З.ЭНХБОЛДЫНХООС ДЭЭРДЭХ ЮМГҮЙ М.ЭНХБОЛДЫН ПАРЛАМЕНТ

199
 З.ЭНХБОЛДЫНХООС ДЭЭРДЭХ ЮМГҮЙ М.ЭНХБОЛДЫН ПАРЛАМЕНТ
УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө З.Энхболдын парламент байнгын хороо чуулганы хуралдаанаа ирцгүйн улмаас хуралдуулж чадахгүйд хүрсэн. Иймээс З.Энхболд аргагүй эрхэнд чуулганы хуралдаанаа сарын хугацаанд завсарлуулах захирамж гаргаж байв. Нэг үгээрЗ.Энхболдын парламент чадамжгүй болж, тарсан гэсэн үг. 

Харин ард түмний итгэлийг хүлээгээд хагас жилийн нүүр үзээгүй байгаа М.Энхболдын парламент З.Энхболдынхоос дээрдсэнгүй. Өчигдөр хуваарь ёсоор гурван байнгын хороо, нэг байнгын хороодын хамтарсан хуралдаан хуралдах ёстой байв. Гэвч байнгын хороодын гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хоёр хуралдааныг цуцлав.

Тодруулбал, Хуульзүйн байнгын хороо дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдав. Байнгын хороо 19 гишүүний бүрэлдэхүүнтэй ч байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн О.Батнасан, Н.Оюундарь, Л.Энхболд дөрөв хуралдаж, нийгмийн нэлээд хэсэгт хүлээлт үүсгээд байгаа гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ хэлэлцүүлэг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, Д.Ганболд, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Б.Пүрэвдорж, Н.Учрал, Д.Цогтбаатар, Б.Чойжилсүрэн, С.Эрдэнэ нарт огт хамаагүй бололтой.

 Мөн өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хойшиллоо. Байнгын хорооны 19 гишүүнээс Т.Аюурсайхан, С.Чинзориг, Ж.Ганбаатар нараас бусад хуралдаандаа ирсэнгүй. Үдээс хойш Хуульзүйн болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагт хуралдах товтой байлаа. Хамтарсан хуралдаанаар Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх төлөвлөгөөтэй байсан юм. Гэвч гишүүдийн ирцийг бүрдүүлэхээр товлосон цагаас хойш  гурван цаг орчим  хүлээсэн  ч гишүүд ирцээ бүрдүүлсэнгүй. Хамтарсан байнгын хорооны хуралдаанаар нийт 35 гишүүн оролцох бүрэлдэхүүнтэй. Харин 14 цагт тов гаргасан хамтарсан. байнгын хорооны ирц 15.40 цагийн байдлаар 16 гишүүн буюу 45.7 хувьтай байсан учир хуралдааныг хойшлууллаа.

Төрийн ажлаа мартсан төрийн түшээд хаагуур явна вэ?

 Энэ долоо хоногийн даваа гарагт МАН Бага хурлаа дуулиан шуугиан багатайхан хийж, генсекээ жинхэлсэн. Иймээс энэ өдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаагүй. Нэг үгээр тус намын бүлэг энэ долоо хоногт байнгын хороо чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар саналаа нэгтгээгүй гэсэн үг. Харин мягмар гарагт тэд байнгын хорооны хуралдаандаа суусангүй. Бага хурлын нээлтийн үеэр МАН-ын дарга М.Энхболд "Бид үнэмлэхүй ялалт байгуулсан. Энэ бол үнэмлэхүй хариуцлага шүү” гэдгийг Бага хурлын индэр дээрээс өндөр дуугаар хэлж харагдана лээ. Гэвч намын дарга үг ганц өдөр ч үйлчилсэнгүй. Үнэмлэхүй олонх болсон МАН-ынхан байнгын хороо чуулганы хуралдаанаа тасалж, хуралдаандаа суусан хэд "төгөлдөр хуурдаж” хууль баталсаар байна. Энэ бол өнгөрсөн парламентийн бас нэгэн дүр зураг. М.Энхболдын парламент ч тэднээс ялгарсангүй.
 
П.ГОО
Оллоо.мн

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.