Монголын нутгаас адууны мумми олдлоо

670

Монголын нутгаас адууны мумми олдлоо

 

Эрс тэс уур амьсгал, уулархаг хэрнээ тал хээрийн бүс ихтэй Монгол Улсын нутгаас маш сайн хадгалагдсан морины мумми олдсон тухай "National Geograpchic” сэтгүүл мэдээллээ. Нүүдлийн соёл иргэншилтэй Ази тивийн Монгол оронд морины аж ахуй эрхлэлт бүх түүхийн хугацаанд нэн чухалд тооцогдож байсан юм.

Монголын үндэсний музейн хэсэг судлаачдаас бүрдсэн хайгуулын баг 2015 оны эхээр Ховд аймгийн Мянгад орчимд малтлагын ажлаа эхлүүлж байжээ. Энэ бүс нутаг нь Монголын баруун нутагт хамаарах ба түүхийн шинэ шинэ олдворуудын баялаг өлгий нутаг гэхэд болно.

Мөнх цаст уулс, цэвдэг хүйтэн хөрс, чийгшил бага хэрнээ гэрэл хүрдэг олон зуун агуй нь эрс тэс цаг уурын нөлөөнд ч түүхийн ховор олдворуудыг өчигдөр мэт хадгалж ирсэн байна.  Өнгөрсөн онд судлаач, хайгуулчдын эхлүүлсэн малтлагын ажил үр дүнд хүрч, занданшуулан хадгалсан морины бие цогцос Ховдын Мянгад орчмоос олджээ.

Уг морийг тун чамбай боож, арьс ширээр давхарлан ороож, хажууд нь эврээр зорж хийсэн нум сум, морины бүхий л эд хэрэглэл хамтдаа байжээ. Дайнд бэлтгэсэн уг хүлэг морины тоног хэрэгсэл нь 6-8-р зуунд хамаарч байгааг судлаачид олж мэджээ. Тодруулбал, Алтайн баруун хязгаар, Хянганы нуруу, одоогийн Ховдийн төв болон баруун нутгаар аж төрж байсан эртний Түрэг үндэстний цэргийн морь, эд хэрэгсэл энэ агуйд мөнх хадгалагджээ.

Түрэг династи 6-8-р зуунд Монголын ихэнх нутгаар нүүдэллэн аж төрж байгаад улмаар Афганистан, Туркменистаны нутаг руу буюу баруун тийш нүүдэллэн оджээ. Гэхдээ түргүүдийн үлдээсэн ул мөр бүр сүлд 10-11-р зуунд ч Монголын нутгаар маш ихээр олддог бөгөөд шинжлэх ухааны нарийн судалгаа шаардлагатай гэж малтлагын багийнхан мэдээлжээ.

Мянгадын орчмын агуйгаас олдсон тоноглогдсон морины муммины тухай археологчдын багийн ахлагч, судлаач Ж.Баярсайхан "Энэ агуйд морийг эзэнтэй нь хамт оршуулсан байна. Гэхдээ цаг хугацааны эрхэнд морины бие цогцос хамгийн сайн хадгалагдаж үлджээ” гэжээ.

Т.Бат

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>