Д.Оюунхорол: Малчдын нийгмийн асуудалд төр анхаарах ёстой
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өнөөдөр МАН-ын бүлгийн "Морин цаг" уулзалтад оролцож, өнөөдөр үйлчилж буй тэтгэврийн даатгалын тогтолцоо, малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах хуулийн төсөл өргөн барьсан зэрэг асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.Тэрбээр, манай улсын тэтгэврийн тогтолцоо нь орлогоосоо зарлагаа санхүүжүүлдэг халамжийн шинж чанартай эв санааны нэгдлийн зарчим дээр суурилсан хуваарилалтын тогтолцоо. 2014 оны байдлаар Өндөр настны тэтгэврийг нийт 242.5 мянган хүн авч байгаа бөгөөд бүрэн тэтгэврийн доод хэмжээ 230.000, хувь тэнцүүлсэн тэтгэврийнх 197.000 төгрөг байна. Ахмадууд маань эдийн засаг хямарч, монгол төгрөгийн ханш 40 орчим хувиар унаснаас өнөөдрийн авч байгаа тэтгэвэр нь хоол, ундандаа ч хүрэлцэхгүй байгаа учраас тэтгэвэр нэмэх хүсэлтийг байнга тавьж байгаа тухай мэдээллийн эхэнд хэллээ. Өнөөдөр нийт тэтгэвэр авагчдын 68 орчим хувь нь бага тэтгэвэр авдаг бөгөөд тэд ядуугийн эгнээг тэлж байгаа нь амьдралын бодит үнэн болжээ. Дээр нь ажлын байр нэмэгдэхгүй байгаа нь эцэг, эхийнхээ тэтгэврийн мөнгөөр амьдрах залуу үеийн эгнээг ч тэлж байгаа гэнэ.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд МАН-ын бүлгээс цалин, тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх асуудлыг тавьж ирсэн ч эрх баригчид хүлээж аваагүй өдий хүрсэн. Тиймээс цаашид хүн рүү чиглэсэн нийгмийн халамжийн тогтолцоогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагыг тавьж буйгаа онцоллоо.
Түүнчлэн ахмад насанд ганц биеэрээ үлдэх нь олонтаа тул ганц бие ахмадуудын тэтгэврийн асуудалд төрийн бодлогыг чиглүүлэх шаардлага гарсныг онцоллоо. АН-ын бүлгээс Хамтын тэтгэврийн тухай хуулийг баталснаар ахмадуудын асуудлыг шийдвэрлэсэн мэт ярьж байгаа ч МАН-ын бүлэг үүнтэй санал нийлэхгүй байгаа аж. 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих Хамтын тэтгэврийн тухай хууль нь 15 жил хамт амьдарсан, ажилтай орлоготой байсан ахмадуудад л зөвхөн хамаатай. Гэтэл амьдрал баян учраас 15 жил амьдраагүй ч насны эцэст бие биеийнхээ хөлийг хучин хамт амьдарч байгаа олон ахмад настан байдаг. Эдгээр ахмадуудад Хамтын тэтгэврийн тухай хууль үйлчлэхгүй. Ингэж ахмадуудаа ялгаварлан үзсэн хууль батлах гэж буйг МАН-ын бүлгээс сануулсан ч алдаагаа засаагүй хэмээн мэдэгдлээ.
Тийм учраас тэтгэврийнхээ 190.000, 230.000 төгрөгөөр амьдардаг ганц бие ахмадууддаа амьд байх хугацаанд нь төр яаж тусалж, дэмжих вэ гэх асуудлыг өнгөрсөн долоо хоногт Нийгмийн хамгааллын сайдын УИХ-д хийсэн мэдээллийн цагаар МАН-ын бүлгээс асуулга тавьж, төрийн бодлогоо үүнд чиглүүлэхийг сануулсан байна. 2017 оноос хэрэгжих Хамтын тэтгэврийн хуулийг баталснаараа ахмадуудын асуудлыг шийдсэн мэтээр үзэж байгаа эрх баригчдын байр суурьт шүүмжлэлтэй хандаж байгаагаа ч хатуухан сануулжээ.
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын дараагийн хийсэн мэдээлэл нь мал аж ахуй эрхлэгчдийг дэмжиж, тэдний нийгмийн баталгааг сайжруулах, цаашид нийгмийн даатгалд хамрагдах сонирхлыг нэмэгдүүлэх тухай асуудлаар байв. Өнгөрсөн дөрөвдүгээр сард МАН-ын бүлгээс Малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэсэн хуулийн төслүүдийг өргөн барьсан.
Эдгээр хуулийн төслүүдэд малчны тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулах, малчнаар ажилласан 1 жилийг 1.6 жилээр тооцох, нийгмийн даатгалын шимтгэлээ сар, улирал, жилээр төлөх нөхцлийг бүрдүүлэх, малчин иргэдэд 1990 оноос хойшхи нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж олгох гэсэн үндсэн дөрвөн асуудал тусгагджээ.
Төв, суурин газрынхан Хөдөлмөрийн хуулийн дагуу сард 21.2 өдөр, жилд 254.4 өдөр ажиллаж, ажилласан жилээс хамааран ажлын 15-30 өдөр ээлжийн амралтаа эдэлдэг. Харин малчид жилийн дөрвөн улиралд байгаль цаг уураас шууд хараат нөхцөлд өдөр шөнийн ээлжгүй, ажил, амралтын горимгүй, халуунд халж, хүйтэнд хөрч явдаг малчид наснаасаа эрт хөгширч, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар нь буурч, дундаж наслалт нь харьцангуй доогуур байгаа учраас эдгээр бодлого зайлшгүй чухал гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, малчдын хөдөлмөрийн нөхцөлийг хүнд, хортой гэж үзэж, нийгмийн хамгааллын бодлогоо чиглүүлэх ёстой гэлээ. Өнөөдөр нийгмийн даатгалд хамрагдвал зохих малчдын ердөө 8.3 хувь нь л хамрагдсан байна.
Малчнаар ажилласан 1 жилийг 1.6 жилээр тооцох хуулийн төслийг олонхи хэлэлцэхгүй өнөөг хүртэл хойшлуулжээ. Тэгсэн атлаа АН-ын бүлгийн гишүүд дээрх хуулийн санааг хуулбарлаж, 1.2 жилээр тооцох хуулийн төсөл өргөн бариад хэлэлцүүлж эхэлсэн байна. Үүнийг Монголын парламентын хүч түрэмгийллийн муу загваруудын нэг хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. Мэдээллийн төгсгөлд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол малчдын нийгмийн асуудалд төр анхаарна гэдэг монгол малчныхаа залгамж халааг таслахгүй байх том бодлого гэдгийг онцлов.