. Дээрх мөнгөөр 366 төсөл хэрэгжүүлэх гэнэ. БНХАУ Өвөрмонголд өмнө нь анхаарал хандуулдаггүй байсан бөгөөд хамгийн хоцрогдсон мужийнх нь нэг байсан юм. Харин сүүлийн нэг жилийн дотор ийнхүү дэлхийн хэмжээний бүтээн байгуулалт хийж, цаашид ч хөгжүүлэхээр их хөрөнгө хаяж байгаа нь анхаарал татаж байна.
С.Төгөлдөр



