Засгийн газар шүүхэд дуудагдах уу

963

Засгийн газар шүүхэд дуудагдах уу

 

Засгийн газраас "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны 30 хувийг иргэдээс худалдаж авах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан. Улмаар хувьцаагаа худалдах хүсэлтээ иргэдийг энэ сарын 13-наас бүртгэж эхэлсэн юм. Бүртгэл эхэлсэн өдөр л гэхэд 185 мянган иргэн хувьцаагаа худалдах буюу 300 мянган төгрөг авахаар бүртгүүлээд байна. Тэгвэл эдийн засагчид Засгийн газарт хувьцаа худалдаж авах мөнгө байхгүй гэдгийг мэдэгдээд байна. Нөгөө талаар үнэт цаасны зах зээлийнхэн ч Засгийн газар хувьцааг арилжааны банкуудаар дамжин худалдаалж хууль зөрчиж байна хэмээн мэдэгдээд байгаа юм.

Учир нь хувьцааны урьдчилгаа болох 30 хувиа улсад зарж 300 мянган төгрөгтэй болох гэсэн иргэдийг арилжааны банкууд энэ даваа гарагаас эхлэн бүртгэж эхэлсэн. Тэгвэл Засгийн газрын энэ шийдвэр тогтоолыг зарим нэгэн нэр дэвшигч буруутгаж, Сонгуулийн тухай хууль зөрчсөн хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргахаар болсон талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Ийнхүү шийдвэр гаргасан өдрөөсөө л шүүмжлэлд өртсөн Засгийн газар шүүхэд дуудагдаж магадгүй болчихоод байна.

Хамгийн түрүүнд ИЗНН-аас УИХ-ын 69 дүгээр тойрогт нэр дэвшиж байгаа С.Батбаатар шүүхэд хандахад бэлэн болсноо дуулгасан байна. Энэ тухайгаа тэрбээр "АН-аас Сонгуулийн тухай хуулийн 70.1.8-ийг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд "хишиг, хувь, хувьцаа, бэлэн мөнгө, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалтыг хориглоно” гэж заасан заалтыг АН-ынхан зөрчсөн. Сонгуулийн жил гарсаны дараа ийм зүйл амлаж хийхийг хатуу хориглодог хуулийн заалттай. Гэтэл сонгуулийн сурталчилгаа эхэлсэн энэ өдрүүдэд ийм байдлаар иргэдийн тархийг угааж, ард түмнийг туйлдуулж байгаа нь хууль бус шийдвэр. Нэг хүнд 300 мянга гэхээр нийт 900 тэрбум төгрөгийг хаанаасаа яаж олох гээд байгаа юм бэ. Төсвийн алдагдал хэдэд хүрсэн байгаа билээ. Тиймээс манай төр ийм хэмжээний ачаалалыг даахгүй. Ард түмний итгэл сэтгэлзүйгээр тоглож байна. Энэ бол зүгээр сонгуулийн хоосон амлалт шоу юм. Цөөн хэдэн хүн хүртээд өнгөрнө. Тиймээс би АН-ыг шүүхэд өгч байгаа юм” хэмээн мэдэгдсэн байна. 

Түүгээр ч зогсохгүй өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргасан нэхэмжлэлээ шүүхэд хүргүүлнэ гэжээ. 
Өнөөдөр Монгол Улсын төсөв 663 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа нь үнэн. Энэ талаар албаныхан ч мэдэгдсэн байдаг. Гэсэн хэдий ч Засгийн газар хувьцаа худалдаж авах ажлыг төсөвт хамааралгүйгээр дотоодын бонд босгож санхүүжүүлнэ хэмээн мэдэгдээд байгаа юм. Гэвч энэ асуудал тийм ч амархан шийдэгдчихгүй бололтой. 


Г.НАРАН
Эх сурвалж http://www.info.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>