Ц.ЭЛБЭГДОРЖ: Одоохондоо ажиглагчийн статус бидэнд хангалттай
-Та уг уулзалтыг хэр үр дүнтэй болсон гэж үзэж байна вэ. Олон улс энэхүү уулзалтад анхаарлаа маш их хандуулж байгаа?
-"Улаанбаатарын уулзалт” гэдэг санаачилгыг дэвшүүлээд, тэгээд уулзалт болбол үнэхээр түүхэн үйл явдал болно гэх эхний сэтгэгдэл байсан. Маш богинохон хугацаанд Хятад улсын дарга, ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал давхцаад, түүгээр дахиж яригдаад, тэгээд манай хоёр хөршийн удирдлагууд олон улсын арга хэмжээний үеэр уулзахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санаачилгыг яах вэ гэдэг талаар дахиад гурван улсын ГХЯ, Ерөнхийлөгчийн аппаратын түвшинд ярилцсан.
Энэ бол байнга л яригдаж байсан асуудал. Яаж, ямар хэлбэрээр хийх вэ. Наад зах нь хэн гэдэг Ерөнхийлөгчөөр эхэлж үг хэлүүлэх вэ, үсгийн дараалал юу байх вэ гэх мэт нарийн ширийн маш олон асуудал яригдсан. Аль Ерөнхийлөгч нь аль талд зогсох вэ гэх зэрэг. Миний хувьд маш өндөр сэтгэгдэлтэй байгаа. Бид энэ боломжийг ашиглах хэрэгтэй. Гурван улсын Төрийн тэргүүн гурвуулаа өмнө нь хэлбэрийн талаас нь ярилцдаг байсан. Одоо бол агуулгын талаасаа илүү сайн дэлгэж ярилцаж шийдвэрлэх талаас нь ярилцахаар болсон.
-Орос, Хятадын зүгээс манай улсыг ШХАБ-ын байгууллагад элсүүлэх удаах саналыг тавих байх. Манайх энэ талаар байр сууриа хэрхэн илэрхийлэх вэ?
-Энэ саналыг Орос, Хятад улсын Төрийн тэргүүн нар тавьж байсан. Өмнө нь ч тавьж байсан юм. Бид "За энэ саналыг маш хүндэтгэлтэй сонсож байна” гэж хэлж байсан. Одоогийн бидний томъёолж байгаа томъёолол бол Монгол Улс их идэвхтэй ажиглагч орон байна. ШХАБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч байна.
Мөн бүс нутгийн томоохон төсөлд Монгол Улс оролцох ёстой. ШХАБ-ын байгууллагын хүрээнд Монгол Улсын оролцоог хэрэгжүүлж байгаа. Дэд бүтцийн шинжтэй бидний сонирхож байгаа дамжин өнгөрөх тээвэр, Монгол Улсад холбогдох боломжтой гэж бид үздэг тэр хөнгөлөлтүүд шийдвэрлэгдэхгүй яваад байгаа. Энэ асуудлаар хөрш хоёр улстай яриад л яваад байна. Тэгэхээр гурван талаас ярилцъя, бүр ШХАБ-ын гишүүн болон ажиглагчийн хүрээнд томоохон дэд бүтцүүдэд оролцъё. Ялангуяа төмөр зам, байгалийн хий дамжуулах хоолой байна.
Мөн эрчим хүч үйлдвэрлэж дамжуулж болох боломж бий. Тэгэхээр энэ боломжуудыг ярилцъя, Европ, Азийн авто замаар холбогдох боломжууд байгаа. Тэр ажил руу оръё. Ийм үр дүнгүүд гарах ёстой гэж би харж байгаа. Түүнээс биш зүгээр нэг оролцоод хэдэн минут үг хэлээд хүмүүстэй гар бариад өнгөрөх биш. Энэ ажлаас илүү бодит үр дүнг хүлээж байна гэж бид хариулж байгаа. Бид идэвхтэй оролцоно. Одоохондоо ажиглагчийн статус нь бидэнд хангалттай юм.
-ШХАБ-д гишүүнээр хүчээр элсүүлээд гэрчилгээ өгнө гэсэн таамаг байна. Энэ хэр бодитой вэ?
-Тийм зүйл байхгүй. Тийм бүдүүлэг арга хэрэглэхгүй байх. Бидэнд шууд гишүүнээр элсүүлсэн үнэмлэх гардуулсан ч бид хүлээж авах уу, үгүй юу гэдгээ өөрийнхөө улсын түвшинд илэрхийлэх боломж байгаа. Бид саналаа маш тодорхой хэлж байгаа. Дамжин өнгөрөх тээвэр, эдийн засагт үр ашигтай зүйл дээр тохиролцсон тохиолдолд орж болох юм гэсэн байр суурьтай байна.
-Тажик орон танд ямар сэтгэгдэл үлдээсэн бол?
-Өнө эртний соёл иргэншлийн түүхтэй Тажик нутагт зочилсондоо туйлын баяртай байна. Өнгөрч буй нэг жилийн хугацаанд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд "Хамтын ажиллагаа, хамтын хөгжил, хамтын цэцэглэл” уриан дор бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг, соёл боловсрол зэрэг бүх талын хамтын ажиллагааг бэхжүүлэх, байгууллагын нэр хүндийг олон улсын тавцанд өсгөхөд нь Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газар, ялангуяа Ерөнхийлөгч Эмомали Рахмон идэвх зүтгэл гарган, жинтэй хувь нэмрээ оруулсныг онцгойлон тэмдэглэх нь зүйтэй.
Монгол Улс Төв Азийн бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох гадаад бодлогын хүрээнд 2004 онд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-д ажиглагчийн статустай анхны орон болсон. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай улс тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын уулзалтад тогтмол, салбарын сайд нарын уулзалт болон бусад арга хэмжээнд өөрийн нөөц, бололцоонд тулгуурлан идэвхтэй оролцож ирсэн. Харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь бүс нутгийн аюулгүй байдлыг хангах хамгийн үр дүнтэй арга билээ. Энэ ч үүднээс сүүлийн жилүүдэд ШХАБ нь үйл ажиллагааныхаа эдийн засгийн чиглэлд илүүтэй ач холбогдол өгч, тодорхой үйл ажиллагааг явуулж байгаад Монгол Улс өндөр ач холбогдол өгч байна.
Бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлийг хангахад өөрийн хувь нэмрийг оруулах зорилгоор эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаанд цаашид түлхүү оролцох сонирхолтой байгаагаа тэмдэглэе.
Эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх энэхүү үйл хэрэгт байгууллагын ажиглагч, түнш орнуудыг татан оролцуулах, энэ чиглэлээр тусгай хөтөлбөр гарган ажиллах нь чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Дахин тэмдэглэхэд нарлаг Тажикийн энэ удаагийн уулзалтад миний хувьд үнэхээр сэтгэл өндөр байна.
-Таны санаачилсан энэ удаагийн уулзалтад хүрэлцэн ирсэн хоёр хөршийн тэргүүнд хандаж та юу хэлэх вэ?
-Монгол Улсын санаачилгаар зохион байгуулж буй энэ удаагийн гурван улсын төрийн тэргүүний уулзалтад хүрэлцэн ирсэн хоёр ерөнхийлөгчид талархал илэрхийлж байна. Энэ завшааныг ашиглан Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа саяхан Монгол Улсад төрийн айлчлал хийсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга эрхэмсэг ноён Си Зиньпин, ажлын айлчлал хийсэн Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Владимир Владимирович Путинд гүн талархал илэрхийлж байна.
Манай хоёр хөрш орны төрийн тэргүүний энэ найм, есдүгээр сард хийсэн айлчлал нь маш ажил хэрэгч, цагаа олсон түүхэн айлчлал болсныг энд дахин цохон тэмдэглэхийг хүсэж байна.
Д.Түвшин