Та хашир “фэйсбүүк”-чин, саваагүй “хэсүүлчин” хоёрын аль нь вэ?

892

 

Надад хоёр найз бий. Мэдээж, хоёулаа фэйсбүүк буюу нүүр номтой. Тэднийг би Ц, Ф гэж нэрлэе. Ц найз маань аливаад болгоомжтой ханддаг, хашир нэгэн тул танихгүй хүнийг нүүр номдоо найзаар бүртгэхгүй, 21 хоногт нэг удаа фэйсбүүкийн нууц үгээ сольдог, олон нийтийн сүлжээгээр дүүрэн "тэнүүчилж” байдаг элдэв сонжоо, "зугаатай, хөгжилтэй” аппликейшныг тоож ч хардаггүй юм. 

 

Харин Ф бол Ц-ын эсрэг хувилбар гэж хэлж болно. Ф нүүр номдоо хэдэн мянгаар тоологдох маш олон найзтай, гадаад, дотоод хүмүүстэй харилцдаг. Нэг удаа англи хэлээ сайжруулахын тулд гадаад хүнтэй фэйсбүүкийн чатаар харилцаж байгаа тухайгаа ярьж байсныг нь санаж байна. Бас нүүр номоор нэг "хэсүүчилдэг” "Та энд лайк дарснаар энэ апп-ыг ашиглах боломжтой”, "Таалагдлаа товлуурыг дараад бидэнтэй нэгдээрэй”, "...сонирхолтой мэдээллийн үргэлжлэлийг энд дарж уншаарай” гэж бичсэн мэдээллүүдийг цаг алдалгүй авч, зааврын дагуу хэрэгжүүлэн, өөрийгөө сонжиж, нүүр номоор зугаалж цагийг зугаатай өнгөрүүлдэг юм. 

 

Хөөрхий, Ф найз минь хортой програмын тухай мэдэхгүй. Ц-ын анхааруулгыг тоолгүй сэжигтэй файл татасны улмаас компьютерийг нь вирус /хортой програм/ гэмтээж, фэйсбүүкийн нууц үгээ алдаад зогсохгүй компьютер дэх хэд хэдэн хэрэгтэй файлууд нь устгагдсан. Гэвч Ф хашраагүй, өмнөх үйлдлүүдээ давтсаар л яваа. Харин Ц түүнд болгоомжтой байхыг, фэйсбүүкээ гар утас болон компьютер дээрээ байнга нээлттэй орхих хэрэггүйг, янз бүрийн хүмүүстэй фэйсбүүкийн чатаар харилцаж болохгүйг, гэрийн хаяг, утасны дугаараа нүүр номдоо оруулах байхыг сануулсаар, анхааруулсаар л. 

 

Магадгүй, танд Ц, Ф хоёр шиг найз байдаг байх. Магад та Ц эсвэл Ф ч байж болох юм. Интернэт хэмээх зах хязгааргүй ертөнцөөс хүн сайн, муу, сайхан бас муухай, хэрэгтэй, шал дэмий гээд ямар ч мэдээллийг олж авах, мэдэх боломжтойг бид юу эс андах. Хүссэн хүн бүр орон зай, цаг хугацааг үл хамааран гар утас, таблет, компьютер зэрэг дуртай хэрэгслээ ашиглан холбоо харилцаа тогтоож байна. Сайны хажуугаар саар гэгчээр энэ дөмөг цаг үед цахим орчны сөрөг нөлөө, таагүй мэдээлэл ихсэх боллоо. Насанд хүрээгүй хүмүүс ялангуяа дунд сургуулийн сурагчид олон нийтийн сүлжээнд нэгдэж эцэг, эх, асран хамгаалагчийн анхаарлаас ангид болохгүй, болчимгүй зүйлс хийж байгаа нь шүүмжлэлтэй юм. 

 

Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст цахим гэмт хэргийн тухай дуудлага, мэдээлэл ирэх нь нэмэгдсэн. Энэ төрлийн гэмт хэрэг фэйсбүүк болон олон нийтийн сүлжээгээр дамжин үйлдэгдэх нь түгээмэл байна. Цагдаагийн байгууллагад ирсэн иргэдийн гомдлын дагуу шалгалтын ажлуудыг явуулж байна гэж албаны эх сурвалж өгүүлсэн. 

 

Цахим орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэргээс сэргийлэх бяцхан зөвлөмж хүргэе. Интернэтэд холбогдсон компьютер ашиглаж байгаа үед анхаарах ёстой хамгийн эхний зүйл бол вирус буюу хортой програмаас хамгаалах тусгай програм. Вирусын эсрэг програмын "зөвшөөрөхгүй” байгаа сэжигтэй сайт руу хандах, сэжигтэй файлыг татахгүй байх хэрэгтэй. Интернэтэд нэвтрэх нэр, нууц үгээ хэнд ч хэлсний хэрэггүй. Яг л гэрийнхээ түлхүүр шиг хямагд. 

 

Дараагийн аюул бол цахим луйварчид буюу интернэтээр дамжин үйлдэгдэж байгаа хулгай, бусад хэрэг. Үүнээс өөрийгөө хамгаалах арга тун энгийн. Танихгүй хүнд гэрийн хаяг, утасны дугаараа бүү өг, эдгээр мэдээллийг интернэтэд байршуулах бүр ч хэрэггүй. Ф найз шиг фэйсбүүктээ бүх мэдээллээ нийтэлж болохгүй гэсэн үг. Зургаа бүү явуул. Гэмт этгээдүүд энэ мэдээллийг чиний болон ойр дотны хүмүүсийн чинь эсрэг ашиглаж болно. 

 

Интернэтээр дамжуулан ямар нэгэн уралдаан, тэмцээнд бүртгүүлэхэд хувийн мэдээллийг чинь шаардаж байгаа бол эцэг, эх, асран хамгаалагчтайгаа заавал зөвлөлд. Интернэтээр танилцсан, нүүр номын зургаас өөрөөр дүрийг нь хараагүй хэн нэгний гэрт хэзээ ч бүү оч. 

 

Гуравдугаарт цахим орчин дахь танхай этгээдээс болгоомжил. Чамайг ямар ч буруу зүйл хийгээгүй байхад доромжлогч, үзэн ядагчид гэнэт гарч ирэн доромжилно. Энэ үед өөрийн буруугүй гэдгийг санаж, зүгээр л дуугүй өнгөрөө. Түүнтэй бүү харилц. Тэгээд Ц найз шиг бай. Таныг болзошгүй гэмт хэргийн золиос болохоос өөрийн чинь анхаарал, болгоомж, хашир зан хамгаална.


ЗУУНЫ МЭДЭЭ


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>