Гурван тосгон хөрсний нурангид дарагджээ

1001

Гурван тосгон хөрсний нурангид дарагджээ

 

Шри Ланкад гурван өдөр үргэлжилсэн ширүүн аадар борооны улмаас үерийн гамшиг нүүрлэж, тус улсын төв хэсэгт оршдог Кегалле дүүргийн гурван тосгон хөрсний нурангид дарагдсан байна. Кегалле дүүрэг нь Шри Ланкийн нийслэл Коломбо хотоос 72 км зайд оршдог юм. Одоогоор гамшигт үзэгдлийн улмаас ор сураггүй болсон 150 гаруй хүнийг эрж хайх ажиллагаа үргэлжилж байгаа бол 37 хүн амь үрэгдсэн гэдгийг холбогдох албаныхан баталгаажуулаад байна. Амь үрэгдэгсдийн 18 нь Кегалле дүүрэгт болсон хөрсний нурангид дарагдсан байжээ.

Мөн гамшгийн улмаас 350 орчим мянган хүний орон гэр сүйдсэн байна. Шри Ланкын гамшигтай тэмцэх төв ор сураггүй байгаа хүмүүсийг эрж хайх ажлын явцын тухай шинэ мэдээг твиттер хуудсаараа шуурхай дамжуулж байгаа юм. Тус төвийн уламжилснаар амь үрэгдсэн хүмүүсээс гадна 28 хүн гэмтэж шархаджээ. Гамшигт нэрвэгдсэн 3 тосгоны нэг болох Сирипура тосгон 12 метр зузаан хөрс шаварт дарагдсан байна.

Эдгээр тосгонд тус бүр 1000-1500 оршин суугч амьдардаг байсан талаар орон нутгийн хэвлэлүүд уламжиллаа. Зарим бүсийн зам, гүүр хаагдсан учраас аврах ажиллагаанд саад учруулж байна. Мөн нисдэг тэргээр ч хүрэх боломжгүй бүс нутаг байгаа талаар холбогдох албаныхан мэдээллээ. Эдгээр шалтгаанаас үүдэн аврах ажиллагаа удааширч байгаа учраас Шри Ланкын зэвсэгт хүчний албан хаагчдаас эрлийн багт зориулан нэмэлт хүч дайчлахаар шийдвэрлэсэн байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>