|
Видео

Шинэ мэдээ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР АРБИТРЫН МАРГААНД ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

 
 МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР АРБИТРЫН МАРГААНД ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газар "Төмөртэйн хүдэр” ХХК-ийн Хятадын хөрөнгө оруулагчдын "Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд 1991 онд байгуулсан Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” гэрээний дагуу үүсгэсэн арбитрын маргаанд ялалт байгууллаа.

Маргааны нэхэмжлэлийг 2010 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Гаагийн олон улсын арбитрын шүүхэд гаргасан бөгөөд арбитрын бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг 2017 оны зургадугаар сарын 30-ны өдөр гаргасан. Уг арбитрын маргаан нь Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах Төмөртэйн ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдон үүссэн бөгөөд уг орд нь 250 сая тонны төмрийн хүдрийн нөөцтэй, Монгол Улсын эдийн засгийн стратегийн гол нөөц ордын нэг юм.

Монгол Улсын эрх бүхий байгууллага "Төмөртэйн хүдэр” ХХК нь ашигт малтмалын тухай хуулийн заалтуудыг зөрчиж улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг улсын төсөвт төлөөгүй, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ аваагүй, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай болон Ашигт малтмалын тухай хууль зөрчиж "Хустайн ерөө” ХХК-ийн талбайд тэсэлгээ хийсэн, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд төмрийн хүдрийг баяжуулна гэсэн боловч хүдэр хэлбэрээр БНХАУ-д экспортлож байгаа нь "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг 2006 онд хүчингүй болгосон.

Нэхэмжлэгчид болох БНХАУ-ын "Чинхуангдаоши Чинлог Интернэшнл Индастриал” компани, "Чайна Хэйлонжианг Интернэшнл энд Техникал Кооператив” корпораци болон "Бээжин Шоуганг Майнинг Инвестмент” компаниуд манай улсаас бодит хөрөнгө оруулалт 60 сая ам.доллар дээр тусгай зөвшөөрлийг цуцалснаас хойш олж болох байсан бүх ашиг орлого болон арбитрын маргаантай холбогдон үүссэн бүх зардлыг нэхэмжилсэн юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.