Цагаачдын хямрал Европыг заналхийлж байна
Цагаач, дүрвэгсдийн урсгалыг хязгаарлах арга хэмжээг яаралтай авахгүй бол Европ тивийг байнгын хямрал, бослого заналхийлж байгааг Их БританийнMI6 тагнуулын албаны тэргүүн асан Ричард Дирлов хэллээ. Тэрээр мөн Туркийн иргэдийг Европт визгүй нэвтрүүлэх тухай яриаг эрс эсэргүүцэж, үүнийг ил гал дээр бензин асгаж буйтай зүйрлэжээ. НҮБ-ын тусгай элч, нэрт кино жүжигчин Анжелина Жоли-Питт дүрвэгсдэд тусламж үзүүлдэг хүмүүнлэгийн систем задран сүйрэхэд ойрхон байгааг сануулсан билээ. Цагаачид, дүрвэгчид улам бүр нэмэгдэж, олон улс орон дүрвэгсдийг хязгаарлах илүү хатуу арга хэмжээ авах болсонд санаа зовниж буйгаа тэрээр илэрхийлсэн юм. ВВС-ийн телевизээс цагаачлал, түүний үр дагаврын талаар бэлтгэсэн "Дэлхий хөдөлж байна” нэвтрүүлэгт тэд ийнхүү санаа бодлоо илэрхийлсэн юм. Тагнуулын албаны экс даргын үзэж буйгаар, Европт хөл тавьж буй цагаачдын тоо ойрын таван жилд сая саяаар тоологдох бөгөөд энэ хямрал буурал тивийн геополитикийн дүр зургийг бүрэн өөрчилж магадгүй хэмээн Дирлов санууллаа. "Хэрвээ Европ тив цагаачлалын хямралыг хяналтдаа авахгүй бол, Европын хүн амын дийлэнх нь энэ асуудлыг ноцтой гэдгийг ойлгохгүй бол Европын холбоо популист үймээн, бослогын талбар болон хувирна. Энэ үймээний шинж тэмдэг одоо ч ажиглагдаж байна” хэмээн өгүүлэв.
Европын холбоо Турктэй хэлэлцээ хийж, хэрвээ Анкара цагаач, дүрвэгчдийн урсгалыг хянах, хязгаарлах арга хэмжээ авч чадвал Туркийн иргэдийг Европын холбооны улсуудад визгүй нэвтрүүлэх журмыг амлаж байгаа нь аймшигтай алдаа хэмээн Ричард Дирлов үзэж, үүнийг бензиний тусламжтайгаар гал унтрааж буйтай зүйрлэжээ. Туркийн тал терроризын эсрэг хуулиндаа өөрчлөлт хийхээс татгалзсан тул Анкара, Европын холбооны хоорондох хэлэлцээ мухардалд ороод байгаа. Африк, Ойрхи Дорнодын орнууд дахь цагаачлал, дүрвэлтийн шалтгааныг арилгахын тулд Европын холбооноос гаргаж буй 1.8 тэрбум евро хэтэрхий бага байна хэмээн Британийн тагнуулын дарга асан үзэж байна. Хойд Африкийн бүх эрэг, бүс нутагтай эрчимтэй хамтран ажиллахгүйгээр цагаачдын их урсгалыг зогсоож, хянаж дөнгөхгүй хэмээн Дирлов үзэж байгаа ч цагаачдад хаалгаа бүрэн хаах нь учир дутагдалтай гэж хэллээ. "Бодит байдал дээр Жеймс Бонд шиг бүхнийг ид шидийн гэмээр шийдэж чадахгүй. Хүмүүсийн тэр их урсгалыг эсэргүүцэн зогсоох боломжгүй. Тэдний гэрээ орхин гарч байгаа учир шалтгааныг арилгаж байж л үүнийг шийдэж чадна” хэмээн онцлов.
Анжелина Жоли ВВС-д ярихдаа, өнөөдөр дэлхий даяар 60 сая цагаач байгаа нь сүүлийн 70 жилд гараагүй их тоо гэжээ. "Дэлхий даяарх энх тайван, аюулгүй байдал аюулд орсныг энэ нь харуулж байна. Өнөөдөр аргагүй байдлаас гэрээ орхин гарч байгаа хүн ойролцоогоор 20 жилийн турш хөдөлгөөнтэй, байр сууриа олоогүй байдалтай байдаг” хэмээн Жоли хэлжээ. Дүрвэгсдийн хамгаалах, эх нутагт нь буцаан суурьшуулах систем ажиллахаа больсон тул цагаачлал, түүнтэй холбоотой хямрал, мөргөлдөөн нэмэгдсээр байх болно хэмээн Холливудын од үзэж байна.
Н.МӨНХЖИН