О.БОЛОРСҮХ: СОНСОХ ЧАДВАР НЭГЭНТ АЛДАГДСАН БОЛ ТҮҮНИЙГ БҮРЭН ЭМЧЛЭХ, НӨХӨН СЭРГЭЭХ БОЛОМЖГҮЙ

964

О.БОЛОРСҮХ: СОНСОХ ЧАДВАР НЭГЭНТ АЛДАГДСАН БОЛ ТҮҮНИЙГ БҮРЭН ЭМЧЛЭХ, НӨХӨН СЭРГЭЭХ БОЛОМЖГҮЙХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн эрүүл ахуйч О.Болорсүхтэй доргио болон шуугианаас үүдэлтэй өвчлөлийн талаар ярилцлаа.  

-Доргио болон шуугианаас үүдэлтэй өвчлөл манай улсад хэр тохиолдож байна вэ?

-Монгол улсад мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвдсөн ажилчдын ихэнхи хувийг ажлын байрны тоос, тоосонцроос шалтгаалсан амьсгалын замын өвчлөл эзэлдэг.  Харин удаах байруудад эргономикийн буруу байрлал, доргио чичиргээ болон шуугианаас үүдэх өвчлөлүүд эзлэж байна. Ерөөсөө дуу шуугианы нөлөөллөөс ангид байдаг ажлын байрууд үйлдвэр, уурхайн нөхцөлд маш ховор. Аж үйлдвэрийн хувьсгалаас өмнө харьцангуй цөөн хүмүүс  ажлын байран дахь аюултай шуугианд өртөж байсан. Харин үйлдвэрийн салбарт техник, тоног төхөөрөмжийн хувьсал, механикжуулах үйл ажиллагаа нэвтэрснээр шуугианы асуудал өсөн нэмэгдэх болсон. Миний хувьд ажлын байрны шуугианаас үүдэлтэй сонсгол алдагдалт, түүнээс урьдчилан сэргийлэх зэрэг тодорхой судалгаануудыг хийж гүйцэтгэж байна.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээс үзэхэд насанд хүрсэн хүмүүсийн сонсгол алдагдалтын 16 хувь нь ажлын байрнаас шалтгаалсан гэж тогтоогдсон. Манай улсад 1975 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд 320 орчим хүн ажлын байрны шуугианаас шалтгаалсан сонсгол алдагдах эмгэгээр хөдөлмөрийн чадвар алдсан байна.  Эдгээр ажилчдын ихэнхи буюу 20 гаруй хувийг эрчим хүчний салбар буюу Дулааны цахилгаан станцын ажилтнууд эзэлдэг.

-Бага зэргийн дуу чимээтэй орчинд ажилладаг ажилчдын өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанаас үүдэж сонсгол буурах тохиолдол байх уу?

-Ажлын байрны стандартад заагдсан дээд хэмжээнээс чанга шуугиантай байх нь ажилтнуудын сонсгол алдагдах эмгэгт өртөх гол шалтгаан болдог. Шуугиан нь ажилтныг өвдөлтгүйгээр нэг л өдөр мэргэжлээс шалтгаалсан өвчтэй болгох аюултай. Хамгийн том асуудал бол хүний сонсох чадвар нэгэнт алдагдсан бол түүнийг бүрэн эмчлэх, нөхөн сэргээх боломжгүй байдаг. Сонсгол алдагдах нь эмгэгийн шалтгаан болохоос гадна бусад эрүүл мэндийн сөрөг нөлөөллийг үүсгэдэг. Үүнд:ядрах, анхаарал төвлөрөлт буурах, цусны даралт ихсэх зэрэг мэдрэл, зүрх судасны эмгэг үүсэхээс гадна, ажилчид анхааруулах тохиог сонсоогүйгээс үйлдвэрлэлийн осол гарах эрсдэл үүсч болно.  Гэхдээ шуугианы сонсголын бус сөрөг нөлөөллүүдийг судлаачид бүрэн судалж тогтоогоогүй.  Тиймээс дуу шуугиан нь ажлын байранд хамгийн түгээмэл тохиолддог, эрүүл мэндэд аюултай хүчин зүйл бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтний тулгамдсан асуудлуудын нэг болоод байна.

-Ажлын байрны шуугианаас үүдэлтэй сонсгол алдалтын талаар хийгдсэн томоохон судалгаанууд юу байна?   

-Манай байгууллага Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн орчны эрүүл мэндийн тэнхимтэй хамтран олон улсын жишиг арга, аргачлалын дагуу Дулааны цахилгаан станцын ажилчдын өртөж буй шуугианы түвшинг судлах зорилгоор томоохон судалгааг 2015-2016 онд хийж гүйцэтгэсэн. Тус судалгааны дүнгээр ажилчдын 80 орчим хувь нь олон улсын зөвлөмж стандартуудад заагдсан зөвшөөрөх дээд хэмжээнээс хэтэрсэн шуугиантай нөхцөлд ажиллаж буй нь тогтоогдсон. Гэхдээ ажлын байранд шуугианы түвшин эрсдэл өндөр байгаа боловч ажилчид маань өөрсдийгөө дуу чимээнээс хамгаалах чихний бөглөө, чихэвч зэргийг хэрэглэддэггүй, хэрэглэж хэвшээгүйд хамгийн том асуудал байна. Ажлын байранд дуу шуугианд хэдий өндөр байсан ч сонсгол алдагдах эмгэгт өртөхгүй байж болно.

-Тэгвэл урьдчилан сэргийлэх талд ямар арга хэмжээ авч болох вэ?

-Шуугианаас ажилчдыг хамгаалах маш олон төрлийн аргууд байдаг. Энэ талаар Аж ахуйн нэгж байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтнүүд маань өөрийн байгууллага дээр шуугианыг бууруулах ямар аргыг ашиглаж болох талаар зөвлөгөө, зөвлөмж авч хамтран ажиллах бүрэн боломжтой. Монгол улсад ажлын байранд тавигдах шуугианы зөвшөөрөгдөх хэмжээг MNS 5002:2000 дугаар бүхий стандартаар зохицуулж байна. Тухайн стандарт маань энэ онд шинэчлэн боловсруулагдаж байгаа бөгөөд Хөдөлмөрийн яам, ХАБЭМТ, МХЕГ, АШУҮИС зэрэг байгууллагууд тус асуудлаар хамтран ажиллаж байгаа.

-Дуу чимээ ихтэй газар ажилладаг хүмүүс чихэвч зүүсэн ч олон жил ажиллахад сонсголд нөлөөлөх боломж бий юу?

-Хэрвээ чанарын шаардлага хангасан сонсгол хамгаалах хэрэгслийг тогтмол зөв хэрэглэвэл сонсгол бууралтаас урьдчилан сэргийлэх боломжтой. Мөн ажил хийж байгаа хувь хүнээс шалтгаална.  Өөрөөр хэлбэл, чанарын шаардлага хангасан чихэвч байсан ч тухайн ажилтан чихэвчээ буруу хэрэглэвэл сонсгол буурах эмгэгт өртөх эрсдэлтэй.

-Нэмж нэг зүйлийг асуухад сүүлийн үед залуучууд чихэвчний хөгжим маш ихээр хэрэглэдэг боллоо.  Энэ нь сонсголын эмгэгт шууд нөлөөлөх үү?

-Энэ асуудал сүүлийн үед нэлээн яригдах болсон. Чихэвчний хөгжим байнга хэрэглснээр сонсгол буурах үзэгдэл залуужих хандлагатай байгааг олон улсын судалгааны байгууллагууд гаргасан байдаг. Ерөнхийдөө шуугианы нөлөөлөл өндөртэй ажлын байруудад чанга дуу чимээг арилгах, инженерийн, захиргааны, хувь хүнд чиглэсэн арга хэмжээнүүдийг шат дараалалтай хэрэгжүүлснээр ажилчдын эрүүл мэндийг бүрэн хамгаалах боломжтойг дахин хэлмээр байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>