Эм Зүй БиоАнагаахын сургуулийн оюутанууд, цэцэрлэгийн насны хүүхдийн дунд шүдний эрүүл мэндийн судалгаа явуулжээ

1138

 

 

Эм Зүй БиоАнагаахын сургуулийн оюутанууд, цэцэрлэгийн насны хүүхдийн дунд шүдний эрүүл мэндийн судалгаа явуулжээ

 

Эм Зүй БиоАнагаахын сургуулийн Эм зүйн-307 Б.Байгальмаа, Б.Сайханбилэг , Б.Бямбажав, Б.Даваадулам  нар саяхан бага насны хүүхдүүдийн дунд шүдний эрүүл мэндийн судалгаа хийсэн байна. Тэд Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн цэцрэлгийн хүүхдүүдэд хийсэн судалгаагаар зууны 27.1 % нь эрүүл 72.9 % шүдний өвчлөлтэй гарсан байна. Тиймээс эдгээр оюутан сурагчид шүдний эрүүл мэндийн талаар эцэг эхчүүдэд өгсөн зөвлөгөөг уншигчиддаа хүргэж байна.

 
            Хүүхэд эхийн хэвлийд байхад анхдагч амны хөндий нь ургийн хөгжлийн 3 дахь 7 хоногтойд амны хонхор, анхдагч гэдэс хоёрыг тусгаарлаж байсан нимгэн хальс цоорсноор үүсдэг бөгөөд шүдний хөгжил нь 6-8 долоо хоногтойгоос эхлэн 18-25 насанд агт араа ургатал удаан хугацаанд үргэлжилдэг байна. Сүүн шүдний эх үүсгэвэр тавигдсаны дараа 10 дахь долоо хоногоос шүдний хөхлөг, 13-14 дахь долоо хоногтойгоос анхдагч эсүүд, 15-16 дахь долоо хоногтойгоос шүдний эдүүд эрдэсжиж эхэлдэг. Хүүхэд төрөх үед сүүн шүдний цөгц нь хэлбэржиж гүйцсэн, байнгын шүдний үүсгэвэр нь тавигдсан байдаг. Өсөж буй шүдний үр хөврөл нь түүшин буюу эрүү хоншоорын ясны дотор гадаргуугаас цухуйж гарсанаар түүшингийн нягт ялтасыг шимэгдүүлж шүдэлнэ. Шүдлэхийн хирээр түүшин яс томорч шүд эрүүний тогтолцооны хөгжилд маш чухал физиологийн үйл явц болно. Энэ нь бие махбодын мэдрэл шингэний байдал гадаад орчны харилцан үйлчлэлийн үр дүнд явагдана. Сүүн шүд 6-7 сартайд цухуйгаад сүүн шүдний цөгц хөгжиж дуусахад сурвалж нь хэлбэржиж эхэлнэ.
 

           Хүүхдийг 5-7 настайд нь эхний байнгын шүд (ясан шүд) ургаж эхлэх ба цаашид 13 нас хүртэл нь солигддог. Энэ үед нь онцгой анхаарах хэрэгтэй. Учир нь аав ээжүүд сүүн шүд унаж байж л ясан шүд гардаг гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг бөгөөд 5-7 настай үед  хамгийн хойд талд нь насан туршид байх хамгийн чухал шүд болох Их Араа шүд ургасан байдаг. Энэ шүдийг солигдох шүд хэмээн тоомжиргүй хандаснаас эрт цоорч, улмаар авагдах хүртэлээ хүндэрсэн байдал манайд элбэг тохиолдож байна.

Иймээс хүүхдийн шүд солигдох үеээс нь эхлэн шүдийг нь фтортой оогоор угаалгаж мөн нэмэлтээр эрдэсжүүлэх эм, бэлдмэлүүдийг тогтмол өгч байх хэрэгтэй. Зарим эцэг эхчүүд сүүн шүдийг "солигддог шүд” учраас арчлах шаардлагагүй гэж үздэг. Гэтэл сүүн шүд нь байнгийн шүднээс ч илүүтэйгээр арчилгаа шаарддаг. Учир нь сүүн шүд эрдэсжилт бага, паалан нимгэхэн байдаг тул цоорч хорхойтохдоо амархан байдаг. Хорхойтсон сүүн шүдэнд их хэмжээний нян агуулагдах бөгөөд шинээр ургах ясан шүд болон ойролцоо шүднүүддээ халдвар дамжуулж маш хүчтэй өвддөг байна.  Хорхойтсон сүүн шүдийг авахад араанууд урагшаа түрж, байнгын шүд ургах зайгүй болдог тул байнгын шүд буруу байрлалтай, давхар ургах зэргээр эрүү нүүрэнд гажиг үүсгэх нөхцөл болдог.

 



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>