Эдийн засгийг сэргээх үү, торгоох уу

840

 

 

Эдийн засгийг сэргээх үү, торгоох уу

 

Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг УИХ батлан гүйцэтгэх засаглалдаа шилжүүллээ. Өнөөдрийн тухайд төгрөг үнэгүйдэж, валют хомсдож, нөөцөндөө дөнгөж 1.3 тэрбум ам.доллартай, хөрөнгө оруулалт зогсож, олон улсад зээлжих зэрэглэл буурсан, хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2016 оны эцэст төсвийн алдагдлын хэмжээ 4.3 их наяд төгрөг болохоор байгаа  зэргээр эдийн засгийн хямрал үргэлжилсээр байгаа.

 

 

Ирэх онд ч байдал  дээрдэх найдлага тун бага. Учир нь ирэх оны улсын төсөв 2.5 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан. Нөгөөтэйгүүр зээлийн эргэн төлөлтөд нийтдээ 6.6 их наяд төгрөг төлнө. Энэ бүхнийг дотооддоо зарим төрийн аж ахуй нэгжийг хувьчилж, стратегийн ордоо эдийн засгийн эргэлтэд оруулан, гадаадаас зээлийн эх үүсвэр татснаар зохицуулахаар тооцсон. Өөрөөр хэлбэл ойрын жилүүдэд хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх маягтай. Тиймээс ч эдийн засгийг өнөөдрийнхөөс  муудуулчихгүй, тогтворжуулан барихыг эрх баригчид илүүд үзэж байгаа.  Ер нь 2017 оны улсын төсөв, мөнгөний бодлого, нийгэм эдийн засгийн үндэслэл, дээр нь Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг боловсруулан баталснаар эрх баригчдын бичиг цаасны ажил цэгцэрч, гүйцэтгэлдээ шуурхайлан орох үлдээд байна.

 

Нэгэнтээ гаднаас мөнгө зээлэх, хөтөлбөрт хамрагдан яриа хэлэлцээр ч дуусах шатандаа орж, хэрэгжүүлэх эсэх шийдвэрийн үедээ ирээд байгаа. Тиймээс одоо эрх баригчид өнгөрснийг ярьж улиглах бус ирээдүйгээ харж, эдийн засгийг сэргээх ажилдаа шуудран орж, батлагдсан төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлэх их ажлын өмнө ирээд байна.

 

Урд хөршөөс зээлэх 20 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэй мөнгө зээлэх асуудал Далай ламыг эх орондоо урьж залснаас болж хойшлогдож, гацлаа хэмээж байгаа. Ямартай ч өнгөрсөн долоо хоногт үргэлжлүүлэх байсан яриа хэлэлцээгээ Хятадын тал цуцалснаа албан ёсоор мэдэгдсэн юм билээ. Харин энэ асуудлаарх  дипломат яриа хэлэлцээрийг  дахин өрнүүлэх эсэх нь  эрх баригч хүчний шийдэх асуудал.

 

Нөгөөтэйгүүр ОУВС-гийн "Стэнд бай” хөтөлбөр хэрэгжих нь бараг тодорхой болсон. Өнгөрсөн сард манай эдийн засгийн байдлыг судлаад явсан шинжээчид энэ долоо хоногийн сүүлээр дахин ирж, хөтөлбөрөө  хэрхэн хэрэгжүүлэхээ хэлэлцэн, батлах сурагтай.  Үнэмлэхүй олонхи төр барих эхний жилүүдээ "Стэнд бай”-гаар эдийн засгийг торгоох шийдэлтэй байгаа. Гаднаас авах зээлүүдийг эргэн төлөлтөд зарцуулна, зээлийг зээлээр төлнө гэдгээ мэдэгдсэн.  

 

Дундаж-доогуур орлоготой орны ангилалд буцаад шилжсэн нь мэдээж олон улсад гайхуулаад байх үзүүлэлт биш. Гэхдээ  өнөөдрийн нөхцөл байдалд тохирох хөтөлбөр нь "Стэнд бай” гэдэгтэй ажиглагчид ч санал нийлж байгаа.

 

Харин богино, дунд хугацаандаа "Эдийн засгийг сэргээх” хөтөлбөрийн хүрээнд Макро эдийн засгийг тогтворжуулах, Дунд хугацаанд эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, тогтвортой өсөлтийг хангах, өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх гэсэн хоёр үндсэн стратеги хэрэгжүүлэх юм билээ. 

 

Эрх баригчид эдийн засгийг сэргээхээр гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, хөрш орнуудтай хийх худалдааг өргөжүүлж, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, казиногийн үйл ажиллагаа эрхлэх эрхзүйн орчныг бүрдүүлэх, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, импортын сүүн бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах, мах, махан бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр барих, арьс ширийг эко-технологиор иж бүрэн, гүн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулах зэрэг уул уурхайн бус салбарын экспортын орлогыг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийг төрөлжүүлэх үндэс суурийг тавихад чиглэсэн арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан. Эндээс казино байгуулах асуудал олны анхаарлыг татаж байгаа. Хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлвэл  казино валютын шууд урсгал болно гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрдөг ч болгоомжлол давхар дайдаг. Өмнөх парламентын босгыг даваад батлагдаж чадаагүй Казиногийн тухай хуулиас эхлээд тээр жилийн дуулиант "Казиногийн хэрэг”-ээр шийтгэлээ эдлээд гараад ирсэн зарим эрхмүүдийн шарх нь ч аниагүй, манайханд ч гашуун сургамж үлдээсэн болохоор тэр биз.

 

Ямартай ч ирэх онд эдийн засгийг 3 хувьд хүргэх, 2017-2019 онд жилд дунджаар 20 орчим мянган ажлын байр шинээр бий болгох,  2019 онд 5.4 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөсөн уг хөтөлбөрийн хүрээнд нийт  60 гаруй бодлогын арга хэмжээ хэрэгжих юм билээ. Эрх баригчдын баталсан Эдийн засгийг сэргээх хөтөлбөр хөрсөн дээрээ буугаасай гэж найдах үлдлээ, бид.  Уг нь ч олон улсын зах зээлд зэс, нүүрсний үнэ ирэх жилүүдэд нэмэгдэх сайн мэдээ наашилж л байна лээ.

Н.Энхлэн

ZALUU.COM


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>