“Исламын улс” Ирак, Сирид хяналтаа алдаж байна

950

“Исламын улс” Ирак, Сирид хяналтаа алдаж байна

 

Сүүлийн хэдэн жилд хүчээ авч Ирак, Сирид үлэмж газар нутгийг хяналтдаа аваад байсан "Исламын улс” бүлгийн хүч, нэр нөлөө суларсаар байна. Лалын босогчид 2015 оны нэгдүгээр сард дайн байлдааны оргил үедээ хүрч Ирак, Сирид хянаж байсан газар нутгийнхаа 28 хувийг алджээ. Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт дүн шинжилгээ, консалтинг хийдэг Лондонд төвтэй IHS хүрээлэнгийн судалгаа үүнийг нотолж байгаа юм. 2016 он гарсаар "Исламын улс”-ын эзэмшиж буй бүс нутаг 78 мянган кв км газар нутгаар багассан нь Шри-Ланкийн газар нутагтай дүйж байгаа аж. Гэвч оны гуравдугаар хагаст лалынхны ухралтын хэмнэл удааширч 2800 кв км газрыг алдаад байна. IHS-ийн шинжээчид үүнд Москваг буруутгаж байгаа юм. Оны эхэнд Оросын нисэх хүчний довтолгооны 26 хувь нь "Исламын улс” бүлгийн хүч, барилга байгууламж руу чиглэж байсан бол зунаас хойш энэ үзүүлэлт 17 хувь болж буурчээ. Оросуудын агаарын довтолгооны ихээхэн хувь нь өөр зорилготой байгаа юм.


"Өнгөрсөн оны есдүгээр сард Оросын цэргийнхэн Сири дахь цэргийн ажиллагааг эхлүүлэхэд Ерөнхийлөгч В.Путин "Оросын зорилго бол "Исламын улс” бүлгийн эсрэг тэмцэх” хэмээн мэдэгдэж байв. Харин IHS хүрээлэнгийн Оросын талаарх мэргэжилтэн Алекс Кокшаров "Бидэнд байгаа мэдээлэл өөр зүйлийг өгүүлж байна. ОХУ-ын гол зорилго нь Башар Асадын Засгийн газрыг дэмжих. Сирийн олон талт мөргөлдөөнийг хоёр талтай болгож, Асад болон радикалуудаас өөр сөргөлдөгч талыг үлдээхгүй байх зорилго тавьсан бололтой. Харин өрнөдийнхэн энэ хоёр талын алийг нь дэмжихээ мэдэхээ больсон” хэмээн ярилаа. Гэсэн хэдий ч "Исламын улс” бүлгийн ухралт, сулралт үргэлжилсээр байгаа аж.

 

Жихадист босогчдын бүлэг сүүлийн гурван сард Сири-Туркийн хилийн дагуух газар нутагт дөнгөж 10 км л давшиж чадсан бол, Иракийн Засгийн газрын цэрэг "Исламын улс” бүлгийн гол түшиц газар болох Мосул хотоос өмнө зүгт 60 км-т орших стратегийн маш чухал Кайярын авиа баазыг эзэлж авсан юм. АНУ-ын дэмжлэгтэй курд, арабын зэвсэгт отрядууд наймдугаар сард Сирийн Манбиж хот болон Туркийн хилээс "Исламын улс”-ын нийслэл гэгддэг Сирийн Ракка хот хүртэлх замыг эргүүлэн хяналтдаа авчээ. "Долдугаар сараас хойш "Исламын улс”-ын алдсан газар нутаг тийм их биш ч гэсэн тэдгээр нь стратегийн чухал ач холбогдолтой газрууд байна. Лалын хэт даврагчид Турк хүрдэг хулгайн замаа хяналтаас алдсанаар гадаадаас шинэ дайчин элсүүлэх боломж нь хаагдсан. Энэ хооронд Иракийн Засгийн газрын хүчнүүд Мосулын бүслэлтээ улам чангалж ойртсоор байна” хэмээн IHS хүрээлэнгийн зэвсэгт мөргөлдөөний мониторингийн мэргэжилтэн Колумб Страк өгүүлэв. Аравдугаар сарын хоёрдугаар хагаст эртнээс хүсэн хүлээсэн, хэд хэдэн удаа хойшлуулсан Мосул хотыг довтлох ажиллагаа эхэлж магадгүй байна. Жихадист босогчдын гол түшиц газар болоод байгаа Иракийн хоёр дахь том хот Мосул нь 2014 оноос хойш "Исламын улс”-ын мэдэлд орсон юм. Тус хотыг эргүүлэн авч чадвал хэт даврагчид хүнд цохилт амсах нь гарцаагүй. Багдадын эрх баригчид Мосулыг "Исламын улс” террорист бүлгийн сүүлчийн цайз бэхлэлт гэж үздэг бөгөөд тус хотыг эзэлснээр жихадист босогчдын Ирак дахь төгсгөл ирнэ гэдэгт итгэлтэй байна.


Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Н.МӨНХЖИН 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>