Ажилчин сэлгээд ашиг байна уу

751

Ажилгүйдэл гэдэг манай улсын хувьд бас нэг толгойн өвчин болоод олон жилийг ардаа элээж байна. Эдийн засаг шалдаа буусан гэх энэ үед улам ч нэмэгдэж буй. Цалингаа өгч чадахгүй хаалгаа барих нь барьж, чадал тэнхээтэй нь хэмнэлтийн горимд шилжиж, ажилгүйчүүдийн эгнээ тэлсээр. Ийм л учраас бидний дунд харийн боолчлолыг илүүд үзэх залуусын хүрээ өргөжиж байгаа нь хатуу ч гэсэн үнэн.

Энд нэг зүйлийг онцгойлон анхаарч үзвэл, эх нутгаасаа гарч буй залуусыг манай улсад ирж байгаа гадныхантай харьцуулахад ихээхэн тод ялгаа, таагүй дүр зураг ажиглагддаг. Юу вэ гэхээр, гадаад улс орон манайхаас ажиллах хүч захиалж авахдаа нас, хүйс зааж, эрүүл мэндийн үзлэгт 100 хувь хамруулж, бараг үс, хумсыг нь шалгахаас наагуур шалгуур тавьж, хэл соёлтойгоос нь сонгодог. Ингээд хамаг сайн, шилдэг залуусаа бид харьд үднэ. Энэ дунд мэргэжил, боловсролтой ч танил талгүйгээсээ болж монголдоо ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн чадварлаг залуус ч олон. Тэдний дийлэнх нь солонгост боолын ажил эрхэлдэг гэдгийг хэн хүнгүй хэлнэ.

Тэгвэл манайд ирж байгаа ажиллах хүчийг авч үзвэл дийлэнх нь хятад, вьетнамууд. Мэдээж бусад олон улс орны иргэд манай улсад ажиллаж байгаа. Хамгийн гол нь олонхоор тоологдож буй хятад, вьетнамууд нь хууль ч бай, хууль бус ч бай энэ улсын эзэн мэт амьдарч байгаа нь нууц биш. Гэхдээ хятадууд ихэвчлэн барилгын салбарт ажилладаг. Ажиллаж, амьдарч байгаа орчиндоо тэд хаан мэт аашилж, аяглаж, бүр хууль хяналтынхны эсрэг тэрсэлдэх тэр итгэлтэй байдал нь гайхалтай биш гэж үү.

Манай ажил олгогч нар дотоодоос илүүтэй гадаадын, ялангуяа хятад ажилчдыг ажиллуулах сонирхолтой нь олон талын шалтгаантай аж. Үүнээс хамгийн гол нь ажлын цаг баримталдаг, цалингаа аваад монголчууд шиг олон хоногоор ажил тасалдаггүй гэх тун энгийн шалтгаар монгол залуус гологддог байна. Цалингийн зардлаа хэмнэхээр хятадаас гэрээгүй ажилчдыг, бараг насны хязгааргүй гэж болохоор хүмүүсийг оруулж ирэх нь элбэг гэдэг. Хэрэв эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулвал гэм буруутай албан тушаалтан, байгууллагыг цөөн хэдэн төгрөгөөр торгоно. Гэвч энэ нь хүн хашрахаар хариуцлага биш.

Тоо баримт авч үзье. 2016 оны 10 сарын байдлаар ажил хайгч 41773 монгол иргэн байна. 2016 оны аравдугаар сарын байдлаар 11072 гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 33 хувиар буурсан үзүүлэлт гэж байгаа. Монгол Улс жилдээ 25-28 мянган хүн гаднаас авч байжээ. Энэ тоо сүүлийн арваад жил өөрчлөгдөөгүй юм билээ.Хэдийгээр эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед гадаадаас авч буй ажиллах хүчний тоог нэмэхгүй байх бодлого барьж байгаа ч бууруулах арга хэмжээ авах нь чухал. Гэхдээ ингэхийн тулд дотоод боловсон хүчний нөөцийнхөө ур чадварт анхаарахын зэрэгцээ хөдөлмөрлөж сургахад урамшууллын тогтолцоо, цалин, нийгмийн асуудалд нь анхаарах хэрэгтэй.

Дээр дурдсанчлан 30 гаруй хувиар бууруулсангадны ажиллах хүчний орондмонгол хүнийг Хөдөлмөрийн биржид бүртгэлтэй ажилгүйчүүдээс авч гадныхныг дагалдуулан ур чадвар, технологи эзэмшүүлэх шаардлагатай байв. Ингэнэ гэдгээ өнгөрсөн жил холбогдох албаны удирдлагууд ч хэлж байсан.Гэтэл энэ жил цомхотгол болон ажлын байрны дутагдалтай байдлын талаар л бид нэлээд ярьлаа. Ялангуяа гадныхан олноор ажилладаг барилга, уул уурхайн салбар зогсонги байдалд орж, улмаар олон компаниуд хэмнэлт нэрээр ажилчдаа цомхотгосон.

Ингэж гадныхныг монголчуудтайгаа цугт нь баяртай гэвэл гадаад ажиллах хүчний квотыг хэдээр ч бууруулаад нэмэргүй. Хайран сайхан залуус харьд очиж эрүүл мэндээ золиослоод эх нутагтаа ирж хамаг хүчээрээ олж хурааж хадгалсан хэдэн төгрөгөө эрүүл мэнддээ зарцуулдаг дүр зураг арилахгүй. Энд онцлон дурдахад, эх нутагтаа ирээд хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, амьдрал ахуйгаа өөд нь татсан олон мянган залуусыг үгүйсгээгүй юм шүү.

Энэ дундаас монголынхоо шилдэг залуусын мэдлэг, боловсрол, эрүүл мэнд, эрч хүчийг харь оронд илгээж, оронд нь чадвартай чадваргүй нь үл мэдэгдэх, эрүүл бус нь тодорхойгүй олон тооны гологдлуудыг хяналттай, хяналтгүйгээр эх нутагтаа авчирч, эзэн мэт суурьшуулах боломж олгож байгааг онцлон хүргэж буй нь энэ. Эмзэглэм биш гэж үү.

Эцэст нь сонирхуулахад, хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийг эдийн засгийн салбараар авч үзвэл:

  1. Барилгын салбарт
  2. Уул уурхай олборлох үйлдвэрлэлийн салбарт
  3. Тээвэр ба агуулахын салбарт
  4. Бөөний болон жижиглэн худалдаа, гэр ахуйн барааны засварлах үйл ажиллагааны салбарт
  5. Боловсруулах үйлдвэрийн салбарт
  6. Боловсролын салбарт, үлдсэн нь бусад салбаруудад тус тус ажилладаг байна.

Мөн манайд ажиллахаар БНХАУ-аас хамгийн олон иргэн, дараа нь БНАСАУ, ОХУ, БНСУ, БНСВУ,АНУ, Австрали улсын иргэд ирдэг гэсэн судалгаа бий.

Аливаа бүхэн хоёр талтай бөгөөд авахыг нь авч, гээхийг нь гээнэ биз ээ. Уг нь айлаас эрэхээр авдраа уудал гэдэгчлэн ажил олгогч ч, ажил хайгч ч нутаг нэгтэндээ чин сэтгэлээсээ хандаж чадваас улс оронд төдийгүй үнэт зүйл болсон монгол хүний эрүүл мэндэд ч эерэг нөлөөтэй баймаар сан.

Ю.Халиун

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>