Богино "нас"-тай үнийн өсөлт
Зэс зэрэг түүхий эдийн ханш алгуур боловч өгсөж байна. Энэ нь бараан үүл хурсан Монголын эдийн засагт цагаан гэгээ татсан мэдээ болов. Төмрийн хүдрийн ханш он гарсаар 60 гаруй хувиар чангарлаа. Өсөлт одоо ч үргэлжилж байна. БНХАУ-ын Чиндао боомтод төмрийн хүдрийн ханш өнгөрсөн лхагва гарагт 3.2 хувиар дээшилсэн. Тонн хүдэр 80 ам.долларт хүрээд байна. Энэ нь оны эхнээс 62 хувиар өссөн дүн.
Төмрийн хүдрийн үнийн өсөлтийг коксжих нүүрсний ханш жолоодож байна гэж шинжээчид үзэж буй. Учир нь нүүрс болоод төмрийн хүдэр нь гангийн гол орц. Иймд бие биенээ өдөөж буй нь энэ гэж тайлбарлажээ. Тэр ч утгаар төмрийн хүдрийн өсөлтийг ярихын тулд нүүрсний ханшийн талаар өгүүлэх хэрэгтэй.
Товчхондоо, нүүрснээс татгалзах дэлхий нийтийн санаачилгыг даган урд хөрш олборлолтоо хумьсан нь ханшийг өсгөсөн. Цаашлаад төмрийн хүдрийг ч дэмжсэн байна. Үүнээс гадна бүтээн байгуулалтыг урагшлуулах Трампын төлөвлөгөө ч нөлөөлсөн. Дашрамд дурдахад, дэд бүтцийн төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа сэргээх зорилтыг /Зөвхөн Д.Трамп, тавиагүй. Европын холбооноос өрх тусгаарласан Их Британи хүртэл ийм зорилт тээж буйгаа саяхан мэдэгдлээ. Тэрчлэн өнгөрсөн сард "Goldman Sachs” нэг сонирхолтой дүгнэлт танилцуулав. Тус группийн шинжээчдийн дүгнэж буйгаар төмрийн хүдрийн өсөлтөд юанийн уналт нөлөөлжээ.
Наймдугаар сараас төмрийн хүдрийн ханш илт сэргэсэн. Энэ нь БНХАУ-ын мөнгөн тэмдэгтийн үнэ унасан үетэй давхцаж байгаа аж.
Д.Трамп, нүүрс, юань гээд аль аль нь ханшийг өдөөсөн. Харин энэ өсөлт үргэлжлэх, эсэх нь маргаан дагуулж байна. "Goldman Sachs’’-ийн шинжээчид ирэх онд ханш 55-63 ам.долларт хэлбэлзэнэ гэж таамаглажээ. Өөрөөр хэлбэл, өсөлт үргэлжлэх аж. "Commonwealth Bank” ч ханшийн төлөвөө 0.5 ам.доллараар өсгөж, 58 ам.долларт хүргэсэн байх юм.
Харин ханшийн муруйг унана гэж үзэж буй судлаачид ч байна. "Barclays” үнийн өсөлт богино "нас”-тай гэж таамаглаж байна. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн өсөлт удааширснаас зэс болоод төмрийн. хүдрийн үнэ унана гэж үзжээ. Төмрийн хүдрийн томоохон олборлогчид болох "ВНР Billiton” болон "Rio Tinto” группээс ирэх онд зах зээлийн нөхцөл сайжирна гэж үзэж байгаа. Гэхдээ олборлдгчид гарцаа танаж эхэлсэн юм
»"Goldman Sachs''-ийн шинжээчид ирэх онд ханш 55-63 ам.долларт хэлбэлзэнэ гэж таамаглажээ.
»"Barclays" үнийн өсөлт богино "нас"-тай гэж таамаглаж байна.
» Төмрийн хүдрийн үнийн өсөлтийг коксжих нүүрсний ханш жолоодож байна гэж шинжээчид үзэж буй.
"Rio Tinto” групп л гэхэд "Pil-bara” ордын олборлолтыг танаж, төлөвийг хумьжээ. Тус группийн төмрийн хүдрийн борлуулалт өнгөрсөн улиралд таван хувиар буурч, 80.9 сая тонн болсон байна. Тиймээс оны эцэст 330 сая тонн төмрийн хүдэр олборлоно гэсэн зорилтоо 325-330 сая тонн болгож бууруулав. Бас "ВНР Billiton”, "Vale” ч ийм шийдвэр гаргаад буй.
Хэдийгээр энэ нь компанийн санхүүд сөргөөр нөлөөлж болох ч зах зээлд эерэг хандлага дагуулахыг шинжээчид онцолж байна. Учир нь нийлүүлэлт буурснаар зах зээлийн хуулийн дагуу үнэ өсөх үндсэн нөхцөл бүрдэх юм. Тиймээс олборлогч компаниудын хувьцааны ханш өсөлттэй байна. Синдейд "Rio Tinto” группийн хувьцааны ханш өсөж, 2015 оны гуравдугаар сараа хойших дээд цэгт хүрээд байна. Бас "Fortescue Metals” группийн хувьцааны ханш ч өнгөрсөн долоо хоногт 8.8 хувиар дээшилжээ.
Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улс төмрийн. хүдрийн 5.3 сая тонн баяжмал хилийн чанадад нийлүүлсэн. Өмнөх онуудтай харьцуулахад энэ нь 30 гаруй хувиар өссөн дүн. Монголбанкны Гадаад худалдааны тоймд дурдсанаар аравдугаар сард сайн чанарын төмрийн хүдрийн үнэ 59 ам.долларт хүрсэн байна. Монгол Улс төмрийн хүдрийн борлуулалтаа өгсөх зорилт тавьчихаад байгаа. 2017 оны төсөвт тусгаснаар 6-7 сая тонн хүдэр нийлүүлж, 36 тэрбум төгрөгийн орлого олох аж. Ингэхдээ тонн төмрийн хүдрийг 35,5 ам.доллараар төсөөлжээ. Энэ нь дээр өгүүлсэн ханшийн таамгуудтай харьцуулбал "даруу” төлөв. Бас 2018 онд экспортоо 10 сая тонн хүргэхээр зорьж буй юм. Төсвийн төсөөлөл болоод шинжээчдийн таамгийг харьцуулбал ирэх онд төмрийн хүдрээс төлөвлөсөн орлогоо олох боломж байна.
Г.БАЙГАЛ /ЗГМ/