|
Видео

Шинэ мэдээ

16-10-2017, 12:11

Төв аймгийн дарга нар, “ИЛТ ГОУЛД”-ын сүлжээ ба “ЭРДЭНЭСИЙН ЭРЭГ”-ийн нууц

Төв аймгийн дарга нар, “ИЛТ ГОУЛД”-ын сүлжээ ба “ЭРДЭНЭСИЙН ЭРЭГ”-ийн нууц

 

"Эрдэнэсийн эрэг” хэ­мээх ганган нэртэй компанийн үйл ажиллагааг Төв аймгийн Заамар сумын малчид эсэргүүцээд сүйд болж байна. Яав гэтэл тус сумын Өвөрнаймган гэдэг газарт 15.541.08 га газрыг  "Эрдэнэсийн эрэг” компанид лицензээр эзэмшүүлэхээр болжээ.

Энэ лицензийг "Алт-2” хөтөлбөрийн хүрээнд АМГТГ-аас олгосон байна.

Нутгийн малчид АМГТГ-т "Эрдэнэсийн эрэг”-ийн лицензийг цуц­­луулахыг шаардсан  бичгийг 2017 оны есдүгээр сарын 13-нд хүргүүлсэн байна.

АМГТГ-ын Кадастрын албаны дарга Д.Мөнхтамир малчдын шаардлагын хариуд "…Засгийн газрын "Алт-2” хөтөлбөрийн хүрээнд олгох жагсаалтад орсон Төв аймгийн Заамар сумын Өвөрнаймганд 15.541.08 га, Төмөстийн 5628.5 га нийт 21 га-д лиценз олгохоор орон нут­гаас санал авахаар хүргүүлсэн. Гэвч  аймгийн ИТХ-аас хуулийн хугацааг хойшуулж өгөх санал ирүүлсэн. Энэ нь хуулиас давсан шийдвэр байсан. Харин баг, сумын ИТХ-аас зөвшөөрөхгүй гэсэн саналыг бид харгалзан Төмөстий багийн 5628.5 га газрыг түдгэлзүүлж, Өвөрнаймганы 15.541.08 га-д тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан. 15.541 га жаахан л газар шүү дээ. Харин ч бид Төмөстий багийн 5628.5 га-г нь түдгэлзүүлсэн” гэж ярьж байна” гэжээ.

Мөн тэрээр "…Аймгийн тусгай хэрэг­цээнд авсан газар хэдий ч Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх хуулийн заалттай учраас олгосон” гэж нэмж хэлсэн юм.

Харин Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал " …Уг газарт хайгуул хийх тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд өгөх саналыг авахаар хуульд заасан хугацаанд АМГТГ-аас ирүүлсэн. Баг, сум, аймгийн ИТХ, хуулийн хугацаанд багтаж иргэдээс  санал авч, хурлаар шийдвэр гар­гахад 15 хоногийн бо­ломж байсан. Санал авах албан бичиг манайд гарсан өдрөөс хойш 14 хоногийн дараа ирсэн. Энэ хугацаанд баг, сумын ИТХ шуурхай хуралдаж "…Зөвшөөрөхгүй” гэдэг саналаа аймгийн ИТХ, АМГТГ-т хүргүүлсэн.

Харин аймгийн ИТХТ-ийн хуралдаанд оруулсан ч нэгдсэн хуралдаанаар шийдэх шаардлагатай гэж үзсэн. Гэвч нэгдсэн хуралдааныг зарлан хурал­дуулах  хугацаа байгаагүй. Тиймээс АМГТГ-т хуулийн хугацааг хойш­луулж өгөхийг хүссэн албан бичгээ ИТХ-ын тогтоолын хамт хүргүүлсэн. Түүнээс хуулиас давсан шийдвэр гаргаагүй” гэв. Гэхдээ аймгийн Засаг дарга "…Ингэсэн нь учиртай. Хоёр шалтгаантай” гэсэн юм. Тэрээр "…Нэгэнт "Алт-2” хөтөлбөрийн хүрээнд олгохоор заагдсан учраас лиценз олгох нь тодорхой. Тиймээс гаднын компани оруулж байхаар өөрсдөө орон нутгийн  оролцоотой компани байгуулж сонгон шалгаруулалтад оролцож лицензийг нь авах зорил­готой байсан. Өөрөөр хэлбэл "хүний нохой идэж байхаар өөрийн нохой идэг” гэсэн үүднээс "Төв-Эрдэнэс” хэмээх компани байгуулсан. Хувьцааных нь 34 хувийг "Төв Эрдэнэс” ОНӨААТҮГ, 66 хувийг нь "Эрдэнэсийн эрэг ”,  "Хар бор гоулд”  ХХК-иуд эзэмшихээр ярьсан. Ингээд орон нутгийн өмчийн оролцоотой "Эрдэнэсийн эрэг” компа­нийг үүсгэн байгуулж лицензийг нь авсан. Энэ нь нутгийн иргэдэд  үр өгөөжийг нь хүртээх л гэсэн явдал. Бас нутгийн ард иргэд үүнийг ойлгохгүй бол цуцална гэж бодож байсан” гэлээ.

Одоогоор Төв аймгийн Орон нутгийн өмчийн албанаас эдгээр компа­ниудтай гэрээ хэлэлцээр хийх шатандаа явж байгаа юм байна. "…Манай ИТХ-д дээрх хоёр компани хам­тарч оролцох талаар саналаа ирүүл­сэн. Хуралд "Эрдэнэсийн Эрэг” компа­нийн гүйцэтгэх захирал н.Энхжаргал ирж компаниа танилцуулсан. гэж Орон нутгийн өмчийн албаны дарга Д.Батжаргал хэлэв.

Харин хаана байрладаг, ямар хүчин чадалтай компани гэдгийг аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Орон нутгийн өмчийн албаны дарга Д.Батжаргал нар хэлж өгөхөөс татгалзсан юм. "Эрдэнэсийн эрэг” компанийн асуудал та­нил­цуулга аймгийн ИТ­Х-ын тэргүүлэгчдийн хурал­дааны хэлэлцэх асуудалд нэг ч удаа орж ирээгүй гэж аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Б.Нямдорж хэлж байсан.

Тиймээс Заамар су­мынхны эсэргүүцээд байгаа "Эрдэнэсийн эрэг”-т олгосон лицензийг аймгийн дарга нар нь урьдаас төлөвлөж авсан нь байх магадлалтай байна. Гэтэл малчид хаа байсан АМГТГ руу дайраад байдаг.

Ер нь сүүлийн үед  манай Засгийн газар хэн нэгний компанийн аль нэг лицензийг цуцалчихаад оронд нь  өөр аймгийн газраас "бэлэглэдэг” жи­шиг тогтсон байна. Тухайл­бал, 2016 онд сон­гуулиас өмнө Баян­хонгор аймагт хайгуул, ашиглалтаар өгсөн газ­­руудын тусгай зөв­шөөр­лийг цу­цалж  нөхөн төл­бөрт нь  Заамарын нутгаас дөрвөн байршилд 5000 га газрыг Засгийн газрын тог­тоолоор ол­госныг  Төв аймгийн ИТХ-ын тө­лөө­лөгч Д.Болормаа ярьж байсан.

Заамар сумын иргэн Ж.Батбаяр "…"Эрдэнэсийн эрэг” компанийн ард аймгийн удирдлагууд, мөн "Илт Гоулд” гэдэг компани, хууль хяналтын байгууллагад ажиллаж байсан нөхөд байгаа” гэж ярьж байна. "Илт-Гоулд” ХХК-ийн захирал Б нь Төв аймгийн МАН-ын бага хурлын гишүүн, намдаа нөлөө бүхий эмэгтэй бай­даг гэж яригдаж байна.  Энэ компани Заамарт нэ­лээд хэдийнээс уул уур­хайн олборлолтын үйл ажил­­­­лагаа эрхэлсэн байдаг ажээ.

Хамгийн хачирхалтай нь "Эрдэнэсийн эрэг” компанийн лицензийн албан ёсны хаяг "Илт Гоулд” компанийн хаягтай давхцаж байсан юм. Тэр хаягаар нь явж очиход ойр орчмынх нь хүмүүс "…Заамарт үйл ажил­лагаа явуулдаг хэд хэдэн  компани байдаг” гэсэн. Харин "Эрдэнэсийн эрэг” гэсэн хаягтай компани байсангүй.

Байрны харуул хам­гаалалтынхан "…Таван давхарт байрладаг нэг компани саяхан нэрээ сольсон” гэж байв. Тэр нь 503 тоотод байрладаг байсан "Эрдэнэсийн эрэг”  компани болж таарав. Тэ­г­э­­хээр "Эрдэнэсийн Эрэг”-ийн ард " Илт гоулд” компани байх магадлал өндөр байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ сүлжээ буюу "Эрдэнэсийн эрэг” компани явсаар Төв аймгийн удирдлагууд хий­гээд "Илт гоулд” компанийг холбох магадлал өндөр.

Эцэст нь, энэ бүгд явсаар Төв аймгийн Заамар сумын иргэд хийгээд Төв аймгийн дарга нарын хооронд тэмцэл өрнөж таарах нь.

Зууны мэдээ
Ц.Баяр

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.