"СТЭНД БАЙ" ЭДИЙН ЗАСГИЙГ ЭМЧЛЭХ ҮҮ, ЭСВЭЛ...

894

"СТЭНД БАЙ" ЭДИЙН ЗАСГИЙГ ЭМЧЛЭХ ҮҮ, ЭСВЭЛ...

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн пүрэв гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хаалттай мэдээлэл хийв. Агуулга нь "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын асуудал”. Тэрбээр шинээр бүрдсэн парламентад анх удаа хаалттай горимоор мэдээлэл хийсэн нь энэ юм. Өглөөний 10.00 цагаас эхэлж 18.00 цаг хүртэл хаалттай горимоор үргэлжилсэн хуралдаанд 76 гишүүнээс 67 нь оролцож, 48 нь асуулт асууж, санал хэлжээ. Тэдгээрийн дийлэнх нь гадаад болон дотоод өр зээл, бондын асуудлыг хөнджээ. Тэгэх нь ч аргагүй.

 

Cap хүрэхгүйн хугацааны дараа Хөгжлийн банкаар дамжуулж олон улсын зах зээлээс босгосон 580 сая еврогийн зээлийг төлөх хуваарьтай. Энэ зээлийг хэрхэхээс Монгол Улс дефолт зарлах эсэх хамаарах учраас Засгийн газрын төвшинд хэдийнэ мөнгөний эрэлд гараад буй. Нэгэнтээ Сангийн дэд сайд Х.Булгантуяа "Энэ мөнгийг бид зайлшгүй төлөх үүрэгтэй.

Хөгжлийн банкны зэрэглэл нь Монгол Улсын зэрэглэл байдаг. Хэрэв Хөгжлийн банк зээлээ төлж чадахгүй бол Монгол Улс дампуурчээ гэж хэлж байгаатай адилхан сонсогдоно” хэмээн тодотгож байсан удаатай. Олон улсын томоохон агентлагуудаас ч зээлжих зэрэглэлийг ээлж дараалан буулгасан нь хөрөнгө оруулагчид тэр дундаа гуравдагч орноос мөнгө "босгох”-д дөнгө болж буй. Үнэхээр ч Хөгжлийн банкны 580 сая еврогийн зээлийг хэрхэн төлөх эсэхээс Монголын эдийн засаг урагшлах уу, унах уу гэдэг нь хамаарах учиртай.

 

Гэвч энэ жилээс эхэлж, ирэх оноос үргэлжлүүлэх өндөр хүүтэй зээлтэй Монгол Улс энэ онд байтугай ирэх жилүүдэд ч хүүхдүүдээ сургуульд сургах, хооллож, ундлах мөнгөгүй, гэр бүлийн маргаантай, хамаатан садныхаа дунд "дампуурч” байгаа айл гэсэн үнэлгээтэй яваа нь нууц биш. Ийм айлд мэдээж хэн ч итгэж мөнгө зээлэхгүй. Өрхийн тэргүүн болох Засгийн газар нь байж болох бүхий л хувилбарыг хайж, хүүхдүүдийихээ идэж, уух зардлыг нь хүртэл танахаар шийдсэн нь саяхан ч, элдэв олон тайлбаргүйгээр Монголын эдийн засаг "модоо барьж”, хямарсныг гэрчлэх мэт. Сангийн сайд Б.Чойжилсүрэн ч "Монгол Улс олсон таван төгрөг тутмынхаа дөрвийг нь өрөндөө төлж, үлдсэн нэг төгрөгөөр нь бусад зардлаа санхүүжүүлж байна” хэмээн зүгээр ч нэг тодотгоогүй нь лав. Тиймдээ ч 4.1 их наяд төгрөгөөр хэмжигдэх төсвийн алдагдлаа санхүүжүүлж, цаашлаад ирэх сард, 2018 онд төлөх 3.4 их наяд төгрөгийн гадаад зээлээ төлөхийн тулд Олон улсын валютын сангийн "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаас өөр гарц байхгүй гэдгийг тодотгоод дөрвөн сарын нүүрийг үзэж байна.

 

Нэг үгээр хэлбэл, Хөгжлийн банкны 580 сая евро, 2018 онд "Чингис” бондын 500 сая, үлдсэн нэг тэрбум ам.долларыг 2023 онд төлөх эхний алхам "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах гэдэгтэй хүн бүр санал нийлэх болсон. Сангийн яамны тооцоолж буйгаар энэ онд 580 сая евро, 2018 онд 1.9 их наяд, 2019 онд 2.4 их наяд төгрөгийг зөвхөн зээлийн эргэн төлөлтөд өгөх юм. Эдийн засаг агшиж, энэ хэрээр үйлдвэрлзл, орлого буурч буй энэ үед их зээлийн ачаалал улам нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаад ч болтугай дефолтоо зарлахгүй нь энэ Засгийн газрын гол үүрэг болоод буй. "Стэнд бай” хөтөлбөрт гэж юу гэдгийг ахин сануулж тодруулъя. Олон улсын валютын сан гишүүн улсууддаа "standby credit facility” буюу бага орлоготой улсуудад нэн хямдралтай, "standby arrangement” буюу бага дунд орлоготой улсуудад жилийн тав орчим хувийн хүүтэй 3-5 жилийн хугацаатай олгодог стандарт зээл гэсэн хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, аливаа улс эдийн засаг, улсынхаа бодлогыг чиглүүлж чадахгүй болсон үедээ ОУВС-аас тусламж авдаг гэж хэлж болно. Манай улс тус хөтөлбөрүүдэд хэд хэдэн удаа хамрагдаж байсан. Үүний 136.3 сая ам.долларыг нь хямдралгүй зээл хэлбэрээр авч, 1991, 2009 онд "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж байсан туршлагатай. "Стэнд бай” хөтөлбөрт өндөр хөгжилтэй улсуудад шалгуур багатайгаар зээлээ олгодог бол засаглал муу, эдийн засаг нь хүндэрсэн манайх шиг улсуудад хатуу шаардлага тавьдаг байна.

 

Тухайлбал, төлбөрийн балансын тэнцлийг хангах, ДНБ-нд эзлэх төсвийн алдагдлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжин, ядуурлыг бууруулж, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх, зээлээ хумиж тулгадаг. Манай улсын одоо хэрэгжүүлж буй төсөв, мөнгөний бодлого "Стэнд бай” хөтөлбөрийн зорилготой ижил, хатуу бодлого явуулж байгаа нь хөтөлбөрт орох эхлэл нь тавшдаж байна хэмээн зарим эдийн засагч дүгнэж байгаа. "Стэнд бай” хөтөлбөрийн хүрээнд ОУВС тухайн улсын эдийн засаг хямралд хүрсэн гол шалтгааны ул суурьтайгаар шинжлэн гаргаж ирдэг. Тэгэхээр нэг талаар манай улс эдийн засгийнхаа бүтцийг шинэчилж авах боломж бүрдэх юм. Эндээс эдийн засаг нь хямарч, төсөв, мөнгөний бодлогоо удирдаж чадахгүй дампуурал зарлахад ойрхон байгаа тул эцсийн боломж болгон ОУВС-ийн "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж байгаа нь нэг талаар ичгэвтэр хэрэг ч нөгөө талаас төсөв, мөнгөний бодлогоо эрүүлжүүлэх боломж гэж харж болох нь. Гэхдээ "Стэнд Бай” хөтөлбөр хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл учир өрийнхөө хэмжээг өсгөж байгааг мартаж болохгүй.

 

Сангийн сайдын тодотгосноор Монгол Улс "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэх нь энэ долоо хоногт тодорхой болох учиртай. Өөрөөр хэлбэл, эдийн засгаа эмчилж, төсөв, мөнгөний бодлогоо эрүүлжүүлэх эсэх нь Олон улсын валютын сангийнхантай удаа дараагийн уулзалт, хэлэлцээ хийж байгаа Сангийн яамныхны ажлаас хамаарна. Хэрвээ валютын сангийнхан Монгол Улсыг "Стэнд бай” хөтөлбөрг хамруулбал Японы Улс хоёр тэрбум ам.долларын зээл өгөхөө илэрхийлснийг энд нэмж тодотгох хэрэгтэй болов уу. Японууд хэлсэндээ хүрч хоёр тэрбум ам.долларын зээлээ өгвөл ирэх сард төлөх 580 сая еврогийн зээлийг хаана. Өрийг өрөөр дарах нь тийм сайн зүйл биш ч дефолт зарлахгүй байх нь хөрөнгө оруулалт татахыг эрмэлзэх болсон Монгол Улсад хэрэггэй. "Стэнд бай” эдийн засгийг эмчлэх үү, эвсэл гэдгийг харах л үлдэж байна.


С.ГАНДӨЛ

 "ҮНДЭСНИЙ ШУУДАН"


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>