“Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэх болсоны учир

1074

“Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэх болсоны учир

 

Энэ өдөр Их эзэн Чингис хааны мэндэлсэний 854 жилийн ой тохиож байна.

 

Монголчууд жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг "Монгол бахархал”-ын өдөр болгон тэмдэглээд тав дахь жилийнхээ нүүрийг үзэж буй.

 

Монголчуудын бахархал болсон их түүхт Эзэн хааны  мэндэлсэн өдрийн талаарх түүхийг  24 баримтаар дэлгэж байна.

 

1. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд энэ өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заасан юм.

 

2. Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн ойг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмээн тогтоож, ёслон тэмдэглэж байхаар  болсон ажээ.

 

3. Эртний найман эх сурвалжийн тавд Чингис хааны төрсөн өдрийг өвлийн эхэн сарын шинийн нэгэн, хоёр эх сурвалжийн тавд зуны тэргэл сарын улаан тэргэл өдөр буюу 16 гэж бичсэн байдаг.

 

4. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чингис хаан - Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож ёсчлох тухай 2012 оны нэгдүгээр сарын 9-ний 04 тоот  зарлигаа гаргажээ.

 

5. Академич Ш.Бира, Д.Цэрэнсодном, доктор С.Чулуун, Д.Базаргүр нарын есөн эрдэмтэн, Чингис хаан Тэмүүжин билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд төрсөн хэмээн тогтоожээ.

 

6. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2012 онд эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой тохиосон. Үүнтэй холбогдуулан "Монгол бахархлын өдөр”-ийг уламжлал болгон бүх нийтээр тэмдэглэхээр болжээ.

 

7. Чингис хаан Тангудыг эзлэсний дараа  1227 онд Алтан улсын хилийн ойролцоох Лю Пан уулнаа мөнхөржээ. Түүний оршуулагдсан газар нь одоо хүртэл илрээгүй байна.

 

8. Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар хатан Өэлүн эхээс төрсөн. Монголын нууц товчоонд түүнийг төрөхдөө шагайн чинээ нөж атгаж төрсөн гэж бичсэн байдаг.

 

9. 1990-ээд оноос хойш Монголын нийгэмд өөрчлөлт орж Чингис хааны шарилыг эрэх эрэлийг эхлүүлжээ. 1990-ээд оноос хойш Япон, Америкчууд Монголчуудтай хамтран эрсэн боловч ямар ч vр дvнд хvрээгvй байна.

 

10. Юань улсын сударт Эзэн хааныг морин жилд төрсөн гэж тодорхой тэмдэглэснийг үзэхэд 1162 гэдэг он хамгийн бодитойд тооцогддог байна. Үүнээс хойш  эрдэмтэн судлаачид Чингис хааны мэндэлсэн өдрийн тухай маргаан дэгдээхээ больсон аж.

 

11. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж " Их хааны мэндэлсэн өдрийг "Монгол бахархлын өдөр” гэж нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байсугай” хэмээн зарлигджээ.

 

12. Монголын нууц товчоонд Тэмүжиний төрсөн он цагийг үл дурдсан байдаг . Гэвч судлаачид бусад сурвалж бичгийн мэдээг үндэслэн төрсөн өдрийг нь тогтоосон байна.

 

13. Их эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан Монгол улс даяар олон нийтийн амралтын өдөр болгон зарласан байдаг.

 

14. Монголын анхны "Чингис хаан" лааны тосон музейг Их эзэн Чингис хааны мэндэлсний 854-н жилийн ойг тохиолдуулан бүтээжээ.

 

15. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн нь билгийн тоолол учир аргын тоололтой нийцүүлэн тэмдэглэхэд жил бүр өөр өдөр тохиодог. Энэ жилийн хувьд тус өдөр 10 дугаар сарын 31-ний өдөр тохиож буй юм.

 

16. АНУ-ын "Вашингтон Пост” сонин 1996 онд Чингис хааныг "Хоёрдугаар мянганы түүхэн хүн” хэмээн зарлажээ.  

 

17.  2005 оны 11 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлэх талаар тусгай тогтоол гаргасан байна.

 

18. НҮБ-ын тогтоолын дагуу ХБНГУ, Австри, Унгар зэрэг олон оронд "Чингис хаан ба эзэнт гүрэн” сэдэвт үзэсгэлэн, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэргээр өргөн дэлгэр тэмдэглэдэг аж.

 

19. Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг 2012 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрөөс эхлэн тэмдэглэж иржээ.

 

 20. Өнгөрсөн жил буюу 2015 онд Чингис хааны мэндэлсэн өдөр өвлийн тэргүүн сарын шинийн 1-н арваннэгдүгээр сарын 12-н, Пүрэв гарагт тохиожээ.

 

 21. Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэдэг болсоноос хойш арваннэгдүгээр сарын 26-н  буюу Тусгаар тогтнолын өдөр бүх нийтээр амардаг байсныг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээд болиулсан юм.

 

 22. Эзэн Чингис хаан 11-р сарын 14-нд төрсөн болохыг судлааачид тогтоосон. Үүнийг хожим нь УИХ-ын гишүүд үгүйсгэсэн байдаг.

 

 23. Персийн түүхч Рашид ад Дин "Судрын чуулган”-даа тэмдэглэснийг үндэслэн Оросын түүхч, академич Б.Я.Владимирцов "Чингис хаан”, В.В.Бартольд "Монголын түрэмгийллийн доорх Туркестан” зэрэг зохиолдоо Чингис хааныг хөхөгчин гахай жил буюу 1155 онд мэндэлсэн гэж үзжээ.

 

  24. Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан Монгол бөхийн өргөөнд    аймгийн алдар цолтой чансаа өндөр шилдэг 128 бөх барилдах юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>