Эрдэнэтийн ар дахь нууц тайлагдлаа

861

Эрдэнэтийн ар дахь нууц тайлагдлаа Б.Эрхэс 26 жилийн түүхэнд анх удаа Ерөнхийлөгчийн сонгууль ялагчгүй болж, Монгол улс анх удаа дахин санал хураалт хийх асуудал угтаа нийгмийн анхаарлын төвд байх учиртайсан. Тэр тусмаа өнгөрсөн УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй олонхи буюу 65 гишүүний суудал авсан МАН-ын нэр дэвшигч яагаад арай ядан жагсаалтын хоёрдугаарт бичигдсэнийг дотооддоо ярилцаж, хариуцлагын асуудал ярих ёстой байлаа. Гэтэл МАН-д энэ асуудал сонин биш бололтой. Үүнийг хэвлэл мэдээлэл бүр өөр өөрийн өнцгөөр тайлбарлаж буй.
 
Тухайлбал, МАН-ын нөлөө бүхний улс төрчдийн нэг С.Баярын тактик хэрэгжиж, тэр санаснаа биелүүллээ гэх дүгнэлтийг сэтгүүлч Б.Дамдин-Очир нийтлэлдээ онцолсон байх юм. "С.Баяр М.Энхболдын засаглалыг 10 жилийн дараа нураалаа” гэх гарчигтай нийтлэлд "С.Баяр ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон М.Энболдыг нэр дэвшихийг дэмжсэн цаад шалтгаан нь 10 жилийн өмнө Ерөнхий сайдаас буулгасан шиг УИХ-ын даргаас буулгах байж. Тэр рэйтинг муу байгааг нь мэдсээр байж нэр дэвшүүлэхийг дэмжсэн нь учиртай.” хэмээн бичжээ. Улс төрийн өнцөгөөс нь харвал намын дотоод асуудлыг ингэж дүгнэж болохооор. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчийн сонгуулийг тойрсон улс төржилт нэгэн том сэдвийн халхавч болж буйг ч хэвлэл мэдээлэл бичиж таамаглаж эхэлжээ. Тэр нь "Эрдэнэт” үйлдвэр. Угтаа хөшигний цаана суугаа С.Баяр нарт МАН жагсаалтын нэг, хоёрдугаарт бичигдэхээс илүүтэй "Эрдэнэт” үйлдвэрийн хувь хэмжээ л анхаарал хандуулах сэдэв нь болчихоод байгаа гэх. Дахин санал хураалт дөхсөн энэ өдрүүдэд сонгууль гэхээс илүүтэй Эрдэнэт үйлдвэрийг тойрсон хар бараан мэдээлэл улам бүр эрчээ авч байна.
 
Хамгийн сонирхолтой нь энэ мэдээллийг дэврээгчид нь МАН-ын гишүүд өөрсдөө. Энэхүү үйлдвэрийн асуудал нэг жилийн өмнөөс л олны анхааралд өртсөн. Үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшлийн компани худалдан авч, ОХУ-ын Ростех компанийн мэдлээс салгаж ирэхэд УИХ-ын сонгуулийн шоу болгоод дууссан. Монголын ард түмний өмчийг хууль бусаар дээрэмдлээ хэмээн дээр дооргүй улстөржсөөр УИХ-аар тогтоол батлуулан төрийн мэдэлд 100 хувь авч байсан нь хэдхэн сарын өмнө. Гэсэн ч сэдэв нь "мөлжүүртэй” юм болохоор ерөнхийлөгчийн сонгуулиар дахин ашиглаж байна. Угтаа эх орондоо эргэж ирсэн 49 хувийг төрийн мэдэлд авсан нь ард түмнээ бодсон, эх орончдын хийж буй ажил хэмээн иргэд талархалтай хандаж байв. Хувийн хэвшлийг дээрэмдсэн үйлдлээ тэд соёлтойгоор иргэдэд ингэж л ойлгуулсан, ард түмэн ч тэгж л хүлээж авсан. Гэвч тийм биш байжээ. Ойрын өдрүүдэд өрнөж буй үйлдвэрийг тойрсон хар мэдээллээс харахад нэгэнт Монголд ирсэн Эрдэнэтийн тал хувийг нэр бүхий гадаадын компанид дамнуулан зарах асар томд хуйвалдаан явжээ гэдэг нь ил болж байна. Энэ хуйвалдааныг ажил хэрэг болгох ажилд МАН-ын нөлөө бүхий улс төрчид оройлон оролцож байгаа талаар ч хэвлэл мэдээллүүд өөр өөрсдийн өнцгөөр таамаг бичиж байх юм. Тухайлбал, МАН-ын тэргүүн стратегич С.Баяр, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нарын нэрс дуулдаж байх юм. Төрийн мэдэлд нэгэнт авчихсан компанийг хэвийн хэвшил буцаан дээрэмдэж байгаа мэтээр нийгэмд ойлголт төрүүлэхийг хичээж, олон нийтийн дунд санаатайгаар 100 хувь Монголын мэдэлд ирсэн тус компанийн эсрэг цуурхал тараан, хар бараан мэдээ явуулж эхэлсэн нь ердөө энэ наймааныхаа хөрсийг бэлдэж буй хэрэг.
 
Эрдэнэтийн хувийг дамнуулан зарснаар тэдний горьдож байгаа цорын ганц зүйл нь брокерийн хөлж авах. Өөр зүйл бодсонгүй. Эрдэнэтийг ч бодсонгүй, эх орноо ч бодсонгүй, иргэдээ ч бодсонгүй. Ердөө л хялбар мөнгө хийхийг зорьжээ. Харин үүнд Ерөнхийлөгчийн сонгуулийг татан оролцуулж, улс төржилт дээд цэгтээ хүрсэн энэ үеийг ашиглах нь С.Баярын овжин мэх байжээ. Эрдэнэтийг тойрсон маргаан, үл ойлголцол, хар бараан мэдээлэл, зохион байгуулалттай турхиралт зүгээр ч нэг хийгдээгүй юм. Төрд авчихсан өмчийг сонгуулиар дуулиан болгож буй хөшигний цаадах учир шалтгаан нь тайлагдаж буй бололтой.

 
Б.Эрхэс
 
Эх сурвалж: Монголын мэдээ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>