Уул уурхайн салбарт мэргэжлийн боловсон хүчин дутмаг байна

846

Уул уурхайн салбарт мэргэжлийн боловсон хүчин дутмаг байна

 

Манай улсын экспортын 90 гаруй хувийг ашигт малтмал, уул уурхайн салбарын бүтээгдэхүүн эзэлдэг. Тэгвэл энэ салбарын хөгжлийн 94 жилийн ой энэ онд тохиож буй. Үүнтэй холбоотойгоор, өнгөрсөн баасан гарагт "Уул уурхай 2016” эрдэм шинжилгээний бага хурал болов. Хурлын үеэр нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад Налайхын нүүрсний уурхайн байгалийн хийг ашиглах боломж, уул уурхайн салбар дахь лабораторийн үүрэг оролцоо, хууль эрхзүйн орчин зэрэг олон асуудлыг хөндөж, илтгэл тавьж хэлэлцсэн юм. Үүнээс гадна манай улсын эдийн засгийн гол тулгуур болсон уул уурхайн салбарт мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгааг онцлон дурдав.
 
Энэ талаар Монгол Улсын зөвлөх инженер Д.Түмэннасан "Зах зээлийн үед мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх тал дээр бусад улс орноос хоцрогдож байна. Учир нь, улсын төсвөөр магериаллаг баазтай олон сургууль соёл байгуулсан ч зохион байгуулалт, бодлогын алдаанаас болоод хөгжихгүй зогсолтын байдалд орсон. Тухайлбал, мэргэжлийн боловсон хүчин, анхан шатны мэргэжлийн ажилчин бэлтгэдэг сургууль нь ялгагдахаа больсон. Энэ нь салбарын яамдаас хөндийрсөнтэй холбоотой. Зөвхөн хөдөлмөрийн яамтайгаа л холбогдож байгаагаас ийм зүйл болж байна. Гаднын улс оронд салбар салбарын яамдын харьяанд мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэх, сургалтын бодлого чиглэлтэй байдаг бол манайд тийм зүйл алга” гэв. Энэ мэт асуудал нь манай улсын эдийн засгийн гол хүчин зүйл болох уул уурхайн салбарт нэн шаардлагатай байгааг эрдэмтэн, судлаачид дэмжиж байв.
 
 
Ц.БААСАН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>