Итгэмжлэх жуух өргөн барив
Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Жамбалдорж, Итали Улсын Ерөнхийлөгч Сержио Маттареллад, Итгэмжлэх Жуух Бичгээ өргөн барисан байна. Итгэмжлэх Жуух Бичиг барих ёслол Италийн Ерөнхийлөгчийн албан ёсны өргөө "Куиринале” Ордонд болжээ.
Итали Улсын Ерөнхийлөгч Сержио Маттарелла Итгэмжлэх Жуух Бичгээ барьсных нь дараа Элчин сайд Ц.Жамбалдоржийг хүлээн авч уулзаж, найрсгаар ярилцлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Ц.Жамбалдорж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн мэндчилгээг Италийн Ерөнхийлөгчид уламжлав. Марко Поло Монголд зорчсон 13 дугаар зуунаас эхтэй түүхэн хэлхээ холбоо бүхий Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх ихээхэн боломж байгааг Элчин сайд дурдаад, цаашид бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө идэвхитэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
Итали Улс энэ онд Улаанбаатарт өөрийн ЭСЯ-аа нээсэн нь хоёр орны хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон, улмаар хоёр шинэ Элчин сайд Итали, Монголын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхийлөгч Сержио Маттарелла онцлон тэмдэглээд, Монгол Улсын Ерөнхийлөгчид өөрийн чин сэтгэлийн мэндчилгээг уламжилсан байна. Уулзалтад Италийн Ерөнхийлөгийн Тамгын газрын дарга, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Батлан хамгаалахын зөвлөх, мөн Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны дэд сайд Делла Ведова нар байлцав.