УИХ дахь ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэрийг 500 тэрбумын өрөнд оруулсан эздийг тогтоож чадах уу?

648
УИХ дахь ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэрийг 500 тэрбумын өрөнд оруулсан эздийг тогтоож чадах уу?Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан процессийг УИХ-д ажлын хэсэг гарган шалгаж буй. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай энэ ажлын хэсгийг "үнэн зөв, нээлттэй мэдээлэл өгөлгүй, асуудлыг бүрхэг хэвээр хадгалсаар ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн хэрүүлийн алим болгон ашиглах төлөвтэй” гэж үзсэн.
 
Гэтэл энэ тодорхойгүй байдлыг ашиглан зарим улстөрч өөрт ашигтай хувилбараар олон нийтийн санаа бодлыг дуртай зүгтээ ханаруулсаар байна. 
 
Нэгэнт УИХ-аас ажлын хэсэг гарган Эрдэнэт рүү орсон л бол бүх асуудлыг ул суурьтай шалган, үнэнийг мэдээлэх хэрэгтэй. Хэрээс хэтэрсэн улстөржилтөөс залхсан иргэд үүнийг л хүсч байгаа. Их хурал өөрийн эрх мэдлийн хүрээнд энэхүү худалдан авалтыг ямар хөрөнгийн эх үүсвэрээр хийв, татвар төлсөн эсэх, худалдан авсан үйл явцыг цаг хугацааны дарааллаар шалгаж тогоох нь зөв байлгүй л яахав. Үүн дээр нэмээд олон нийтийн дургүйцлийг хүргэж байгаа гол шуугиануудад нэг мөр цэг тавьж өгвөл жинхэнэ төрийн шалгалт болно. 
 
Тухайлбал, Эрдэнэтийг барьцаалж олон улсад зээл тавьсан таван ч хэрэг өдгөө арбитрын шүүхэд татагдсан. Үүнээс мэдэгдэж байгаа нь л "Жаст”-ын Ш.Батхүүгийн авсан 109 сая долларын хэрэг. Тэгвэл 511 тэрбумын өрөнд ортол нь хэн "саасан” байх вэ. Түүнийг шалгаж олон нийтэд зарлан, зохих хариуцлагыг хүлээлгэх хэрэгтэй. 
Түүнчлэн, "Эрдэнэт бол олон улстөрчийг тэрбумтан болгосон үйлдвэр” гэж Сангийн сайдын алба хашиж явсан хүн хэлээд байна.
 
Ерээд оноос хойш Эрдэнэт үйлдвэрт хэрэгцээгүй олон зуун тэрбумын бараа материал худалдан авсан түүх, үнэ, эздийг зарлаж, нөхөн төлбөрийг төлүүлэх нь Их хурлын ажлын хэсгийн нэг чухал үүрэг. Мөн зэсийн баяжмалаа хаана нийлүүлж, хичнээн төгрөгийн авлага үүссэн байгааг шалган тогтоож, орж ирэх бодит мөнгөн дүнг танилцуулан, өртэй байгаа үйлдвэрийн ирээдүйн талаар бодит мэдээлэл өгөх нь зүйтэй. 
 
УИХ-аас гарсан ажлын хэсгийн талаар "Ж.Батзанданг оруулсан, хөөсөн” гэхээс өөр ямар ч мэдээлэлгүй олон нийтэд энэ мэт хариуцлагатай мэдэгдлийг зөвхөн төрийн түшээд л гарган өгч чадна шүү дээ.
 
Т.Од

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>