Эх орончгүй эх орон
Мөнгө олохын хүсэлд хөтлөгдөхөөрөө эх орончийн дүрд тоглодог хүмүүс олон. Мэдээж тэд мэргэжлийн жүжигчид биш шүү дээ. "Энэ ч хайрхан минь болохоо болилоо, тэр ч өвөлжөөг минь ухчихлаа. Төр засаг анхааралдаа авахгүй байна” гэж худлаа хашгиран нэр төр, санхүүгийн араас гүйгчдийг бишгүйдээ л мэдэх юм. Нөгөөтэйгүүр сонгууль дөхөөд ирэхээр улстөрчид нь өөрсдөө нэг их эх орончийн дүрд тоглоно.Үнэн чанартаа өнөөгийн өнгө төрхийг харахад эх оронч алга.
Харин эх ороноо өмнөө барьж худлаа ярьдаг, хуурамч эх орончид олон байгаа. Алдар цуутанаас эхлээд, архины шилний ард эх оронч болдог нөхдүүд захаасаа л байна. Энхийн цаг тулдаа л нэг юм эх орон өөрөө оршин тогтнож байх шиг. Заримдаа эх орончид гэж босч орилох, цуглаан жагсаал хийх нөхдүүдийг хараад өрөвдөх юм. Уул, усаа зөв хамгаалвал зөв л байх. Хүүхэд байхад эмээ минь лус гомдоочих воо гэж их ярьдаг байсан юм. Өнөө үед бол лус байтугай л гомдох болсон. Үнэнчээр байгаль дэлхийгээ хамгаалдаг нэгийг нь хавчлага шахалтад оруулах түүгээр ч зогсохгүй амь насыг нь хөнөөх үзэгдэл ч гарч байгааг нийгэм нийтээрээ мэднэ. Эх орныг орилж, жагсаж хамгаалдаггүй л байхгүй юу. Яг үнэндээ өөрсдөө мөнгө, нэр төр олох гэж "Эх орон” гэж орилсон нөхдүүдээс болж гурав, дөрөвхөн жилийн өмнө дөрвөн тэрбум доллараар хэмжигдэж байсан хөрөнгө оруулалт 77 сая долларт хүртлээ буурсан гэсэн судалгаа байдаг юм билээ. Хөрөнгө оруулагчдаа хөөж, буу шийдмээр айлгаж гүйсний үр дүн. Цаашлаад ч бид хямралын хамгийн хүнд үетэй нүүр тулах болно.
Өнгөрсөн жилүүдэд дотоодын хэрүүл, тэмцэл, хулгай, худал эдийн засгаа хямраасан үзэгдэл бол их. Долларын ханш "Найман шарга” зах дээр 2023 төгрөгтэй тэнцсэнд монголчууд төдийлөн гайхсангүй. Болох л ёстой юм болж байгаа юм шигээр дээрээ ч доороо ч хүлээн авч байгаа нь эдийн засгийн хямралыг хаана, хаанаа хүлээн зөвшөөрчихжээ гэлтэй. Төсвийн алдагдлаа нөхөхийн тулд Монголын Засгийн газар өнгөрсөн оны сүүлээр 800 сая долларын бонд гаргаж, олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалахаар төлөвлөж байсан төлөвлөгөө нуран унасан. Сар шинийн өмнөхөн Ерөнхий сайдыг огцруулах улс төр өрнөсөнтэй холбоотойгоор Монголын Засгийн газрын бондын хүү өссөнөөс болоод энэ ажил түр хойшлуулахаас өөр аргагүйд хүрснээ Сангийн сайд учирлаж суусан. Хоёр жилийн өмнө долларын ханш өслөө гэж жиргээчид төрийн ордон руу салаавч гаргаж, З.Энхболд дарга СЗХ-ныхныг дуудаж байцаасантай харьцуулах юм бол ханшийг өөрчлөлтийг цочмог хүлээж авдаг байсан монголчуудын цочроо хэдийнэ гарч, хувь тавилантайгаа аль эрт эвлэрсэн бололтой.
Яг үнэндээ өнгөрсөн гурван жилийн хугацаанд долларын "таргалсан”, төгрөгийн "турсан” яг тэнцэнэ. Төгрөгийн ханш сулрахын хэрээр Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж үнэгүйдсээр. Цалин хөлс үнэгүйдэхийн хэрээр амьжиргааны төвшин буурсаар. Энэ бол эх орончдын чангаас чанга хашгирч гүйсний үр дүн. Иймээс л С.Ганбаатар нарын эх орончдыг популизмаа болиочээ л гэж Ерөнхий сайд гуйсан байх. Эрх баригчид энд тэндгүй явж, итгэлцэл, нөхөрлөлийн тухай ярих боловч, эх орончид нь эсрэгээрээ хийсэн бүхнийг нь ар хударгаар нь баллуурдсаар. Хамгийн сүүлд гэхэд Төсвийн алдагдлаа нөхөхийн тулд Монголын Засгийн газар өнгөрсөн оны сүүлээр 800 сая долларын бонд гаргаж, олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалахаар төлөвлөж байсан төлөвлөгөө нуран унасан. Сар шинийн өмнөхөн Ерөнхий сайдыг огцруулах улс төр өрнөсөнтэй холбоотойгоор Монголын Засгийн газрын бондын хүү өссөнөөс болоод энэ ажил түр хойшлуулахаас өөр аргагүйд хүрснээ Сангийн сайд учирлаж сууна. Түүний хэлснээр Ерөнхий сайдыг огцруулах улс төр өрнөхөөс өмнө найман хувийн хүүтэй гаргахаар төлөвлөж байсан Засгийн газрын бондын хүү 12 хувийн хүүтэй болж өссөнөөс болоод төсвийн алдагдлыг нөхөх гэсэн Б.Болорын төлөвлөгөө "будаа”.
Эрх баригчдын шантаажилсан улс төр нь хол явж гавихгүйг мэдсээр байж ингэж эдийн засгаа хорлох ямар ашигтай байсныг МАН-ынхнаас асуухад буруудахгүй байх. "Мазаалай” бондоо гаргаад 800 сая доллар олоод ирсэн бол дотоодын зах зээлд долларын ханш 2025 болтлоо өсөө ч үү, үгүй ч үү? Энэ оны улсын төсвийг 3.4 хувийн алдагдалтай баталсан. Энэхүү алдагдал эдийн засагт томоохон дарамт болох нь тодорхой. Сангийн сайдын хэлснээр энэ жилдээ тэтгэвэр тэтгэмж цалин хөлсөө цагтаа олгоод явдаг юмаа гэхнээ төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд гацаж магадгүй нь бололтой. Монголын эдийн засгийг элгээр нь иэвттэл эх оронч дүрд тоглосон хүмүүс одоо юу бодож байгаа бол.
Тэдний өөрсдийнх нь амьдрал амжиргаа нэр төр дээрдсэн учраас амаа ангайхааргүй таргшалсан нь мэдээж. Тэгвэл эх орончгүй эх орон минь одоо иргэдээ хэрхэн тэжээх вэ. Газрын гүндэхээ ухаж амьдрахаас өөр яах вэ. Хар, шар нь хамаа алга алт л бол алт. Сөхөрсөн эдийн засагтай, солиорсон хэдэн улстөрчтэй энэ нийгэмд яг үнэндээ шагнах гавьяатан нэг ч байхгүй. Тэгээд ч монгол улсад жинхэнэ эх орончид олгодог тусгай тодотголтой шагнал, гавьяа байхгүй байх. Тусгаар улс ярьж, тугийн зэв шиг босоогоороо үхнэ гэсэн популистууд бол олон. Үнэн чанартаа тэд сумны өмнөөс бүү хэл хүрзний өмнөөс эсэргүүцэж чадахгүй "жулдрай”-нууд шүү дээ. Нэг иймэрхүү л эх орончтой миний эх орны иргэд нь элгээрээ хэвтсэн эдийн засагтай аж төрж 2016 оны сонгууль хүргэх нь тодорхой болсон. Хэзээ нэг жинхэнэ эх оронч төрж, өнөө цагийн жүжигчид ичих бол доо хөөрхий.