Вакцин, парацетамол аутизм үүсгэдэг үү? Онцлох мэдээ, Эрүүл мэнд Өчигдөр, 19:56 45 Хуваалцах АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн даваа гарагт болсон Цагаан ордны хэвлэлийн бага хурлын үеэр жирэмсэн эхчүүдийг Тайленол гэх эмийг хэрэглэхгүй байхыг зөвлөж, эс бөгөөс ураг аутизмтай болно хэмээн мэдэгджээ. Мөн тэрбээр улаанбурхан зэрэг өвчний вакцин аутизм үүсгэдэг гэх эргэлзээтэй мэдээллийг нийтэд түгээснээрээ тус улсын эрдэмтдийн шүүмжлэлд өртөөд байна. Манай улсад ч эл асуудал байнга хөндөгдөж, эцэг эхчүүдийн дунд ихээхэн эргэлзээ төрүүлдэг билээ. Иймд дээр дурдагдсан вакцин, Тайленол болон аутизмын хүрээний эмгэг зэргийг шинжлэх ухааны үүднээс задлан дүгнэлт хийе. Вакцин ямар учиртай вэ? Вакцин гэдэг нь хүний дархлааны тогтолцоо вирус, бактери зэрэг өвчин үүсгэгчийг таньж, түүний эсрэг дархлаа бий болгоход сургадаг биологийн бэлдмэл юм. Энгийнээр тайлбарлавал, вакцин дотор аливаа өвчин үүсгэгч маш бага хэмжээгээр агуулагддаг ба энэ нь хүний биед нэвтрэн орох үед дархлааны систем уг өвчин үүсгэгчтэй тэмцэн сайтар "таньж авдаг". Ингэснээр дараагийн удаа уг өвчин үүсгэгч биед нэвтэрвэл түүнийг хэдийн таньдаг болсон цагаан эсүүд хэрхэн хурдан устгахаа мэддэг болно гэсэн үг. Вакцин хийлгээд аливаа өвчнийг огт тусахгүй хамгаалагдана гэж ойлгох нь өрөөсгөл бөгөөд вакцин хийлгэснээрээ та хийлгээгүй хүнтэй харьцуулахад тухайн өвчнийг хөнгөн тусаж, түргэн эдгэнэ гэсэн үг юм. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлж буйгаар вакциныг практикт хэрэглэх зөвшөөрөл өгөхөөс өмнө чанар, аюулгүй байдлын туршилт хийж, олон шат дамжлагаар хянан магадалдаг байна. Мөн вакциныг зах зээлд гарсных нь дараа ч хяналт судалгаа тогтмол хийдэг. Вакцины урвал дийлэнхдээ тарьсан газар хөндүүрлэх, бага зэрэг халуурах зэрэг хөнгөн, түр зуурын шинжтэй байх бөгөөд маш ховор тохиолдолд онц ноцтой урвал илэрч, үхэлд хүргэдэг байна. Мэдээж хүн бүрийн бие махбод өөр учир ийм ноцтой урвал илрэх нь ихэнхдээ тухайн хүний биеийн онцлог, бусад ужиг өвчинтэй нь хамааралтай байдаг. Аутизмын хүрээний эмгэг гэж юу вэ? Аутизмын хүрээний эмгэг (АХЭ) нь хүний бусадтай харилцах, нийгмийн харилцаанд орох, мэдээллийг хүлээн авч боловсруулах чадварт нөлөөлдөг насан туршийн өргөн хүрээний эмгэг юм. Аутизм нь дотроо "сонгодог аутизм", "хөнгөн хэлбэрийн аутизм", "аспергерийн хам шинж" зэрэг олон төрөл хэлбэртэй учраас "Аутизмын хүрээний эмгэг" гэх нэгдсэн нэршлийг анагаах ухаанд хэрэглэдэг. Аутизмын шалтгааны талаарх нэгдсэн дүгнэлт хараахан бий болоогүй бөгөөд тархины үйл ажиллагааны саатлаас үүдэлтэй гэж эрдэмтэд тайлбарладаг. Ийн шалтгаан нь тодорхой бус хэвээр байгаа тул аутизмыг эмчлэх, эдгээх, засаж болдог эсэх нь ч мөн тодорхойгүй байдаг. Иймд уншигч та бүхэн аутизмыг эмчилнэ, эдгээнэ гэх залилангийн шинжтэй зүйлсэд автахгүй байхыг хичээгээрэй. Вакцин ба аутизмын хамаарал Вакцин аутизм үүсгэдэг гэх батлагдаагүй ойлголтын суурь анх 1998 онд тавигджээ. Британийн судлаач Эндрю Вэйкфилд 12 хүүхдийг хамруулсан жижиг судалгаа хийж, 8 хүүхдэд нь аутизмын шинж тэмдэг илэрсэн тул вакцинаас үүдэн аутизм бий болдог гэх дүгнэлтэд хүрсэн байна. Уг судалгаа эрүүл мэндийн The Lancet сэтгүүлд хэвлэгдсэний дараа олон эрдэмтэн судлаачийн шүүмжлэлд өртөж, арга зүй болон судалгааны хувьд учир дутагдалтай тул удалгүй сэтгүүлийн зүгээс судалгааг эргүүлэн татжээ. Мөн хожим судалгаанд оролцсон 12 хүүхдийн ихэнх нь вакцин хийлгэхээс өмнө ч аутизмын шинж тэмдэгтэй байсан нь ил болсон ба судлаач Вейкфилд өөрийн онолоо батлахын тулд ёс зүйгүй судалгаа явуулсан гэж салбарынхан нь шүүмжилсэн байна. Үүнээс хойш дэлхийн өөр өөр улсад өөр өөр эрдэмтэд 1.8 сая хүүхдийг хамруулсан нийт 16 судалгаа, шинжилгээг хийхэд улаанбурхан өвчний вакцин аутизмын шалтгаан болдоггүйг олж тогтоожээ. Гэвч өнөөг хүртэл вакцин аутизм үүсгэдэг гэх үндэслэлгүй яриа ам дамжин яригдсаар байна. Тайленол гэж юу вэ? Тайленол нь өвдөлт намдааж, халуун бууруулах үйлчилгээтэй эм бөгөөд парацетамол нэрээр олон улсад танигдсан ацетаминофен гол найрлага нь болдог. Уг эмийг дэлхийн эм ханган нийлүүлэгч олон компани өөр өөр нэрээр үйлдвэрлэдэг бөгөөд нярай, бага насны хүүхдүүдэд зориулсан тун хэмжээтэй төрөл ч бий. Тайленол буюу парацетамолыг жирэмсэн эмэгтэйчүүд эмчийн зааврын дагуу хэрэглэх боломжтой бөгөөд таарсан тунгаар хэрэглэхэд урагт гаж нөлөө үзүүлдэг гэх албан баримт, судалгаа одоогоор байхгүй. Мөн эм үйлдвэрлэгчдээс гадна америк эмч нар Тайленолыг жирэмсэн үед өвдөлт намдаах тэргүүн зэргийн эмийн тоонд оруулдаг. Парацетамол ба аутизмын хамаарал Өнгөрөгч наймдугаар сард Харвардын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн салбар сургуулийн хийсэн судалгаа нь жирэмсэн үедээ Тайленол буюу парацетамол уувал аутизм зэрэг тархины хөгжилтэй холбоотой аливаа эмгэгт өртөх эрсдэлтэй гэх үр дүнд хүрчээ. Гэсэн хэдий ч 2024 онд явуулсан үүнтэй төстэй судалгаа нь Тайленол ба аутизмын хооронд ямарваа нэг холбоо хамаарал байхгүй гэжээ. Ийнхүү шинжлэх ухаанаар бүрэн батлагдаагүй, эргэлзээтэй хэвээр байгаа асуудлыг хэвлэлийн хурлын үеэр хөндсөн ерөнхийлөгч Трампыг тус улсын анагаах ухааны эрдэмтэд шүүмжилж, олон нийтийг ор үндэсгүй айдаст автуулсан гэж үзэж байна. Эх сурвалж: World Health Organization, The Associated Press, BBC, Johns Hopkins University, Монголын Аутизмын Холбоо (autism.mn) 45 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 4-04-2025, 13:17 СЭМҮТ: Аутизмын үнэлгээний "Ados - 2" аргачлалын дагуу оношилгоо хийдэг болов… 18-03-2021, 22:44 Вакцин хийлгэсний дараа гар хөндүүрлэх, толгой өвдөх, халуурах, бие тавгүйрхэх шинжүүд илэрч болно… 3-12-2018, 12:17 Дархлаажуулалтын талаарх буруу ойлголтууд… 29-11-2017, 18:32 Аутизмын эмгэгийг эрт илрүүлэх боломжтой… 30-03-2017, 10:59 Аутизмын холбоотой хамтран ажиллахаар боллоо… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.