Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэлээ
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2016 оны арванхоёрдугаар сарын 28- ны өдөр хуралдаж, нийслэлийн гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхийн шөнийн тарифыг тэглэх тогтоол гаргалаа.
Энэхүү хөнгөлөлтөд нийт 146 000 айл өрх хамрагдаж, оройны 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл цахилгаан эрчим хүчийг үнэ төлбөргүй хэрэглэх бөгөөд одоогийн хэрэглээнээс үзэхэд 4.8 тэрбум гаруй төгрөгийн хөнгөлөлт эдлэхээр байна. Цаашид хэрэглээ нэмэгдэхийн хирээр иргэдэд ирэх эдийн засгийн үр өгөөж өснө гэсэн тооцоог гаргажээ.
Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт 2017 оны нэгдүгээр сарын 01-ээс дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм. Энэ хугацаанд хэрэглээний огцом өсөлт үүсэх эрсдэлтэй байгаа тул аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс сэргийлэх үйл ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах үүргийг "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК–д өглөө.
Эрчим хүчний зорицуулах хорооны хурлаас "Нийслэлийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу дамжуулах, түгээх сүлжээний хүчин чадал, техникийн боломжоос хамааруулан цахилгаан эрчим хүчний хэрэглээний дээд хязгаарыг 220В-ын хэрэглэгчид 700 кВт.ц, 380В-ын хэрэглэгчид 1500 кВт.ц байхаар тогтоожээ.