"ХАР АЛТ"-ны ирээдүй бүрхэг болох таван шалтгаан

621

"ХАР АЛТ"-ны ирээдүй бүрхэг болох таван шалтгаан

 

"Хар алт"-ны нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордог манай улс өдгөө санхүүгийн хямралд өртчихөөд байна. Өөрөөр хэлбэл дээд сэнтийд заларсан хоосон толгойтнуудын хар гайгаар "авдрандаа хүнсгүй, савандаа усгүй" болоход хүрлээ. Тэгсэн хэдий ч ирэх оныхоо төсвийг өөдрөгөөр төсөөлж баталдаг. Ирэх жил уул уурхайн бүтээгдэхүүн, тэр тусмаа нүүрснээс 200 тэрбум төгрөгийн орлого олно гээд итгэчихсэн байгаа. Хятадын өмнөд бүсэд сайн чанарын коксжих нүүрсний үнэ тонн нь 300 ам.доллар давсан нь манайд "хонгилын үзүүрт гэрэл асав” гэгч л болж байна. Энэ боломжийг ашиглаад нүүрсээ ахиухан шиг гаргаж, улсдаа орлого оруулахын төлөө хаа хаанаа чармайж байх шиг. Гэвч нүүрсний сэргэлт тийм ч удаан үргэлжлэхгүй гэдгийг олон улсын шинжээчид үзэж буй.

 

Манайх зөвхөн өмнөд хөрш рүүгээ нүүрсээ гаргадаг. Гашуун сухайт, Шивээ хүрэн, Булган, Бичигт, Хангийн гэсэн таван боомтоор Монголын 15 нүүрс экспортлогч уурхай нүүрсээ экспортлодог. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нүүрсний уурхайнууд нийлээд 547.6 мянган тонн нүүрс олборлосон байна. Уурхайнууд жил болгон өөрсдийн хүчин чадлаасаа хамаарч мөрөөдлийн тоогоо гаргадаг. Тодруулбал, 30-50 сая тонн нүүрс гарна гэж төсөөлдөг. Харин БНХАУ энэхүү төсөөллөөс нэлээд бага буюу 15-20 сая тонныг л худалдаж авдаг байна. Түүнээс гадна боомтын нэвтрүүлэх чадвар хязгаарлагдмал байдаг. Өөрөөр хэлбэл, боомтоор хангалттай хэмжээний ачааны машин өнгөрч гардаггүй байна. "Боомтоос гадна худалдан авагчийн бодлого ч нөлөөлдөг. БНХАУ жилдээ "70-80 сая тонн коксжих нүүрс гаднаас авна” гээд хэрэглээгээ тооцлоо гэхэд Монголоос 15-20 тонн нүүрс авдаг. Хэдийгээр боломж нь байсан ч нэг хэсэг болих ч юм уу, ямар нэгэн байдлаар хөшүүргээ барьдаг” гэдгийг салбарынхан нь хэлж байна.

 

Нэг дэх шалтгаан:

ХЯТАД ТАВАН ЖИЛИЙН ДАРАА МАНАЙХААС НҮҮРС АВАХГҮЙ

Нүүрсний үнийн өсөлтийг "үнийн цонх үе” гэж тодорхойлж байгаа. Яагаад гэвэл, энэхүү өсөлтийг хангах шалтгаан нь байхгүй. Коксжих нүүрсний үнэ дэлхийн төмөрлөг, гангийн үйлдвэртэй холбоотой. Гангийн болоод төмөр хийцийн хэрэглээ өсвөл коксжих нүүрсний хэрэглээ нэмэгдэнэ. Түүнийг дагаад нүүрсний хэрэглээ өсөх нь тодорхой. Тэгвэл дэлхийд номер нэг ган хэрэглэгч БНХАУ коксжих нүүрсний импортлогч орон байсан бол одоо төмрийн хүдрийн том хэмжээний ордыг эзэмшихээр болчихоод байгаа. Хэрвээ энэ ордоо ашиглаж төмрийн хүдрээ боловсруулаад эхэлбэл манайхаас нүүрс авах шаардлага гарахгүй. Бараг ойрын таван жилдээ төмрийн хүдрээ ашиглаж эхлэх бололцоотой болж байгаа гэнэ. Тиймээс манай улс дан ганц Хятадад нүүрсээ зарчихаад суухгүй нь тодорхой боллоо. Нүүрс авах сонирхолтой Зүүн өмнөд азийн томоохон орнууд болох Энэтхэг, Солонгос руу хандах шаардлага гарна. Гэвч бас л хүндрэлтэй асуудалтай тулгарах нь гарцаагүй. Дэлхийн улс орнууд усан замаар тээвэр хийдэг. Гэвч Монгол Улс далайд гарцгүй учраас хоёр хөршөөрөө дамжих хэрэгтэй болно. Далайд очихын тулд ойролцоогоор 2000 километр төмөр замыг туулах хэрэг гарна. Тэгэхээр тээврийн зардал асар их болно. Хямд тээвэрт нь хүрэхийн тулд өндөр үнэтэй тээврээр очихоор нүүрснээсээ ашиг олохгүйд хүрнэ. Ингээд нүүрсээ борлуулах нэг гapц бүрхэг болж байгаа юм.

 

Хоёр дэх шалтгаан:

ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭ ХУМИГДАНА

Эрчим хүчннй нүүрсний хувьд манай зах зээл хязгаардагдмал. Энэ нүүрсийг цахилгаан станцууд тог гаргахын тулд л хэрэглэж байгаа. Гэр хорооллын 150 мянга орчим айл өрх жилдээ нэг сая тонн нүүрс хэрэглэдэг гэж үзвэл нийтдээ улсын хэмжээнд долоон сая нүүрс хэрэглэдэг байна. Гэсэн ч эрчим хүчний үйлдвэрүүд технологийн дэвшлийнхээ дагуу нүүрсийг аль болох хэмнэхийг эрмэлздэг болсон. Ингээд харахаар алсын ирээдүйдээ хэдэн сая тонн эрчим хүчний нүүрс хэрэглэх боломж харагдахгүй байгаа юм. Харин сүүлийн үед хятадуудтай хамтарч цахилгаан станц барих асуудал яригдаж буй. Хэрэв энэ ажил хэрэгжвэл цахилгаан эрчим хүчээ Хятадад экспортлох боломж олдох юм. Хятад их хэмжээний эрчим хүч экспортлох боломж байвал тэр хэмжээгээр нүүрсний хэрэглээ нэмэгдэх боломжтой болно. Хэдий ийм ч сүүлийн үед хятадууд далай ламын айлчлалаас болж манайхтай хүйтэн харьцах болсон. Тодруулбал, хамтран ажиллах төсөл хөтөлбөрүүдээ цуцлахад хүрээд байгаа.

 

Гурав дахь шалтгаан:

НҮҮРСИЙГ ШИНГЭРҮҮЛСЭН ТҮЛШ БОЛГОХ АРГА ТӨГС БОЛООГҮЙ

Нүүрсийг гүн боловсруулж дараагийн шатны бүтээгдэхүүн гаргах асуудлыг холбогдох салбарынхан ярьдаг. Энгийн үгээр хэлбэл, нүүрсийг хийжүүлж нийлэг хий гаргаж авах арга юм. Нүүрсийг шингэрүүлж түлш болгоно гэсэн санаа. Энэ технологийг амьдралд хэрэгжүүлэхээр Япон, Америк, Хятад зэрэг томоохон орнууд үйлдвэр барьчихсан байдаг гэнэ. Гэхдээ үйлдвэрлэлд нэвтрээд түгээн дэлгэрэх боломж хязгаарлагдмал байдаг байна. Эдгээр орнууд хажуудаа шинжлэх ухааны лаборатор байгуулж олон жилийн шинжилгээ судалгааны ажлууд хийж байгаа ч төгс төгөлдөрт хараахан хүрээгүй юм байна. Гэвч энэ аргыг Монголд хэрэглээд үзэхийг зарим нэг нь уриалж, ятгадаг аж. Хөгжлөөрөө тэргүүлдэг улс орнууд энэ аргыг хэрэглэж зориглохгүй байхад манайх авч хэрэгжүүлнэ гэдэг үлгэрийн далай. Наад зах нь асар их хөрөнгө мөнгө шаардана. Улсын төсвөөсч хэд дахин давах тэр их хөрөнгийг хаанаас босгох вэ гэдэг нь эргэлзээтэй. Түүгээр ч барахгүйдээрх улс орнуудын судалсан зүйлээс давж судлаад амьдралд хэрэгжүүлнэ гэдэг ярвигтай зүйл.

 

Дөрөв дахь шалтгаан:

НҮҮРСНИЙ ХИЙГ ХООЛОЙГООР ДАМЖУУЛАН ЭКСПОРТЛОХОД ЯМАР Ч АШИГ ГАРАХГҮЙ

Нүүрсийг хийжүүлж хийн хоолойгоор дамжуулж экспортлох аргыг сүүлийн үед ярьж эхэлсэн. Нүүрснээс гарсан хий нь мянга гаруй илчлэгтэй байдаг байна. Гэтэл дэлхий нийтэд байгалийн хий хэрэглэдэг. Байгалийн хийн илчлэг арван мянгаас дээш байдаг аж. Зарим улс орон байгалийн хийг хоолойгоор дамжуулан экспортлодог. Манай өмнөд болон хойд хөрш хоорондоо байгалийн хийн хоолой барьж байгаа. Харин манайхан хоолой бариад нүүрсний хийгээ гаргахаар болбол маш өндөр чанарын ган хэрэгтэй болно. Бараг төмөр зам барихтай адил зүйл болох гэнэ. Түүний өртөгийг нүүрсний хий борлуулсан орлогоор нөхнө гэвэл "харганы ноосыг түүж эсгий хийх”-тэй адилхан зүйл болох аж. Зарим нэг нь үүнийг ярьж цэцэрхдэг. Хүмүүст итгэл үнэмшил төрүүлэх гэж ихэд хичээж харагддаг.

 

Тав дахь шалтгаан:

НҮҮРСНИЙ ИРЭЭДҮЙ ЗӨВХӨН ОДОО ЦАГТ

Магадгүй Монголын нүүрсний ирээдүй энэ цаг үед тохиож буйг учир мэдэх хүмүүс хэлдэг. ‘Тавантолгой” ХХК хамгийн сайн чанарын нүүрсээ сорчилж гадагшаа гаргаж байна гэх мэдээлэл гардаг. Учир нь цаад худалдан авагч нь сайн чанарын нүүрсийг нь сонирхож байгаа учраас. "Ашигт малтмалын тухай хууль”-д аливаа байгалийн баялгийг сорчлон ашиглахыг хориглоно гээд заачихсан байдаг. Харин амьдралд энэ заалт төдийлөн хэрэгждэггүй. Тэгвэл нөгөө өнцөгөөс нь хараад үзэхээр яах аргагүй чанаргүйг нь худалдан авагч сонирхдогтүй. Бараг хэлсэн үюэр нь өгөхөөс өөр аргагүйд хүрдэг байна. Тиймээс сүүлийн үед нүүрс ихээр олборлож байгаа ч олсон орлого нь өмнөх жилүүдийнхээс нэг их давахгүй байгаа гэнэ. Ашигт малтмал, газрын тосны газар ч ялгаагүй нөөц ашигласан төлбөрийг нь олсон орлогоос нь тооцдог болсон байна. Тиймээс Хятадууд нүүрс авч байгаа дээр нь чанартайг нь ч хамаагүй сорчилж өгөхөөс өөр арга үлдсэнгүй.


У.САРАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>