Катар ба Арабын орнуудын хооронд үүссэн дипломат зөрчилдөөний өрнөл ба шалтгаан
Дипломат маргаан дэгдсэнээс үүдэн Египет болон Саудын Арави улс агаарын орон зайдаа Катарын нисэх онгоцуудыг нэвтрүүлэхийг хориглолоо.
Хэт давруу үзэлт террористуудыг дэмжиж, бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулж байна гэх үндэслэлээр Персийн булангийн жижиг улс болох Катартай тогтоосон дипломат харилцаагаа хэд хэдэн улс орон таслаад байгаа юм.
Саудын Арави, АНЭУ, Египет болон Бахрейн улс Катарт агаар, хуурай газар болон усан хилээ хаажээ.
Харин Катарын тал эдгээр улсын шийдвэрийг "ямар ч үндэслэлгүй, шударга бус шийдвэр” гэж тодорхойлсон бөгөөд "террорист бүлэглэлүүдийг, тэдгээрийн дотор "Лалын улс”-ыг манай улс огт дэмжээгүй” гэв.
Суданы ГХЯ талуудыг "эвлэрүүлж, байдлыг намжаах”-ын тулд зуучлахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Катартай олон улс орон дипломат харилцаагаа тасалсныг АНУ-ын холбоотнууд болох Персийн булангийн нөлөө бүхий улс орнуудын дунд үүссэн "томоохон хагарал” гэж ажиглагчид үзэж байна.
Персийн булангийн эдгээр улс нь ойрын хөрш Ирантай ч таагүй харилцаатай байгаа билээ.
Хэн ямар шийдвэр гаргав?
Газрын тосны нөөц ихтэй, Персийн булангийн жижиг улс Катартай тогтоосон дипломат харилцаагаа Бахрейн, Саудын Арави болон АНЭУ тасалж, агаар, хуурай газар болон усан хилээ бүрэн хаажээ.
Мөн Катарын жуулчид болон иргэдийг улс орноосоо хоёр долоо хоногийн дотор гарахыг эдгээр улс шаардсан байна.
Үүнээс гадна иргэдээ Катар руу явахыг энэ гурван улс хоригложээ.
Нутаг дэвсгэрээсээ 48 цагийн дотор гарч явахыг Катарын дипломатчдаас АНЭУ болон Египет улс шаардсан байна.
Катарын нөлөө бүхий телевизийн суваг болох "Аль-Жазира”-гийн Саудын Арави дахь салбарыг Эр-Риядын эрх баригчид хаасан байна.
Египет, Йемен, Ливи болон Мальдив улс мөн Катартай дипломат харилцаагаа тасалсан юм.
Агаарын тээврийн тухайд?
Катарын онгоцуудыг нисэх онгоцны буудлууддаа газардах, зогсох болон агаарын хилдээ нэвтрэхийг Саудын Арави хоригложээ.
Египет мөн адил Катараас ниссэн онгоцуудыг оруулалгүй агаарын хилээ хаажээ. Тус хоёр улсын хооронд нислэг үйлдэхийг мягмар гарагийн 04:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хориглосон байна.
Холбогдох улс орнууд, тэдгээрийн дотор Бахрейны "Gulf Air”, АНЭУ-ын "Etihad Airways” болон "Emirates” зэрэг иргэний агаарын тээврийн компаниуд Катарын нийслэл Доха руу хийх болон Дохагаас хөөрөх нислэгүүдээ мягмар гарагийн өглөөнөөс эхлэн цуцалж байгаагаа мэдэгджээ.
Катарын иргэний агаарын тээврийн "Qatar Airways” компани Саудын Арави руу нислэг үйлдэхээ түр зогсоосон байна.
Хүнсний бүтээгдэхүүний импортын хувьд Катар нь Саудын Аравигаас нэлээд хамааралтай байдаг учир катарчууд хүнсний бүтээгдэхүүн болон ус нөөцөлж эхэлсэн гэх мэдээлэл байна.
Үүнтэй холбоотойгоор Ираны Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлогчдын холбоо мэдэгдэхдээ "манай улс далай тэнгисээр 12 цагийн дотор Катар руу хүнсний бүтээгдэхүүн экспортлох боломжтой” гэсэн байна.
Чухам ямар шалтгааны улмаас нөхцөл байдал ийм дээрээ тулав?
Үүлгүй тэнгэрээс бороо асгарахын адил Катартай харилцаагаа таслах шийдвэрийг гэнэт гаргасан юм биш. Катар ба хөрш орнуудын харилцаа олон жилийн турш таагүй байсан бөгөөд сүүлийн хэдэн долоо хоногт илт хурцдаж эхэлжээ.
Хоёр долоо хоногийн өмнө Катарын мэдээллийн эх сурвалжууд, тэдгээрийн дотор "Аль-Жазира” телевизийн сувгийг Египет, Саудын Арави, Бахрейн болон АНЭУ-ын эрх баригчид хаасан байна.
Катарын Эмир Шейх Тамим бен Хамад аль-Тани төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээрээ дамжуулан Саудын Аравиг шүүмжилсэн гэх шалтгаанаар дээрх шийдвэрийг гаргасан аж.
Харин Катарын тал үүнийг эрс үгүйсгэж "Эмир Шейх Тамим бен Хамад аль-Тани хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Саудын Аравиг огт шүүмжлээгүй. Энэ бол кибер халдлага” гэж мэдэгджээ.
Дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэх шалтгаанаар 2014 онд Саудын Арави, Бахрейн болон АНЭУ Катараас Элчин сайд нараа хэдэн сарын хугацаатайгаар эгүүлэн татаж байсан юм.
Харин энэ удаад "лалын босогчдын бүлэглэлүүдийг дэмжиж байна, Саудын Аравийн бүс нутаг дахь гол өрсөлдөгч Ирантай харилцаагаа бэхжүүлж байна” гэсэн хоёр шалтгаанаар дээрх улс орнууд Катартай харилцаагаа тасаллаа.
Гэтэл Катар нь "Лалын улс”-тай тэмцэж буй АНУ тэргүүтэй эвсэлд нэгдсэн улс бөгөөд тус улсын Засгийн газар "манай улс босогчдод санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй” гэж мэдэгдсээр байгаа юм.
Катарын баян чинээлэг иргэд төдийгүй Засгийн газар нь Сири дэх лалын хатуу чиг шугам баримтлагч бүлэглэлүүдэд мөнгө болон зэвсэг нийлүүлж байна гэж дээрх улс орнууд буруушааж байна.
Катарын тухай гол баримтууд
· 2.7 сая хүн амтай
· Хүн амын 2 сая нь эрэгтэй
· 11 437 км2 нутаг дэвсгэртэй
· Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 77 жил
· Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 80 жил /Эх сурвалж: НҮБ, Дэлхийн банк, ДЭМБ/
Одоогоос хоёр долоо хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Эр-Риядад айлчлах үеэрээ "хэт давруу үзэлтнүүдтэй тэмцэхэд хамтран ажиллах”-ыг лалын шашинт улс орнуудад уриалахын сацуу Ойрхи Дорнодын байдлыг тогтворгүй болгож байна гэж Ираныг буруушаасан билээ. Иран болон Катар нь ойрын холбоотнууд юм.
Д.Трампын засаг захиргааны хатгаасаар Персийн булангийн улс орнууд Ираны ойрын холбоотон Катартай харилцаагаа тасалсан байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.
Дипломат харилцаагаа тасалсныг хэрхэн хүлээн авч байна вэ?
2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах Катар улс нь дээрх улс орнуудын шийдвэрийг эрс шүүмжилж байна. Тус улсын ГХЯ мэдэгдэхдээ "эдгээр улс орнуудын шийдвэр манай улсын жирийн иргэд, оршин суугчдын өдөр тутмын амьдралд нөлөөлөхгүй” гэв.
Иран, Турк болон АНУ санал зөрөлдөөнөө яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхийг талуудад уриалжээ.
Суданы ГХЯ мэдэгдэхдээ "манай улс бүс нутгийн ард түмний ашиг сонирхлыг харгалзан үзсэний үндсэн дээр нөхцөл байдлын намжааж, талуудыг эвлэрүүлэхэд зуучийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна” гээд, энэ маргааныг шийдвэрлэхийн тулд хамтран ажиллахыг бүс нутгийн улс орнуудын удирдагчдад уриалсан байна.
Суданы Засгийн газар болон Дарфурын босогчдын хооронд Катар улс зуучилж, энхийн хэлэлцээг амжилттай хийж байсан юм.
Улс орнууд дипломат харилцаагаа тасалсантай холбоотойгоор Катарын хөрөнгийн биржүүдэд хувьцааны ханш 7.2 хувиар унажээ.
Катарын 2.7 сая хүн амын бараг 90 орчим хувь нь цагаач ажилчид бөгөөд тэдний ихэнх нь барилгын салбарт ажиллаж байна. 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг авсны дараа Катарт барилгын салбар хүчээ авч эхэлсэн юм.