Л.Оюун-Эрдэнэ: Том төслийг гацаадаг домгуудыг дуусгах цаг болсон

141

Л.Оюун-Эрдэнэ: Том төслийг гацаадаг домгуудыг дуусгах цаг болсон

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн том төслүүдийг эхлүүлэх амбиц олон саадтай тулж байна. Уг нь тэрээр 2024 оны аравдугаар сарын 4-нд УИХ-д үг хэлэхдээ “Монгол Улсын эдийн засгийн 2025 оны өсөлтийн төсөөллийг Дэлхийн  банк 4.8 хувь, ОУВС 4.1 хувь гэж тооцож байсан бол зээлжих зэрэглэл “В+” тогтвортой түвшинд хүрч, нэг хүнд ногдох Үндэсний нийт орлогоор Дэлхийн банкны ангиллаар дунджаас дээгүүр ангилалд шилжиж, хамтарсан Засгийн газар байгуулагдан хөгжлийн томоохон төслүүдийг хөдөлгөхөөр зарласан.

Түүнээс хойш төсөөллөө ахиулж зургаа болон түүнээс дээш хувь байхаар тооцооллоо шинэчилж, энэхүү төсвийн хэлэлцүүлгийг анхаарал тавин ажиглаж байна. Нэг үгээр хэлбэл, хөрөнгө оруулагчид биднийг харж байна. 


Мэдээж бид эрсдэлийг тооцох учиртай. Гэхдээ хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн таваас доошгүй төсөл 2025 оны төсвийн жил эхэлж чадвал 2025 оны эцэст ДНБ 95 их наяд төгрөгт хүрнэ гэж төсөөлөв. Хэрэв 2026 онд багтаж 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал 2028 он гэхэд ДНБ 132.3 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 10,000 ам.долларт хүрэх бодит боломж байна” гэж байсан. Өөрөөр хэлбэл, “Тойрог ярихгүй, том төслүүдээ явуулъя” гэсэн гол концепцтой төсвийг өргөн барьсан гэж ойлгогдсон. Гэвч тэрхүү том төслүүд хөдлөх эхлэл болж буй гэх 2025 оны төсөв тэр болгонд таалагдсангүй. УИХ-ын гишүүд, бизнесийн хүрээнийхэн гээд тал бүрээс ирэх оны төсвийн талаарх байр сууриа илэрхийлж байна. Голдуу шүүмжлэлтэй. Нэг хэсэг нь яалт ч үгүй зөвийг хэлж байна. Бас нөгөө хэсэг нь үүгээр далимдуулж улс төр хийж байгаа ч харагдлаа. Түүнд нь Ерөнхий сайд нэлээд бухимдаж байгаа бололтой. Тэрээр өнгөрсөн даваа гаригт болсон УИХ дахь намынхаа бүлгийн хурал дээр “Том төслүүдийг гацаадаг технологиуд явж эхэлж байна. Яг л ийм хөөсрөлт дээр “Танк орж ирнэ” гэж итгээд 16 жил алдсанаа дүгнэх ёстой шүү. Ер нь бол том төслүүдийг зогсоохын тулд зохиомол хөөсөн хөшиг татдаг. Тэр зүйлд төөрмөөргүй байгаа юм.  “Танк орж ирнэ” гэдгийг өнөөдөр марзан сонсогдоно. Гэтэл яг тэр үедээ үзэл санааны хөшиг болчихсон. Тэгэхээр намайг хүүхэд байхад л яригддаг байсан домгуудыг одоо дуусгах цаг болсон” гэжээ. 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь том төслүүдээ гацаалгүй явуулах сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан. Тэрээр хоёр долоо хоногийн өмнөх бямба гаригт болсон “Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган”-д илтгэл тавих үеэрээ, “Танк орж ирнэ” гээд 16 жил гацаасан том төслүүдийн эдийн засгийн алдагдлыг улс биш, харин популистууд төлөх ёстой. Энэ парламент дотор популистууд живсэн. Тэрийг Х.Баттулга тэргүүтэй популистууд ойлгоогүй байгаа. 30 жилийн түүхэн дэх Ерөнхийлөгч нараас буцаж УИХ-ын гишүүн болсон анхны хүн, шуналын гутамшигт үлгэрлэл, үе дамжин яригдах онигоо боллоо. Одоо хангалттай биш үү.

Эдийн засгийн төслийг явуулахгүй гээд зогсож байдаг Ерөнхий сайд асан хүртэл байхыг харах гэж дээ. Байх үедээ байгаад, байхгүй үедээ утаа май тавьж улсад гай болоод сууж байхаар явах хэрэгтэй. Улс төрийн оноо авахын тулд бодит байдлыг худлаа тайлбарлах шиг арчаагүй үйлдэл байхгүй” гэж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>