|
Видео

Шинэ мэдээ

16-10-2017, 12:11

Түүхий эдийн үнийн уналтаас манай улс 263 сая ам.долларын алдагдал хүлээв

 

Түүхий эдийн үнийн уналтаас манай улс 263 сая ам.долларын алдагдал хүлээв

 

Монгол Улсын гадаад худалдаа тэр дундаа валютаар төлбөр тооцоог нь хийж буй арилжаа наймаа төгрөгийн ханш чангарах, сулархад гол үзүүлдэг хүчин зүйлийн нэг. Энэ оны эхэнд манай улс 1.3 тэрбум ам.долларын нөөцтэй байв. Тэгвэл өнгөрсөн есдүгээр сарын байдлаар нэг тэрбум ам.доллар болж буурчээ. Энэ нь гадаад валютын нөөц 17.4 хувиар буурсан үзүүлэлт. Уг мөнгө манай улсын гурван сарын импортыг хангах боломжтой юм. Иймд Монголбанк валютын нөөцөө нэмэгдүүлэх, Засгийн газар мөнгөний эрэлд гарахад хүрээд буй. Ирэх сард Олон улсын валютын сан 500 сая ам.доллар өгч магадгүй. Мөн Хятадын Засгийн газ­раас дөрвөн тэрбум ам.дол­ларын зээл 20 жилийн хуга­цаатай авах байсан ч Далай ламын айлчлалаас болж түр хойшлоод байна. Манай эдийн засагт орж ирэх ам.доллар бараг үгүй болсон нь хямрал гүнзгийрэх, валютын ханш өсөх шалтгаан болсон. Ам.долларын орох урсгалыг нэмэгдүүлэх гол арга замын нэг нь экспорт. Гэвч манай улсын экспортын гол бүтээгдэхүүн нүүрс, зэс, төмрийн хүдэр, газрын тос гээд ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээлд өсөх ханд­­ла­га ажиглагдахгүй байгаа. Судлаачдын үзэж буйгаар ирэх онд ашигт малтмалын үнэ өсөх бус буурах хандлага давамгайлна хэмээж буй юм. 

Монголбанкнаас гаргасан гадаад худалдааны тойм судалгаанаас харвал манай улсын экспорт аравдугаар сард өнгөрсөн жилийнхээс 5.1 хувиар буюу 200 сая ам.доллараар буурчээ. Энэ нь ашигт малтмалын үнэ ханшийн уналтаас шалтгаалсан нь тодорхой. Экспортын бууралтыг задалж үзье.  Энэ онд аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспорт 2.4 хувиар өсчээ. Харин уул уурхайн түүхий эдийн экспорт  6.7 хувиар буурсан дүр зураг гарч байгаа юм. Иймд нийт экспортод уул уурхайн түүхий эдийн эзлэх жин 2.4 хувиар буурлаа.  Хоёр жилийн өмнө уул уурхайн экспорт дөрвөн тэрбум ам.доллар давж байв. Тэгвэл өнгөрсөн онд 3.4 тэрбум ам.доллар болсон. Энэ оны аравдугаар сард 3.1 тэрбум ам.доллар болоод байна. Жишээлбэл экспортод гаргаж буй зэсийн баяжмалын тоо хэмжээ нэмэгдсэн ч орлого нь бага байгаа. Хоёр жилийн өмнө нэг сая тонн зэсийн баяжмал экспортолж 1.9 тэрбум ам.долларын үнэ хүрчээ. Гэтэл энэ онд 1.3 сая тонныг экспортолж 1.3 тэрбум ам.долларын үнэ хүрсэн аж. Мөн алтны экспорт 7.9 тонноос 10 тонн болж өсөв. Түүхий эдийн үнийн уналтаас манай улс ашигт малтмалын экспортоос одоогоор 263 сая ам.долларын алдагдал хүлээгээд байгаа юм.  Тэгэхээр дэлхийн зах зээлд үнэ ханш унаж буй тул ашигт малтмалын экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого нь өсөхгүй байна. Ирэх онд ч байдал үргэлжилэх төлөв бий. Ашигт малтмалын үнийг сонирхвол дэлхийн зах зээлд нэг унци алтны дундаж үнэ өнгөрсөн аравдугаар сард 1266 ам.долларт хүрсэн. Энэ нь өнгөрсөн оноос  9.3 хувиар өссөн дүн юм. Тэгвэл цэвэр зэсийн дундаж үнэ 4732 ам.доллар болж есөн хувиар буурсан. Нэг тонн төмрийн хүдрийн үнэ 59 ам.доллар болсон нь 11 хувиар өссөн үзүүлэлт. Харин нүүрсний үнэ 41 ам.доллар болж өссөн. Коксжих нүүрсний үнэ эдүгээ өсч байгаа ч судлаачид түр зуурын үзэгдэл хэмээн тодорхойлж байна. Үүнээс гадна мал аж, ахуйн түүхий эдийн экспортын үнэ бас буурав. Ингээд үнийн уналтаас  шалтгаалж 20 сая ам.долларын орлогоо алджээ.  Харин машин, тоног төхөөрөмж,  аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспорт 53 хувиар буюу 93.3 сая ам.доллараар өссөн дүн гарав.  

Гадаад валютын нөөцийг дундлагч хүчин зүйлийн нэг бол импорт. Энэ оны эхний арван сард манай улсын импорт 12.5 хувь буюу 394 сая ам.доллараар буурав. Импортын бууралтыг задалж үзвэл хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн найм,  нефтийн бүтээгдэхүүнийх зургаан хувиар тус тус буураад байна. Импортын ерөнхий байдлыг задлаад харвал Монголчууд хоёр жилийн өмнө 1.1 тэрбум ам.долларын хүнс, эм тариа, гутал хувцас гээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортолсон. Тэгвэл энэ оны арван сарын байдлаар 956 сая ам.долларын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортоор авчээ. 
Хэдийгээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын тоо хэмжээ буурсан ч зах зээлийн үнэ нь өссөн. Иймд үнийн өсөлтөд монголчууд бид 48.5 сая ам.доллар илүү төлсөн тооцоо гараад байна. 

Мөн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт 20 хувиар буюу 238 сая ам.доллараар буурсан дүн бий. Үүнээс гадна  нефтийн бүтээгдэхүүний импорт 187 сая ам.доллараар мөн буурав. Гэвч шатахууны импортын үнэ 2013 оноос эхлэн буурч эхэлсэн.  Өөрөөр хэлбэл шатахуунаа дэлхийн зах зээлийн үнээр авдаг болсон. Иймд дэлхийн зах зээлд газрын тосны үнэ хямдарсан тул импортын шатахуун хямдарчээ. Тухайлбал, 2012 онд нэг тонн А92 бензин тонн тутамдаа 1270 ам.доллар байсан бол өнгөрсөн аравдугаар сард  527 ам.доллар болж хямдраад байна.   Хоёр жилийн өмнө монголчууд 964 сая ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж байв. Тэгвэл эдүгээ 401 сая ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн хэрэглээд байгаа юм. Экспорт, импортыг оруулаад нийт гадаад худалдааг аваад үзвэл  бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оныхоос  8.4 хувиар буюу 595 сая ам.доллараар буурч  6.4 тэрбум ам.долларт хүрлээ. Үүнд экспорт 200 сая ам.доллараар, импорт 394 сая ам.доллараар тус тус буурсан явдал нөлөөлөв. Тэгвэл экспортын дүн импортынхоос  957 сая ам.доллараар давж гадаад худалдааны тэнцэл ашигтай гарав. Энэ нь өнгөрсөн оныхоос  194  сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Импортын хэмжээ ийнхүү буурахад эдийн засгийн хямрал, иргэдийн худалдан авах чадвар 10 хувиар буурсантай  холбоотой хэмээн эдийн засагчид тайлбарлаж байна. 

Валютын төлбөртэй худалдаа нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид нөлөөлдөг суурь хүчин зүйлийн нэг. Тэгвэл Валютын төлбөртэй худалдааны тэнцэл аравдугаар сард 1023 сая ам.долларын ашигтай гарчээ. Энэ  нь өнгөрсөн оны мөн үеэс 15.7 сая ам.доллараар өссөн үзүүлэлт. Монгол Улс нийт гадаад худалдааны бараа эргэлтийн 60 гаруй хувь буюу 3.9 тэрбум  ам.долларын худалдааг БНХАУ-тай хийсэн байна. Тэгвэл ОХУ-тай  731 сая ам.долларын худалдаа хийлээ. Гэвч урд хөрштэй хийсэн худалдаа өнгөрсөн оныхоос 10.8 хувиар  буурсан дүн бий. Мөн хойд хөрштэй хийсэн худалдаа ч 18.8 хувиар буураад байна. Тэгэхээр иргэдийн хэрэглээ хумигдаж импортод зарцуулдаг ам.долларын хэмжээ багасав. Үүнийг далимдуулж төв банк гадаад худалдааны нөөцөө нэмэгдүүлэх боломж бүрдээд байна гэж хэлж болох юм. 

 


Т.ЭРДМАА

Эх сурвалж: www.assa.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.