“Хар Сарнай”-гийн С.Амарааг зодож буй бичлэг ил боллоо

905

“Хар Сарнай”-гийн С.Амарааг зодож буй бичлэг ил боллоо

 

"Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахтай холбоотой асуудлаар түүний аав С.Сүхбаатар, өмгөөлөгч Г.Батбаяр, найз болох хамтлагийн гишүүн Б.Баяржаргал болон Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн захирал, "Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн нар мэдээлэл хийлээ.

 

"Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн тухайн өдөр буюу энэ сарын 22-нд болсон үйл явдлын талаар ярихдаа "Амараа маань энэ сарын 22-нд нийслэлээс зохион байгуулсан "Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд болсон хүлээн авалтад оролцож, дуулж яваад хүний гарт өртлөө. Хүмүүс энэ үйл явдлыг гуйвуулж, янз бүрийн зүйл бичиж байна. Тухайн үед Амараа "Би монгол хүн” дуугаа дуулж байхдаа уухайлж, хоёр гараа өргөхөд нэг цагаан цамцтай хүн "фашист” гэж орилж байсныг хүмүүс гэрчилж байгаа. Дуулах үедээ Амараа хас тамгатай дээл өмсөж байсан юм билээ. Тайзнаас бууж, хүлээн авалтанд орохдоо хувцсаа сольж, хослол, шляп өмссөн байсан. Хүлээн авалтанд оролцож, нэлээд удсаны дараа явахаар болоход цагаан цамцтай хүн араас нь металл зүйлээр цохиж танхайрсан нь бичлэг дээр үлдсэн. Энэ үед Амараа ухаан балартсан гэж хэлж байсан. Тухайн үед буудлын ресепшн залуу ирж, салгаснаар үйл явдал дууссан. Амараагийн биеийн байдал тааруу байгаа. Ухаан санаа нь хэвийн” гэлээ.

 

Түүний аав С.Сүхбаатар "Аав хүний хувьд энэ талаар их юм яримаар байна. Надад бол маш хүнд байна. Би энэ арваад хоногийн хугацаанд өөрийнхөө хүү, дуучин Амармандахыг таниагүй. Хамар, ам, тархийг нь гэмтээж, хүн таних аргагүй болгосон. Бичлэг үзвэл та нарын таньдаг Амармандахыг олж харахгүй. Харин одоо бол Гэмтлийн эмнэлгийн эмч нарын ач буянаар хүүгээ танихтайгаа болж байна. Тэр сахалтай хүн, монгол хүнийг нутаг дээр нь яаж нүдэж танхайрсныг бичлэг дээрээс хараарай. Надад хэлэх үг олдохгүй байна” гэж хэлэв.

Мөн өмгөөлөгч Батбаяр хэлэхдээ "Үндсэн хуульд зааснаар үзэл бодол, үг хэлэх эрхээ эдлэхээр энд байна. Хан-Уулын дүүргийн цагдаагийн хэлтсийн байцаагч Ариунболд уг хэрэг дээр ажиллаж байгаа. Хэвлэл мэдээллээр гарч байгаа шиг Амармандах 200, 300 сая төгрөг нэхсэн, "Хайл Гитлер” гэж хэлсэн зэрэг нь ор үндэслэлгүй мэдээлэл. Тэгж мөнгө нэхэх байтугай өөрөө сахиурт орчихсон байгаа шүү дээ. Танхайрсан этгээд болох Оросын элчин сайдын яаманд ажилладаг армян хүний хувийн үг, үйлдэл хоёр орны найрамдалт харилцаанд сэв суулгах учиргүй. Өөрөө ч энэ тухай хэлэхийг захисан. Мөрдөн байцаалт явуулж байх хугацаанд холбогдогч этгээдийн алдар нэрийг хэлэх боломжгүй. Тайлбар, мэдүүлэг аваагүй байгаа. Өнөөдрөөс авах байх” гэсэн юм.

Дашрамд дурдахад "Хар сарнай” хамтлаг он гаргаад тоглолт хийхээр төлөвлөж, бэлтгэл ажилдаа орсон байжээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>