Хөрөнгө оруулагчдыг "үргээсэн" Ерөнхий сайд эдийн засгийг сэргээж чадах уу

782

Хөрөнгө оруулагчдыг "үргээсэн" Ерөнхий сайд эдийн засгийг сэргээж чадах уу

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар үүрэгт ажлаа эхлүүлж "Нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг" хэмээн эдийн засгийн сэргээхээ амлаж байсан цаг саяхан. Монгол Улсын Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг томилогдсоныхоо дараа Засгийн газар 3 чиглэлд гол анхаарлаа хандуулж ажиллана гэсэн. Түүний хэлсэн үг биелэлээ хэзээ олохыг монголчууд үнэндээ мэдэхгүй байна. Эдийн засаг хэзээ сэргэх вэ гэсэн хүлээлт бизнес эрхлэгч, ард түмний дунд байна. Засгийн газрын эдийн засгийг сэргээхийн тулд хийж, хэрэгжүүлж буй ажлууд нь төдийлөн ач холбогдолтой болж чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ.

Зарим эх сурвалжийн хэлж буйгаар тун удахгүй цалин тэтгэвэр, нийгмийн халамжаа өгөх мөнгөгүй болж улсын данс улайх гэнэ. Сангийн яамнаас нэн яаралтай төсвийн тодотгол оруулж ирэхгүй бол асуудал үүсэх бололтой. Тиймээс нөхцөл байдлыг сайжруулахын тулд нэн яаралтай хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох шаардлагатай болж байна. Засгийн газар гаднаас зээл авахаар хичээж байгаа ч төдийлөн амжилт олохгүй байгаа аж. Удтал хөөцөлдөж байж саяхан арай гэж авсан 11 хувийн хөвөгч хүүтэй зээлээс өөр олигтой юм олдсонгүй. Ер нь Ерөнхий сайд маань илбэ, шид л ашигладаггүй юм бол олон улсын хөрөнгийн зах зээл дээр манай ярьсан "үлгэрт" итгэх улс байтугай хүн ч үгүй болж байна. Гэтэл Ерөнхий сайд нь эх орондоо гадна дотны хөрөнгө оруулагчдыг цуглуулчихаад жалга довны улс төр ярьж, индэр дээрээс хөрөнгө оруулагчдыг манайд хөрөнгөө оруулаач гэж гуйхын оронд хэн нэгэн улс төрчийг, намыг "намнаж" зогссон. Түүгээр ч зогсохгүй хойд, урд хөршийнхөө зочид төлөөлөгчдийг өмнө суулгаж байгаад элдвээр гоочилж орхисон. Ийм байхад манайд хэн хөрөнгө оруулахыг хүсэх юм бэ. Орж ирсэнг нь хөөж гаргадаг, засаг төр нь тогтворгүй, хуулийн нэгдсэн бодлого гэж байхгүй, нэг сайд нь гарч ирээ өмнөх сайдынхаа бүх ажлыг үгүй хийдэг. Үүнийхээ дараа Ерөнхий сайд маань эдийн засгийг сэргээнэ гэж амаараа мянга "хашгираад" ч нэмэргүй байлгүй дээ.

Засгийн газар ипотекийн зээл, халамж үйлчилгээний хөрөнгийг олох гэж өнгөрсөн оны төгсгөлөөс хойш олон улсын зах зээлд маш их анхаарал хандуулж байгаа. Сангийн яам болон Монголбанкныхан зээл авахаар өдөр шөнөгүй л хөөцөлдөж яваа сурагтай. Тэгвэл нөхцөл байдал ийм хүнд байхад сонгууль, болон АСЕМ-д зориулж хэдэн арван тэрбумаар нь зарцуулах гэж байгаа нь зөв алхам мөн үү. Хамгийн сүүлд гэхэд хар машиныг баттерей солих ажилд 2.5 тэрбум төгрөг зарцуулах шийдвэр гаргалаа. Энэ мэтээр төсвийн мөнгөнийг үр ашиггүй зарцуулж, хүнийрхүү сэтгэлээр хандаж байгаа нь туйлын харамсалтай. Гэтэл өнөөдөр захын гэр хорооллын иргэд идэх хоол, зүсэм талхгүй шахам өдөр хоногийг өнгөрүүлж байна шүү дээ.

Гадна дотны судлаачид Монгол улсын 2017 он гэхэд эдийн засгийн маш хүнд байдалд орно гэдгийг удаа дараалан онцолж байна. Харин манай улстөрчид үүнийг чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн хэвээр байна. Ерөнхий сайдын амлаж байсан шиг хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлийн зөв хослол дээр суурилсан өрийн удирдлагын шинэ тогтолцоо тогтооно гэдэг дашийшог болох нь тодорхой боллоо. Учир нь сүүлийн үед улстөрчдийн хамгийн ярих дуртай сэдэв болсон Ипотекийн зээлийг олгохын тулд Засгийн газар дахин гадагшаа мөнгөний эрэлд мордсон ч "сохор зоос ч" ололгүйгээр иргэж  ирсэн тухай эх сурвалжууд мэдээлж байгаа. Ер нь нөхцөл байдал хүндэрлээ. Иргэд амьдрал өдрөөс өдөрт доройтож, хямрал цаашид улам гүнзгийрэх бололтой. 2015 онд манай эдийн засгийн өсөлт 2.3 хувь байсан бол 2016 онд нэг хувь ч хүрэхгүй байх тооцоо судалгаа хийгдсэн байна. Эдийн засгийн өсөлт унахаас биш нэг ч төгрөгөөр дээшлэхгүй нь.

Оюутолгой, Тавантолгой гэх мега төслүүдээ хөдөлгөж мөнгө оруулж ирнэ гэсэн. Бас л баахан эсэргүүцэлтэй тулгарч Тавантолгой нь хөрөнгө оруулалт нь талаар боллоо. Бөөн хэл ам дагуулсан Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт бага зэрэг урагшилсан ч 14 тэрбум ам.доллар нь хэзээ бидний эдийн засгийг сэргээх вэ. Энэ хооронд нь төрийн албан хаагчид нь цалин тэтгэврээ авч чадах уу, үгүй юу гэдэг дээрээ тулж ирлээ. Өнөөдөртөө нэг юм өгч байгаа ч цаашдаа цалин цагтаа буух нь юу л бол. Хувийн хэвшлийнхэн бол бүр ярилтгүй. Зарим нь цалингүй зургаан сар болж байна. Хэдэн зуугаараа үүд хаалгаа барьсан. 2016 оны төсвийг 900 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтайгаар баталчихсан байгаа гэдгийг санах нь зүйтэй. Дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ хэд дахин буурлаа. Бүр тасралтгүй буурсан хэвээр байна. Гэтэл манайд байдал бахь байдгаараа. Бусдыг нь чаддаггүй юмаа гэхэд боломжтой зүйлийг нь хийчихгүй, харин ч онцгой албан татварыг нь нэмчихдэг улс манайхаас өөр хаана байна вэ. Ийм байхад энэ Засгийн газраас гэрэл гэгээтэй зүйл хүлээгээд нэмэргүй болов уу. Харин ирэх сонгууль болтол ард түмний амьдралаар бага тоглож, бидэнд анти сюрприз багахан шиг бариасай л гэж хүсэх үлдлээ.

Г.Сүрэн


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>