Ц.Нямдорж С.Зоригийн хэргийг төрийн нууцаас гаргах саналыг Засгийн газарт оруулна гэжээ

780

Ц.Нямдорж С.Зоригийн хэргийг төрийн нууцаас гаргах саналыг Засгийн газарт оруулна гэжээ

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн Баасан гарагт ЦЕГ-ын удирдлагуудтай уулзаж, дараах асуудлаар үүрэг чиглэл өглөө. Түүний хэлсэн үгийг багцлан хүргэж байна. 

  • Эрүү, Зөрчлийн хууль батлагдсан энэ хуулийн хэрэгжилтийг амьдрал дээр мэдэрч байгаа хүмүүс цагдаагийн албан хаагчид байгаа. Энэ хуулийн давуу тал, сөрөг тал юу байна вэ. Энэ чиглэлээр нарийн сайн судалгаа гаргаж, засч залруулах санал байвал яаралтай өгөх шаардлагатай байна. Ажлын хэсэг байгуулж, судалгааны ажил хийж танилцуул.
  • Намайг явснаас хойш 5 жилд янз бүрийн л юм боллоо. Төвөгтэй нөхцөлд ажиллах шиг боллоо. Шинэ хуулийн хэрэгжилтийг сайн зохион байгуулж, мөн чанараар хэрэгжүүлэх хэрэгтэй.
  • Удирдлагуудын харьцаанаас шалтгаалж, яам, цагдаагийн байгууллагын харилцаа төвөгтэй байдалд орсон гэж дуулдсан. Өнөөдрөөс эхлээд ийм асуудал огт байж болохгүй шүү. Сайд нь сайдаараа, яам нь яамаараа, цагдаа нь цагдаагаараа байна. Хуулийн хүрээнд яамнаас өгч байгаа үүрэг даалгаврыг биелүүлж ажиллана аа. Эс тэгвээс хариуцлага байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Та бүгд сайдын өмнө, сайд Засгийн газрын өмнө, Засгийн газар, УИХ-д ажлаа хариуцаж, хамгаална. Энэ бол хүний харилцаа. Таалагддаг, таалагддаггүйгээс шалтгаалахгүй.
  • Монголын ард түмний анхаарлыг татаад байгаа талийгаач С.Зоригийн хэргийн шийдвэрлэлттэй холбоотой хэрэг байна. Даргын зөвлөлийн гишүүдтэй уулзаж байгаа гол шалтгаан энэ. Тагнуулын байгууллага шалгасан, цагдаагаас хол байсан гэдэг асуудал ярихгүй. Цаашдаа цагдаагийн мэргэжлийн албад энэ асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй.  Нарийндаа бол энэ тагнуулын биш цагдаагийн харьяаны л хэрэг шүү дээ. Хүн амины хэргийг цагдаа шалгадаг биз дээ. ​Захиалагчийг илрүүлэх ажлын хэсэг байгууллаа гээд хэвлэл мэдээллээр яриад байсан. Одоо тэр захиалагч нь байдаг юм бол зарлах арга хэмжээ ав. Прокурор, тагнуултайгаа ярь. Тэгээд зарла. Юуг нь хүлээгээд байгаа юм. Эхэлж захиалагчийг нь олж тогтоочихоод тэдний үүрэг даалгаврын дагуу хүний амь хөнөөсөн хүнийг нь олж тогтоодог хуультай биз дээ. Энгийн логик биз дээ. Энэ хэрэгт цагдаагийн байгууллага хайхрамжгүй ханддагаа таслан зогсоо. Шийтгүүлсэн хүмүүсийн гол тоглогч болоод байгаа Ц.Амгаланбаатар олон хэргийг өөртөө хүлээж байсан. Цагдаагийн байгууллага тухай бүрт нь шалгаж,  худлаа гэдгийг нь нотолж байсан юм билээ. Архангайн цэнхэр суманд гурван хүний амь сэжигтэй байдлаар хохироосон хэргийг хүлээсэн. Эрүүгийн цагдаагийн газрын 9 дүгээр хэлтсээс баахан хүмүүс бөөн ажил болж шалгахад худлаа байсан шүү дээ. 2007 онд Эрдэнэтэд хүний амь нас хохирсон хэргийг ч мөн хүлээсэн байдаг. Энэ бас л худлаа байсан. 2007 онд Эрдэнэтэд нэг айлын 4 хүн гэртээ шатаж амь насаа алдсан хэрэг гарсан. Үүнийг шалгаад цахилгаанаас үүдэлтэй хэрэг гэж цагдаагийнхан үзсэн. Гэтэл сүүлд нь Ц.Амгаланбаатар энэ хэргийг өөрөө үйлдсэн гэж мэдүүлэг өгөөд энэ дагуу хэрэг өөр тийшээ явсан байдаг. Энэ юмныхаа талаар танилцуулга өг. Найм, есөн хүний амь нас хохироосон гэж худлаа ярьж байсан хүний мэдүүлгээр л энэ бүх зүйл явлаа. Хуулийн мэргэжилтэй байтугай, жирийн хүн яриад сууж байна. Яагаад Монгол Улсын иргэн Булган гэдэг хүнийг бүтэн жил хорьчихоод гэрч ч биш хохирогч ч биш болгочихож байгаа юм. Яагаад шүүх хуралд оролцуулдаггүй юм. Тэгсэн мөртлөө Булганы хэлсэн ам зургаар хүн шийтгээд байдаг. Захиалсан юм бол төлбөртэй байж таараа. Хэн, хэнд хэдэн төгрөг өгч хүний амь нас бүрэлгэх ажлыг зохион байгуулсан юм. Баримтгүй шийтгэчихсэн юм бол хилсээр шийтгэсэн хүмүүсийг цайруулах арга хэмжээг нэн яаралтай авах хэрэгтэй. Бид эцэг эхтэй, ах дүүтэй монгол хүмүүс. Цагдаагийн хуулийнхны хатуу сэтгэлээс гадна хүний нинжин сэтгэл байх ёстой шүү дээ. 

Хилс шийтгүүлчихсэн юм бол ар, гэрт нь өчнөөн хүн дээлтэйгээ хатаж байна шүү дээ. Өрөвдөх сэтгэл гэж зүйл байх ёстой биз дээ. 75 настай  хоёр чавганц нэг нь Эрдэнэтэд нөгөөх нь Дундговьт байна. Хоёр гэр бүлийн амьдрал бүтэн сүйрлээ. Цагдаа, хуулийнхан ийм хэрцгий байж болох уу. Захиалагч гэж үнэхээр байдаг юм бол нийтэд зарлацгаа. Байхгүй юм бол гаргасан алдаагаа зас.

Одоо энэ хүн амины хэргийг улсаас нуух шалтгаан байхгүй. Мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд энэ хэргийг нууцаас гаргах санал танилцуул. Түүнийг нь би Засгийн газарт оруулна.

Сүүлийн таван жилд Эрүүгийн хэрэгт холбогдуулж хориод сүүлд нь гэм зэмгүй байсан нь тогтоогдсон хүмүүсийн жагсаалтыг улсын хэмжээгээр надад гаргаж өг.

  • Улс төрийн тэмцэл дагасан аливаа үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага огт оролцож болохгүй. Нэг хүнийг огцруулах асуудал яригдахад өглөө нь нөгөө хоёр хүний нэгэнтэй нь холбоотой хэвлэлийнн хурал хийж байдаг. Ингэж огт болохгүй. Улс төр, улстөрчдийн даалгавар та нар падлийгүй. Гүйцэтгэх ажлыг улс төрийн зорилгоор ашиглаж болохгүй. Эрүүгийн хэрэг дээрээ л гүйцэтгэх ажлаа хуулийн дагуу хийцгээ.
  • Эрдэнэтийн асуудал дээр албан тушаалаа урвуулан ашигласан байдал хэрээс хэтэрсэн. Гэтэл хууль хяналтын байгууллага ерөөсөө хөдлөхгүй байгаа. Монголбанк, Хөгжлийн банк, Чингис, Самурай бондыг тойрсон асуудал байна. Төмөр замын асуудал, 60 тэрбум, оффшор гэхмэтчилэн Эрүүгийн нөхцөл байдлыг маш их хүндрүүлж байгаа асуудал шүү.  Үүн дээр эрх бүхий албан байгууллагынх нь эрх мэдэл дутаж байгаа юм бол харилцан мэдээлэл солилцох, хамтарч ажиллах хүчээ нэмэгдүүлэхэд тус дэм болох чиглэлд ажиллах хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг хариуцдаг. Засгийн газарт гэмт хэрэгтэй тэмцдэг Цагдаа, Тагнуул хоёр газар байдаг. Энэ яриад байгаа асуудал хуулиар харьяалуулсан байна уу, эс харьяалуулсан байна уу хамаагүй гэмт хэрэг мөн биз. Тиймээс дээрх асуудлаар та бүхэнд мэдээлэл байвал хөдөлгөх асуудлыг ярьсан нь дээр шүү. Наанадаж 60 тэрбумын эцсийн үнэнийг Монголын ард түмэнд хэлэх хэрэгтэй.

Сүүлд нь хэлэхэд цагдаагийн байгууллагын сахилга хариуцлага ямар байна вэ. Дүүрэг, нийслэл, аймгийн хэмжээнд удирдлагын түвшний томилгооны асуудлыг түр зогсоо. Сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллагын боловсон хүчний томилгоо хэтэрхий их хийгдсэн. Улстөрчдийн захиалгаар томилгоо хийдэг байдлаа одоо болио. УИХ-ын гишүүн нь гишүүний, сайд нь сайдынхаа, цагдаа нь цагдаагийнхаа ажлыг хийдэг бай гэжээ.

Хууль зүй, дотоод хэргийн яам

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>