ХОДООДНЫ ӨЛСГӨЛӨН VS ОЮУНЫ ХООСРОЛ
Гэдэс ходоод хоосон байх амаргүй ээ. Үргэлжийн зовиуртайгаар мэдрэгдэж, нэхэгдэж зовоож байдаг.
Гэтэл үүний яг эсрэгээр илэрч байдаг нэг ӨЛСГӨЛӨН, ХООСРОЛ байна. Энэ бол оюун санааны хоосрол болно.
Ходоод хоосон байхын хэрээр идэш хоол нэхэж зовоодог бол ОЮУН САНАА ХООСОН БАЙХ ХЭРЭЭР ХАРИН Ч ШАЛ ЭСРЭГЭЭРЭЭ, ЮУ Ч НЭХЭЖ ЗОВООХОО БОЛЬЧИХДОГ ХАЧИН ЗҮЙ ТОГТОЛТОЙ.
Оюун тархи улам бүр хоосроод байгаагаа өөрөө огтоос мэддэггүй, анзаардаггүй, болоод байгаа мэт байх авч, улам бүр эрмэлзэл тэмүүлэлгүй алмай алхай болж, үүрмэглэж, мунхарч, зэрлэгшиж, хатингаршиж байдаг байна.
ОЮУН ХООСРОХ ТУСМАА УЛАМ БҮР ХООСРОЛ, ӨЛСГӨЛӨН РҮҮ ТЭМҮҮЛДГЭЭРЭЭ БИЕ ОРГАНИЗМЫН ӨЛСГӨЛӨН ХООСОН БАЙДЛААС ИЛҮҮ АЮУЛТАЙ, АЙМШИГТАЙ ҮЗЭГДЭЛ ЮМ.
Тиймээс л оюуны хоосролыг чимээгүй гэтэж ирдэг хар үхэлтэй адилтган, сүйрэл мөхлийн цондон гэдэг.
Хоол ундгүй удваас хүний бие организм сулран тамирддаг лугаа адилаар хоосорсон оюун тархи ч мөн сулран тамирдаж эхэлнэ. Гэхдээ мэдээж хэрэг эзнээсээ юу ч нэхэхгүй.
Эргэцүүлэн бодох дургүй болж, амьдрал нийгмийн алив үзэгдлийг хамгийн амар хялбараар, үзэгдэж харагдах өнгөн хэлбэрээр нь хүлээн авахыг эрхэмлэж, хатуухан хэлэхэд өнгө илбэнд хууртаж эхэлнэ. Товчхондоо энэхэн заяасан амьдралыг зөвхөн таван мэдрэхүйн хүрээнд хүлээн авах хэмжээнд хүртлээ унаж, өөрөөр хэлбэл адгуусны төрөл рүү хальтарч уруудна. Уг нь чөлөө учрал төгс бүрдсэн хүмүүний гайхамшигт ертөнцөд төрсөн юм шүү дээ.
Ходоодны болон оюуны энэ хоёр хоосрол харилцан бие биедээ нөлөөлж, улмаар битүү гинжин гогцоонд орохдоо их эвсэг байх нь байна.
Ахуй ядуурхаар өнөө маргаашийн өл хоолны төлөө үхэлдэн тэмцсээр оюун санааны хоосролд давхар нэрвэгдэх. Мөн оюун санаа хоосрох хэрээр хүний нийгмийг хүнийх болгож байдаг алив гэрэл гэгээтэй зүйлээс зугтаж дайжиж, улам бүр зэрлэгшсэн, харанхуйлсан, зөвхөн ахуйн дорд хэрэгцээндээ захирагдсан амьдралын ёзоор луу хальтрах нь ихэнхдээ. Яг л гэрлээс зугтан нүхэн хонгилд амьдрах мордокууд шиг... Эрээгүй зэрлэг орхууд шиг... Тэнд ямар нэгэн гоо зүйн таашаал цэнгэл гэж үгүй, ёс зүй, танин мэдэхүй, өрөвдөх хайрлахуй, эвсэх нэгдэхүй гэх мэт хүний ертөнцийн мөн чанарыг илэрхийлж байдаг нарийн нандин бүхэн бүүдгэрч арилна.
Оюун хоосон байх хэрээр хагарал задрал, үзэн ядалт, бухимдал гаарч, ёсзүйгүй, хууль журамгүй байдалд дурлах болдог байна. Бидний өнөөгийн амьдралд ийм зүйлс хэр түгээмэл байдаг билээ дээ гэвээс нэг зүйл эрхбиш бодогдох буй за. Товчхондоо өнөө цагт Монгол үндэстний оюун санааны ертөнцөд хоосорсон орон зай "чамлахааргүй" байна. Тэр хоосорсон орон зай руу элдэв харийн зүйлс гулсан орж ирэх нь их.
Оюуны хоосролын олон шинж илрэлүүд бий. Жишээ баримтаар дэлгэвэл хэдэн дэвтэр цуврал роман болохоор... Агуу Бальзак ч гүйцэж бичиж чадамгүй.
Гоё зангиа зүүгээд, жентельмэн дүр эсгээд, брэнд бариад, найрсагаар нахилзсанаар тэр хоосролыг халхалж, нууж чадахгүй.
Ингэхэд ахуй анхдагч уу, ухамсар анхдагч уу гэсэн гүн ухааны суурь асуудалтай зууралдаад яах вэ? Тэр бол бидний хариу өгөх ёстой асуулт огтоос биш. Чадах ч үгүй.
Гэхдээ юутай ч ахуйн талаа ч, оюуны талаа ч тэнцвэртэй барьж явах нь ямар ч төрийн бодлогын гол гогцоо асуудал юм. Ахуйн талаа хангаснаар оюуныхаа цоорхойг нөхчихнө гэж бодож буй бол том төөрөгдөл. Тэр оюун чинь хоосон байгаагаа огтоос төсөөлөхгүй, мэдэхгүй яваа бол яах юм. Тив дамнан амьдрах хэмжээнд ахуйн асуудлаа зохицуулчихсан атлаа нөгөө тал нь хов хоосон нөхдүүд өчнөөнөөрөө л байна.
Харамсалтай нь манай төр засаг зөвхөн эдийн засаг л ярьдаг, өөрөөр хэлбэл зөвхөн "хоол" л ярьсаар 26 жил болчихлоо доо. Гээд шийдэж чадсангүй мунгинасаар л явах. Харин нэг л юм хоосон оргиод байх... Магадгүй бидний өдий хүртэл мунгинаж яваагийн шалтгаан чухам тэр хоосон оргиод буй зүйлд ч байгаа юм билүү...
Б.Номинчимэд.