Трамп ”Мэргэжлийн” багаа бүрдүүлж эхэллээ

590

Трамп ”Мэргэжлийн” багаа бүрдүүлж эхэллээ

 

Трамп тун удахгүй Ерөнхийлөгчөөр томилогдох билээ. Түүнтэй хамтран ажиллах  эрхмүүдийн нэрс эхнээсээ тодорч эхэллээ. Энэ талаар "www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр тэрбумтан Дональд Трамп сонгогдсон билээ. Тэрбээр ирэх оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Цагаан ордны тэргүүнээр албан ёсоор сонгогдох юм. Сонгуулийн дүнтэй санал нэгдэхгүй байгаа олон мянган иргэд томоохон хотуудад жагсч байгаа ч Трамп энэ бүхэнд тийм ч их ач холбогдол өгөхгүй  байгаа талаар "CNN” агентлаг мэдээллээ.

 

Трамп ялалтаа баталгаажуулан өнгөрсөн баасан гаригт Цагаан ордонд гэр бүлийнхээ хамтаар зочилж, Ерөнхийлөгч Барак Обаматай цаг үеийн асуудлаар ярилцсан юм. Трамп "Миний ялалтад хэн ч саад учруулж чадахгүй. Би сонгуулийн өмнө ярьж байсан бүх зүйлээ биелүүлэх болно” гэж хэлжээ.  Тэгвэл Трамп Америкийг өөрчлөх мөрөөдлийн багаа бүрдүүлж эхэлсэн нь олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж байна.  Трамп амласан ёсоороо найман жил сөрөг хүчнээр ажилласан Бүгд Найрамдах намын лидерүүдийг өндөр албан тушаалд томиллоо.

 

Жишээлбэл 2009 оноос Бүгд Найрамдах намыг тэргүүлсэн Рэйнс Приебус ирэх оноос Цагаан ордны албан хаагчдын даргаар томилогдохоор болжээ. Рэйнс, Трампийг намаа төлөөлөн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хэрэгтэй хэмээн намын нөхдөө хүртэл уриалан дуудаж байсан юм. Тэрбээр ийнхүү Трампийн гол хамтрагч, зөвлөгч боллоо.   "Ерөнхийлөгчийн ахлах стратегич” гэх хүндтэй албанд "Консерватив Бриэтбарт” мэдээллийн агентлагийн гүйцэтгэх захирал Стефан Баннон томилогджээ.  Тэрбээр Трампийн сонгуулийн кампанит ажилд туслалцаа үзүүлэхийн тулд ажлаасаа тодорхойгүй хугацаагаар чөлөө аваад байсан аж.  Эдгээр хоёр албанд Рэйнс, Стефан нар томилогдсон болохыг Трамп өөрөө баталж "Тэдэнтэй хамтран ажиллахдаа таатай байна. Тэд туршлагатай бас хичээнгүй” гэж хэлжээ.  Трампийн гол хамтрагч, баруун гар болох Төрийн нарийн бичгийн даргын суудлын төлөө хоёр эрхэм яригдаж эхэллээ.

 

Эхнийх нь Төлөөлөгчдийн танхимын дарга Ньют Гингрич, хоёр дахь нь Афганистан дахь АНУ-ын цэргийн ажиллагаа хариуцсан командлагч Стэнли Маккристалл нар яригдаж эхэлсэн аж. Энэ сарын эцэс гэхэд Төрийн нарийн бичгийн даргаар хэн томилогдох нь тодорхой болно. Уг албанд цэргийн хүнийг дэвшүүлсэн шалтгаанаа Трамп "Бид ялалт байгуулахын тулд маш сайн төлөвлөгөө гаргадаг хүн хэрэгтэй” гэж хэлжээ. Олны анхаарлыг татаад буй албан тушаалын нэг бол Төв банкны Ерөнхийлөгч. Энэхүү албанд мөн хоёр эрхмийн нэр дурдагдаж байна. "Голдман Сакс” компанийн гүйцэтгэх захирал Стивен Мнучин. Тэрбээр Трампийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхад бүх санхүүг хариуцан ажилласан байна.  Харин хоёр дахь эрхэм бол Миннесота мужийн амбан захирагч асан Тим Павленти юм. Тим, Трамп хоёр найрсаг харилцаатай билээ.  Батлан хамгаалах салбарыг тэргүүлэх магадлалтай хүнээр 43 дахь Ерөнхийлөгч Жорж Бушийн үед Үндэсний аюулгүй байдлын агентлагт ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Стефен Хадли нэрлэгдэж байна. Хадлигийн талаар Трамп "Туршлага, туршлага” гэж тодорхойлжээ.

 

АНУ-ын Төрийн чухал гэгдэх албан тушаалуудад энэ эрхмүүдийн нэр яригдаж байна. Ирэх арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Трамп зарим албан тушаалдаа ямар эрхмүүдийг томилсон тухайгаа олон нийтэд танилцуулах билээ.

 

Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад хамгийн эхэнд "CBS” сувгийн "60 минут” нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгсөн юм. Хөтлөгч "Та болон таны баг энэ улсыг хөгжүүлж чадах уу?” гэж асуухад Трамп "Мэдээж хэрэг. Энэ багт зөвхөн мэргэжлийн хүн багтах болно. Цэргийн алба хаасан хүн л Батлан хамгаалахыг хариуцах болно. Би салбар бүрт мэргэжлийн хүнийг томилох болно. Тэд ажлаа мэддэг учир надад дарамт учруулахгүй. Би тэдэнд 100  хувь итгэх болно” гэж хэлжээ. "Таны ялалтыг олон нийт хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэх хөтлөгчийн асуултад тэрбээр "Би ялалт байгуулсаныхаа төлөө та бүхнээс уучлалт гуйхгүй. Миний төлөө саналаа өгсөн эрхмүүдийн төлөө жагсаалаа зогсоо” гэж хариулсан байна. Ардчилсан намаас нэр дэвшсэн Хилари Клинтоны талаар Трамп  "Их сайн өрсөлдөгч” гэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>