Сонгуулийн хуультай холбоотой цэцийн дунд суудлын хуралдаан зарлагджээ
Иргэн М.Төрбатаас Үндсэн хуулийн цэцэд Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”,мөн зүйлийн 2 дахь хэсгийн "Хүнийг...эрхэлсэн ажил, албан тушаал...нь ялгаварлан гадуурхаж үл болно....” гэснийг тус тус зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргуулах агуулгатай мэдээллийг доорхи үндэслэлээр гаргасан байдаг.
Нэг.Сонгуулийн тухай хуулийн /Орон нутгийн хурлын сонгууль гэх 18 дугаар бүлэг/ 160 дугаар зүйлийн 160.5-д "Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж хууль зөрчсөний улмаас нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсан Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчид хүлээлгэх хариуцлагыг тусгайлан хуульчилжээ.
Сонгуулийн тухай хуульд УИХ-ын болон Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлага, эрх, үүрэг, баталгаа, хориглох үйлдэл, үйл ажиллагаа, захиргааны зөрчлийн хэлбэр зэргийг нийтлэг байдлаар хуульчилсан хэрнээ Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчид хүлээлгэх хариуцлага нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хүлээлгэх хариуцлагаас хэт хатуурхсан, эрх тэгш бусаар ялгаварлан гадуурхах байдлаар хуульчилсан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Хүнийг...эрхэлсэн ажил, албан тушаал...нь ялгаварлан гадуурхаж үл болно....” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.
Хоёр.Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "нэр дэвшигч” гэж энэ хуульд заасан журмын дагуу тухайн сонгуульд нэр дэвшиж бүртгүүлсэн, нэр дэвшигчийн үнэмлэх авсан иргэнийг хэлнэ, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 11.8-д "УИХ-ын болон Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч нь хорин таван нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байна” гэх мэтээр УИХ-ын болон Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн эрх зүйн байдлыг адилхан тодорхойлсон байна.
Харин Сонгуулийн тухай хуулийн нэг ижил заалтыг адил хэлбэрээр зөрчсөн УИХ-ын болон Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдэд хүлээлгэх хариуцлага нь Үндсэн хуульд тунхагласан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг баримтлан зохицуулагдах ёстой атал дээрх сонгуульд нэр дэвшигчдэд хүлээлгэх хариуцлагыг илтэд ялгавартайгаар тогтоосон нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.
Тухайлбал, Сонгуулийн тухай хууль зөрчсөний улмаас нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсан Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч хүний шат, шатны сонгуульд нэр дэвших эрхийг зургаан жилээр хязгаарлах, мөн хугацаанд төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах, урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэх зэргээр улс төрийн болон ажил хөдөлмөр эрхлэх эрхийг нь ноцтойгоор зөрчсөн болон нэг зөрчилд хэд хэдэн шийтгэлийг давхардуулан олгосон хэрнээ Хууль тогтоогчид өөрт хамаарах хариуцлагыг зөвхөн торгуулах, нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдах байдлаар хэт ялгамжтайгаар тогтоосон нь Үндсэн хуулийн хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэснийг ноцтойгоор зөрчсөн гэж дүгнэж байна.
Гурав. Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь заалт нь сонгуульд нэр дэвшигч иргэдийг ямар сонгуульд нэр дэвшиж байгаагаар нь ялгаварлан гадуурхсан, улс төрийн сонгогдох болон ажил хөдөлмөр эрхлэх эрхийг нь олон жилээр хязгаарлах, сонгуулийн зардлыг нөхөн төлүүлэх зэргээр нэг зөрчилд хэд хэдэн шийтгэлийг давхардуулан оноож байгаа нь Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 217/А/III/ тогтоолоор 1946 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон 1966 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2200 А/XXI/ тогтоолоор батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактыг зөрчсөн байна гэж үзжээ.
Иргэн М.Төрбатын дээрх мэдээллээр Цэцийн гишүүн Д.Солонго маргаан хянан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн тогтоол гаргасны дагуу Цэцийн дунд суудлын хуралдаан 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хуралдахаар зарлагджээ.