Далай ламын “ховор” сургаал

779

Далай ламын “ховор” сургаал

 

"БНХАУ, Монгол Улс хоёр талын хамтын ажиллагааг дэмжин ажиллахыг сануулан, амласандаа байхыг Монгол Улсын талд албан ёсоор  уриалж байна. Далай ламыг бүү эх орондоо оруул. Далай ламын манай улсаас салан тусгаарлах үйл хэргийг битгий дэмж” ... БНХАУ-ын  Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан ийм мэдэгдэл гаргасан талаар зарим хэвлэлүүд мэдээлсэн. Аль ч тусгаар улсын яамнаас өөрийн улсын байр сууринд харш, сөрөг буруу гэж үзсэн үйл явдалд гаргаж байдаг л мэдэгдэл. Манай улсын хувьд Хятадын дотоод асуудлыг хүндэтгэж Төвдийн асуудлаар янз бүрийн байдлаар салан тогтнохыг нь дэмжсэн  үйл ажиллагаа, бодлого явуулахгүй гэж амласан байж таарна.  Хамтын ажиллагааны зарим гэрээн дээр энэ талаар үүрэг хүлээсэн биз. Гэхдээ Далай ламыг эх орондоо оруулахгүй гэсэн амлалт авах дээрээ арай ч тулчихаагүй байх гэж найдна.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

 

Геополитик, улс тер талаа орхиод харвал Далай ламын айлчлал ердийн ба түүний ховор номын сургаал философи талаас нь бидэнд сонсууштай сайхан байх нь зүйн хэрэг.

 

Улс төртэй хавсарсан эдийн засаг, нийгмийн хямрал хүмүүсийн үл үзэгдэх хүчин зүйлд итгэх хандлагыг нэмэгдүүлж байдаг. Үүнийг нь овжин ашиглаж мөнгө хийдэг хойд, урд дүрүүд, лам бөө нар олон болсон. Үүний ард гэгээрэхүй, энэрэхүйн үзэл санаа тээсэн оюун санааны их өв "шашин мунхруулагч”  хуучны пайзаа зүүж, адлан зүхэх туйлшрал харагдаж байгаа.

 

 ”Оюуны санааны мунхрал, атаа жөтөө дийлдэхээ байсан энэ цаг дор буддын шашны дэлхийн гол төлөөлөгч Монголд ирж ном айлдлаа. Сэтгэлийн дотоод чанар бол хүний мөн чанар гэж сургадаг Далай ламын сургаал ном айлдвар нь эгээрэл энэрлээ алдаж буй олны минь тархи, зүрхэнд зурвас гэрэл гэгээ оруулсан байх нь дамжиггүй.   

 

Харин X Богдыг Монголоос тодруулах тухай асуудлыг бол цаашид шашин номын талаа барьдаг талынхан мэдэж ярьсан нь зөв болох байх. Үүнд мэдээж Монголын төр оролцохгүй. Далай ламын дараагийн дүр Монголоос тодроход геополитикийн үр дагавар байхыг үгүйсгэх боломжгүй. Монгол Улсад шашин, төрийн бодлого салаад удсан тул үүнд манай төр хориглох ба дэмжих аль ч талаар оролцохгүй.

 

Гэхдээ миний мэдэхээр Далай ламын айлчлалыг Монголын шашин номын талынхнаас эсэргүүцсэн анхны гэх мэдэгдэл бид саяхан уншлаа. Мэдэгдэл хийгчдийн байр суурьт хүндэтгэлтэй хандаж байгаа ч айлчлалын хөтөлбөртэй, зар товтой ирж буй хүндэт зочныг  ... нууц далдаар, яаран сандран авчрах нь юуных вэ " гэж хардаад байгааг нь бол үнэндээ гайхаж л байлаа. Энэ бол шашин шүтлэгийг хэн нэгний эрх ашгийн талд сөрөг мэдээллээр биежүүлж , иргэдээ талцаанд дуудах тун муу дохионы эхлэл гэж дүгнэмээр.

 

Энэ мэдэгдлийг дагаад олон нийтийн дунд, сошиал шуугианд уламжлалт туйлшрал харагдаад л байна. Далай лам Монголын төлөө юу хийсэн юм бэ гэж асуусан хүн ч байна. Үүнд хариулахын өмнө Далай ламд дэлхийн нэр хүндтэй шагнал Нобелийн энх тайвны шагналыг  юуны төлөө өгсөн юм бэ гэсэн асуултыг тавьж болохоор . Төвдийн эрх чөлөөний төлөө тэмцэгч гэж түүнд энэ цолыг өгөөгүй гэж хувьдаа боддог. Хүн төрөлхтний оюун санааг соён гэгээрүүлэх, энэрэн нигүүлсэх энхтайванч философийг суулгахын төлөө дэлхийн хэмжээнд зүтгэсэн гэж үзээд шагнал өгсөн.

 

Яг энэ үүднээсээ Далай лам Монголд ирээд ном сургаалиа айлдаад буцах нь бидний оюун санааны  мунхарлын цан хөөг жоохон ч гэсэн үлээсэн сургаал номын баяр болоод өнгөрч буй л хэрэг. Үүнд Төвдийн угширсан асуудлаас үүдэн Хятад хөршүүд дургүйлхэж болох ч монголчууд бид хамт салхилан хурцатгах хэрэггүй.

 

Аливааг хурцатгах бүртээ бид хуваагдал талцаантай үлддэг. Түүхээ ч хүртэл мушгин хэмлэж, язгуур элгэнээ зүхэх дээрээ тулдаг. "Шарын  шашин” гэж хар үгээр хэлдэг Буддын шашны гүн ухаан мөн чанарыг энгийнүүр хэлж, энерги болгон тархинд хийж чаддаг Далай ламын айлчлал дэлхийн аль ч улсад жил болгон болоод байдаггүй.  Бид энэ айлчлалд зүгээр л хүндэтгэлтэй хандах ёстой.

 

...  Одоо бол та бүхэнд мэндчлэхийн дашрамд хэлэхэд "Дэлхийн улс орны хөгжил үнэхээр дээшилж байгаа нь нүдэнд илт харагдаж байна. Тэдгээр улсын иргэдтэй уулзахад сэтгэлийн бэрхшээл, зовлон их харагдаж байна.” Би байнга үүнийг хэлдэг. "Ахуйн хэрэглээ хөгжиж байгаа нь биеийн амар амгаланг бүтээж байгаа хэдий боловч сэтгэлийн амар амгаланг бүтээж чадахгүй юм. Тийм учраас сэтгэлийн амар амгаланг олоход ном буяныг үйлдэж, хойд насандаа амар амгалан байхыг хүсэх, эс хүсэх ч бай энэ насны сэтгэлийн амар амгалан маш чухал юм. Одоогийн шинжлэх ухааны эрдэмтэд ч сэтгэлийн амар амгаланг чухалчилж байна .. гэж Далай лам монголчуудад хандсан үгэндээ хэлсэн.

 

Нийгэмдээ дэс дараатай зан суртахууны боловсрол- / энэрэнхүй нийгүүлсэхүй, даруу төлөв, мэргэн ухаантай зэрэг /-ыг олгох талаар энэ цагт бид бодит зүйл юу ч  хийж чадахгүй  байгаа. Далай лам хааяа зочилж бидний амархан олох жаргал, түүнээсээ төөрөлдсөн замын бартааг сануулдаг. Геополитик, улс төр хоёроо алгасаж харж чадвал шүү дээ. Энэ бол мэдээж миний хувийн бодол. Үүний ард бодох дүгнэх эрх уншигч бүрт бий.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>