Л.Мөнхтүшиг: АНУ-д богино хугацаагаар ажиллах хүч гаргах хүсэлтийг судалж үзнэ гэсэн

199
 Л.Мөнхтүшиг: АНУ-д богино хугацаагаар ажиллах хүч гаргах хүсэлтийг судалж үзнэ гэсэн

ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшиг өнөөдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ, "Улаанбаатар хот дахь АНУ-ын ЭСЯ-наас монгол иргэдэд олгож буй визийн ярилцлагын цаг авахад хоёр хүртэл сар хүлээж буйг анхааралдаа авч, консулын ажилтны орон тоогоо нэмэгдүүлэх хүсэлтийг Америкийн талд тавьсан” хэмээн мэдэгдлээ.

Энэ сарын нэгэнд Вашингтон хотноо болсон Монгол Улсын ГХЯ, АНУ-ын Төрийн департамент хоорондын XI зөвлөлдөх уулзалтын үеэр АНУ-д богино хугацаагаар ажиллах хүч гаргах буюу АНУ-ын Н2 визийн хөтөлбөрт хамрах асуудлыг тавьсан бөгөөд Америкийн тал Монгол Улсыг 2018 оноос эхлэн дээрх хөтөлбөрт хамруулах боломжийг судлахаа мэдэгджээ. Түүнчлэн манай улс АНУ-ын "Визээс чөлөөлөх хөтөлбөр"-т хамрах сонирхолтой байгаагаа илэрхийлж, хөтөлбөрт хамрагдах шалгуур нөхцлийг хангах хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргах чиглэлээр ажиллахаар тохиролцжээ. Мөн үеэр ЭСЯ-ны орон тоог нэмэх асуудлыг хөндсөн гэдгийг дэд захирал Л.Мөнхтүшиг хэллээ.

Тэрбээр цааш ярихдаа, "ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунг урьж уулзан хоёр орны хооронд иргэд харилцан зорчих нөхцлийг шат дараалан хөнгөвчлөх, улмаар ирээдүйд харилцан визгүй зорчих боломжийг судалж үзэх асуудлаар санал солилцож, жилдээ 500 сая төгрөгөөс дээш татвар төлдөг монголын аж ахуйн нэгжийн удирдлага, ажилтнуудад олон удаагийн виз олгож байх хүсэлт бүхий ноот бичгийг өнгөрсөн 7 хоногт гардуулсан.

Хоёр талын иргэд солилцоонд тулгуурласан худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, БНСУ-д оршин суугаа болон зорчиж буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд хоёр талын консулын зөвлөлдөх уулзалт чухал үүрэгтэй байдаг тул өнгөрсөн 2 жилд тасалдаад байсан энэхүү уулзалтыг 2017 оны эхний хагаст зохион байгуулахаар зарчмын хувьд харилцан тохиролцоод байна.

Б.Туул

montsame


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.