Судан улс сульдахын эрхэнд мөн л ОУВС-гаас туслалцаа хүсч байна
Дэлхийн хамгийн залуу улс Өмнөд Суданд байдал улам л түгшүүртэй болсоор байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл зөвхөн энэ сард л гэхэд тус улсын асуудлыг гурван удаа хэлэлцэж, тодорхой шийдвэрүүдийг гаргасан байх жишээтэй. Газрын тосоор баялаг тус улс 2011 онд Суданаас салан тусгаарласан ч хоёр жилийн дараагаас дотоодын дайн, самуунд идэгдэж, эдүгээ 2.3 сая иргэн нь дотоодынг дүрвэгч болж, зовж зүдэрч явна.
НҮБ-ын зүгээс Өмнөд Суданд тавьсан шаардлагаа улам чангаруулж, "сөргөлдөгч талууд галаа нэн даруй зогсоож, үүнийгээ тогтвортой мөрдөх”, "Эрх баригч сөрөг хүчин улсынхаа аюулгүй байдлыг хангах асуудлаар яаралтай хуралдаан зохион байгуулж, шийдвэр гаргаад хамтран хэрэгжүүлэх”, "Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч аль, аль нь үндпэсний эв нэглээ хангахын тулд эрх мэдлээ үндэсний шилжилтийн засгийн газарт шилжүүлж өгөх” гэсэн гурван шаардлагыг тавьсан юм.
Хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ дуусч, валютын нөөцгүй болсон тус улс ОУВС болон бусад донор улсуудад хандан тусламж хүсээд буй. Мөн орлогын гол эх үүсвэр болсон газрын тосны олборлолтоо багасгахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсчээ.
Судан нь нефтийн арвин их баялагтай улс юм. Гэвч Өмнөд Судан 2011 онд тусгаар тогтносны дараа нефтийн нөөцийн 75 хувь нь Өмнөд Суданд, харин дамжуулах зам байгууламж нь Хойд Суданд үлдэж хоцорчээ.
Энэ цагаас хойш хоёр улс хил, нефтийн байгууламж, түүнээс олох орлого зэрэг олон асуудлаар харилцаа нь хурцадмал байдалд орж дэлхий нийтийн анхаарлыг татах болсон юм. Өнгөрсөн есдүгээр сард газрын тосны олборлолт, хуваарилалтын асуудалд гэрээ хийсэн ч төдийлөн ажил хэрэг болоогүй.
С.Төгөлдөр