Налайхын уурхайд гурван хүн дарагджээ
Өнгөрсөн даваа гариг буюу энэ сарын 7-ны өдөр Налайхын уурхайд осол гарч нүүрс олборлож байсан иргэд дарагджээ.
Ослын дуудлага даваа гаригийн өглөө 09:43 минутад Уул уурхайн аврах ангид ирсэн байна. Дуудлагын дагуу очиход Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар уклоны газар хувиараа нүүрс олборлож байсан иргэн Э-гийн уурхайн амны тунель тасарч, гурван хүн дарагдсан байжээ.
Нурангид дарагдсан 38 настай эрэгтэй Э, 37 настай эрэгтэй Б, 32 настай эрэгтэй Б нарыг эсэн мэнд авран эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж чаджээ.
Аврах тусгай салбарын дарга, ахлах дэслэгч Н.Бямбасүрэнгээр удирдуулсан дэслэгч Г.Цэрэндэндэв даргатай нэгдүгээр бүлэг, дэслэгч Д.Баяржаргал даргатай дөрөвдүгээр бүлгийн 20 гаруй аврагч шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Аврагчид уурхайн нурлыг сэтэлж трубагаар агааржуулалт хийн бэхэлгээ тавьж, 15 шоо метр нурсан шороог 20 метрийн гүнээс дээш ковшоор зөөвөрлөснөөр нурангид дарагдсан 38 настай эрэгтэй Э, 37 настай эрэгтэй Б, 32 настай эрэгтэй Б нарыг эсэн мэнд авран эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж чаджээ.