ДЭМБ-ийн Номхон далайн баруун бүсийн хорооны 67 дугаар чуулган эхэллээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 67 дугаар чуулган энэ сарын 10-ны өдөр Манила хотноо эхэллээ.
Чуулганд тус бүсийн 37 улс орны төлөөлөгчид, түүнчлэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, Монгол улсаас Эрүүл мэндийн сайд А. Цогцэцэг тэргүүтэй төлөөлөгчид тус тус оролцож байна. Энэ үеэр бүсийн захирал Др. Шин Ян-су өнгөрсөн нэг жилийн хугацаанд бүсийн хорооноос хийж гүйцэтгэсэн ажлын талаарх үндсэн илтгэлийг тавьлаа. Бүсийн захирлын илтгэл 2015 оны 7 дугаар сарын 1-нээс 2016 оны 6 дугаар 30-ны хоорондох хугацааг хамарч байгаа ба дээрх хугацаанд Бүсийн хорооноос Тогтвортой хөгжлийн зорилтууд, орчны эруул мэнд, сэргэж байгаа халварт өвчлөлүүд болон нийгмийн эрүүл мэндийн онц ноцтой байдлын хяналт зэрэг асуудлаар бүсийн хэмжээний үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах ажлыг гишүүн улсуудтай нягт зөвлөлдөх замаар хийж гүйцэтгэсэн тухайгаа дурьдлаа. Мөн дархлаажуулалтын өргөтгөсөн хөтөлбөр, халуун орны өвчлөлүүд, хумхаа, ХДХВ/ДОХ, зайлшгүй шаардлагатай эм, нянгийн тэсвэржилт, нярайн эрт үеийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж зэрэг техникийн хөтөлбөрүүдийн явцын тайланг бэлтгэн гаргасан байна.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай бүсийн улс орнууд халдварт болон халдварт бус өвчний хяналт зэрэгт тодорхой ахиц дэвшил гарган ажилласан талаар Бүсийн захирал доктор Шин Ян Су тайландаа сайшаан тэмдэглэв. Ялангуяа халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн нэг болох тамхины хяналтыг чангатгах чиглэлээр Австрали улсын авч хэрэгжүүлж байгаа шийдэмгий арга хэмжээнүүд нь бүсийн улс орнуудад төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд үлгэр дуурайлал болохуйц байгааг цохон тэмдэглэлээ. Тэрбээр Австрали болон Монгол Улс гепатит С-гийн эмчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр онцгой амжилт гаргаж ажилласныг талархан тэмдэглэв. Тухайлбал, Австрали улс энэ оны гуравдугаар сараас эхлэн нийт 26000 гаруй хүнийг С вирусийн эсрэг эмчилгээнд амжилттай хамруулсан бол Монгол Улс 2015 оны 11 дүгээр сараас хойш нийт 6000 гаруй хүнийг эмчилгээнд хамруулаад зогсохгүй эмийн үнийг бууруулах чиглэлээр шинэ санаачлагуудыг нэвтрүүлэн ажиллаж байгаа нь бусад улсад үлгэр болохуйц сайн жишээ юм хэмээн сайшаалаа. Манай бүсийн улсуудад ололт, амжилт багагуй байгаагийн зэрэгцээ олон сорилтууд ч байсаар байгааг онцлов. Тухайлбал, эрүүл мэндийн даатгал, санхүүжилт, тусламж үйлчилгээний чанар, хамралтыг нэмэгдүүлэх зэрэгт улам онцгой анхаарал хандуулж, илүү хүчин чармайлт гарган ажиллах шаардлагатай гэлээ.
Чуулганы үйл ажиллагаа энэ сарын 14-нийг дуустал үргэлжлэх ба бүсийн хорооны 2014, 2015 оны санхүүгийн гүйцэтгэлийн тайлан, 2018, 2019 оны төсвийн төсөөлөлийг авч хэлэлцэхээс гадна шинээр дээр дурьдсан хэд хэдэн стратеги төлөвлөгөөг шинэчлэн батлах юм.
Эх сурвалж: ЭМЯ