С.Билигсайхан: Эх оронд нь очиж, хэлийг нь сураад, сор бүтээл бүтээгээд Нобел аваад ирье л гэж бодсон

697

С.Билигсайхан: Эх оронд нь очиж, хэлийг нь сураад, сор бүтээл бүтээгээд Нобел аваад ирье л гэж бодсон

 

Гэгээн гэрэлт сэтгэл, хүсэл тэмүүлэл, хүүхэд гэмээр догдлуун яриатай
яруу найрагч, зохиолч, Сэрээнэнгийн Билигсайхан 2017 оны арваннэгдүгээр сарын 12-нд зуурдаар таалал төгсч яруу найрагт хайртай уншигчид, уран бүтээлчид, төрөл садан, найз нөхөд, ойр дотныхондоо нөхөж баршгүй гарз, харуусал гуниг үлдээгээд одлоо. Ид хийж бүтээхийн хүсэлд автаж, ир нь ханасан цэл залуухан 34 насандаа тэр минь биднийгээ ийн орхив. Түүний өнгөрсөн тавдугаар сард хэвлэлд өгсөн сүүлчийн ярилцлагыг хүргэж байна.

С.Билигсайханы "Өвс өвсөө үнснэм" (2006) шүлгийн түүвэр Монголын яруу найрагт хайку шүлэглэлийн өвөрмөц нэгэн дэг нутагшин, Монголын онцлог бүхий хэлбэрээ олон хөгжихөд том нөлөө үзүүлсэн бүтээлүүдийн нэг билээ.

"Би Фаустыг орос, англи хэл рүү орчуулсанаас нь монгол руу ахин буулгаснаар бус эх хэлнээс нь монгол хэлэнд хөрвүүлснээр Монголын утга зохиолд шимтэгчдэд, уран зохиол сонирхогчдод, ирээдүйн уншигчдад хүргэнэ. Тэгээд Нобелийн шагнал авахаар мундаг зохиол бичнэ гэсэн гэгээн, том зорилготойгоор 2006 онд Бельгийг зорьж байлаа. Хүн нэгэн зүйлд хүрэхийн тулд үзэж, туулах ёстой зам, орон зай гэж байдаг. Үүний адилаар өнөөдөр ч би үзэх, туулах ёстой замаараа л явна” гэснээр бидний яриа эхэлсэн юм. Ийн ярьсны учир нь түүнээс "Таныг их сургуулиа төгсөөд удаагүй гэнэт л "Би Австри явна аа” гэж орж ирээд, удалгүй явчихсан гэж найзууд чинь ярьдаг. Австрийн юу таныг тийм хүчтэй татсан юм бэ” гэж асуусанд юм. Түүнийг "Өвс өвсөөн үнснэм” хайку шүлгийн түүврээр нь яруу найрагт дуртай, уншдаг залуус андахгүй. Тэрбээр энэхүү номоо Австри явахынхаа өмнөхөн хэвлүүлж, уран бүтээлийн үүргэвчээ дахин дүүргэхээр гарч одсон байдаг.

 С.Билигсайхан: Эх оронд нь очиж, хэлийг нь сураад, сор бүтээл бүтээгээд Нобел аваад ирье л гэж бодсон

-Таны хүүхэд нас, өсөж төрсөн нутаг, аав ээжийнх нь тухай яринаас ярилцлагаа эхлүүлье гэж бодлоо?

-Би Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Сулинхээрийн хязгаарын хүүхэд. Аавын талаасаа адуучин. Ээжийн талаас жирийн малчны удам. Хатанбулаг, Сулинхээрийн тэр цэнхэр хязгаар бол Дорноговиосоо алслагдмал, Галбын говийн зүүн хязгаар. Бөглүүхэн, нам гүмхэн, соёл иргэншлээс жаахан зайдуу тийм нэг гэгээн нутаг. Би айлын том хүү. Миний бага нас Монголын тэнүүн хязгаарт, энэрэл хайрын дунд, үгүй дутуугийн дунд сайхан өссөн гэж би хэлнэ. Хүнд төрсөн нутаг, унасан шороо, угаасан ус гэдэг юутай ч зүйрлэшгүй эрдэнэ байдаг учраас би тэр буйдхан хязгаартаа ямар их хайртай гэж санана. Миний бороо, цас, салхины анхны мэдрэмж дээр нь хайрын анхны сэрэл мэдрэмж, гуниг гансрал, уйтгар, шатаж шархирч унатлаа догдолж, тэмүүлсэн гээд анхны бүх мэдрэмж тэр л нутагт хад асганаас нь, салхи, шорооноос нь үүссэн. Сүүлт одыг би анх гэрийнхээ тоонон дээр сууж байгаад харж байлаа. Яруу найрагч, зохиолч ер нь хэн ч байсан нутгийнхаа тухай бичсээр байгаад дуусдаг байх. Нутгийнхаа тухай бодож, санан гансарсаар байгаад дуусдаг байх гэж боддог.

Би аавынхаа ээж дээр өссөн, эмээгийн хүүхэд. Эмээ маань дандаа сайхан юм ярьдаг, хүнийг дандаа хайрлаж, зөв эрхлүүлдэг Дугарын Сосор гэж хүн байсан. Намайг зургаан настайд эмээ минь бурхан болж, би аав, ээж дээрээ очсон. Би сүүлд "Эмээгийн гэрийн буйр” гэж өгүүллэг бичсэн. Цэцэрлэгээс оргоод эмээгийнхээ гэрийн буйрнаас баригддаг, аав ээжтэй, муудалдцаад, найз нөхөдтэйгээ зодолдоод, хэн нэгэнд тунирхаад, өлсөхөөрөө, сэтгэл тавгүйрхэхээрээ л эмээгийнхээ гэрийн буйран дээр бөөвийтөл сууж байдаг. Хатанбулаг суманд миний очих эцсийн хязгаар эмээгийн минь гэрийн буйр байсан. Тэнд л баригдаж гэрийнхэндээ зодуулбал зодуулна, ороолгуулбал ороолгуулна, аргадуулбал аргадуулаад буцдаг байсан. Ээж аав хоёр умгар жижигхэн, бор гэрийг нь авга ахын хүүхдэд өгчихсөн, буйрыг нь цэвэрлээд орхичихсон юм чинь. Тэр үед магадгүй их дулаан, сэтгэл тайтгаруулж, аргадах энерги нь гэрийн минь буранд шингэсэн байсан байх. Тэндээс би хаашаа ч явж байгаагүй. Уул руу, тал руу, найзынх руугаа, дэлгүүр рүү явж байгаагүй. Шал болтлоо элэгдсэн буйран дээрээ чулуугаар тоглоод сууж байдаг байсан. Түүнээс биш 6-7 настай хүүхэд дурсамжаа сэргээж, эмээгийнхээ дүрийг нүдэндээ амилуулаад гуниглаж суух гэж л тийшээ гүйдэггүй байсан нь лавтай. Манай эмээ номтой ламын удмын, номтой хүн байсан. Бурхан болохынхоо өмнө "Сайхнааг ном уншаад сууж байвал гэрийн ажилд битгий зараарай. Дэвтрээ барьж байвал ус түлээнд битгий хөөгөөрэй” гэж ээжид захисан гэсэн. Эмээгийнхээ энэ захиасын буянд би багадаа хөрзөн хагалж, ус зөөж үзээгүй. Бас гэрийн ажил юу ч сураагүй, бусдын цэвэрлэсэн гэрт, бусдын хийсэн хоолыг идчихээд сууж байдаг амьтан болсон. Чадах юм нь маш их бичих, унших. Эхэндээ эмээгийн захиж хэлснийг ээжээс дуулчихаад ажлаас зугтах гэж ном барьж хэвтдэг, нүүрэн дээрээ тавьчихаад унтчихдаг байсан бол сүүлдээ уншдаг, шимтдэг, хорхойсдог, аяндаа салж чадахаа больсон.

-Тухайн үед хэний, ямар зохиол, номнуудыг уншиж байв?

-Бөхийн Бааст гуайн өгүүллэг, туужуудыг их уншдаг байсан. Дараа нь ТМС-д ороод ТМС-ийн номын санг бүрэн дуусгасан. Тэнд би таарсан бүхнээ уншдаг байлаа.

-Хүүхэд бүхэн л мөрөөдөмтгий байдаг. Сэрээнэнгийн Билигсайхан хүү юу мөрөөддөг, өөрийгөө хэн болно гэж төсөөлдөг байв?

-Би зургаа, долоон настайдаа барилгачин болно гэж боддог байсан. Тэр нь ганцхан зорилготой. Тоосгыг амыг нь даруулж гоё өрөөд, гөлөглөж байгаа жингэрт дулаан үүр барьж өгөх. Тэр үед айл бүхэн нохойтой, хашаа бүхэнд олон гөлөг дагуулсан жингэр нохой хэвтэж байдаг байсан. Өвлийн хүйтэнд жижигхэн гөлөгнүүд нь хөлдөөд үхчихнэ. Дөнгөж төрснийхөө дараа дулаан хэвтэргүйгээсээ болоод тас хөлдчихсөн байхыг хараад уйлчихдаг байж билээ. Хүмүүс ерөөсөө тоохгүй. Би нэг удаа эмээгийнхээ гэрийн буйран дээр хоёр гөлөгтэй тоглож байгаад тэр хавьд байсан хагархай тоосгонуудаар үүр барьж өгсөн. Подволкоо дэвсэж өглөө. Гэрээсээ хоол зөөж өгнө. Тэрнээс хойш гөлөгнүүдэд дулаан гэр барьж өгөх их том ажилтай болсон. Ангийнхаа найзуудыг уруу татаж, тоосго цуглуулна. Түүгээрээ айлын хашааны гадаа үүр барьж тавьчихаад л яваад өгдөг байлаа. Үүр барьсан өдөр бол нойр хүрнэ гэж байхгүй. Нөгөө жижигхэн амьтдыгаа дулаан үүрэндээ сайхан, тайван унтаж байгаа байхдаа гэж бодно. Нөгөөдүүл нь үнэндээ тэр үүрэнд унтдаг ч байсан юм уу, үгүй ч юм уу би мэдэхгүй шүү дээ. Гэхдээ л унтаж байгаа гэж итгэдэг байсан. Жаахан томроод шувууны үүр барьдаг болсон. Нохойноосоо шувуу нь илүү үүрсэг, гэр амьтай, нэг бариад өгвөл тэр үүрэнд шувуу амьдарна л гэсэн үг.

 С.Билигсайхан: Эх оронд нь очиж, хэлийг нь сураад, сор бүтээл бүтээгээд Нобел аваад ирье л гэж бодсон
С.Билигсайхан: Эх оронд нь очиж, хэлийг нь сураад, сор бүтээл бүтээгээд Нобел аваад ирье л гэж бодсон

-Том болсоноосоо хойш, ер нь хамгийн сүүлд хэзээ нохойд үүр барьж өгсөн бэ?

-Нэг хэсэг хобби болсон. Одоо бариагүй их удаж. Энэ тухай ярьсан чинь сайхан байна.

-Нохой, шувуунд үүр барьж өгөхийг чинь сонсоод, хараад ээж чинь их баярладаг байсан байх даа?

-Ээж надад илүү дутуу адсага, муу юм илүүчилдэг байсан. Баярладаг байсан байх. Гэхдээ оноож баяр хүргэж, ээж нь баярладаг шүү гэж байгаагүй. Би гэхдээ их сонин хүүхэд байсан. Өвлийн нэг орой чөдөртэй мориндоо өвс тавьж өгчихөөд өвсөө идэж дуустал нь харж байгаад морь маань бэлчээр рүүгээ чөдөртэйгээ бүдчээд явахаар нь дагаад бүдчээд явж байсан. Шөнө, харанхуйд морь маань айна гэж бодоод хань болж байгаа нь тэр. Нэг орой аав намайг морьтойгоо бэдчиж явахад очиж аваад, морь айдаггүй, харин ч ингэж явах дуртай байдгийг, чамаас үргэхдээ хөлөө гэмтээж мэднэ гэдгийг хэлж би тэгж дагахаа больсон. Дараа намар нь оройн сэрүүнд уяатай морины хөл даардаг байх гэж бодоод эмээл, тохомнуудыг салхин талд нь нөмөрлөөд тавьж байж билээ. Тэрийг гэхдээ хийх гэж, хэн нэгнээс сайн байна гэсэн үнэлгээ авах гэж биш, цаанаасаа л өрөвдөж, хайрлаад өмрөөд байдаг байсан. Тэр морь лав надад баярласан байх.

-Одоо хэр өрөвч вэ?

-Тэр үеийнхээсээ хамаагүй эдгэрсэн. Гэхдээ одоо ч би шаардлагатай бол салхи нөмөрлөх юм тавина.

-Эдгэрсэн гэдэг нь?

-Тэр үед би бүхнийг хайрлахын их өвчнөөр өвчилчихсөн байсан байх. Цаг хугацаа урсахын хэрээр хайрлаад ч бүгдийг нь гүйцээж хайрлаж чадахгүй, өрөвдөөд ч бүгдэд нь тусалж чадахгүй зүйл гэж байдгийг таньдаг бололтой. Гэхдээ би хэнээс ч юугаа ч харамладаггүй.

-Та ийм өрөвч, хайрлахуйн их сэтгэлийг хэнээс, хаанаас улбаатай гэж боддог вэ?

-Энэ бол хүүхэд бүрийн л их бага хэмжээгээр хийдэг зүйл. Тийм ч сүртэй зүйл биш. Миний үеийн бүх хүүхэд нохойдоо байдгаа өгч, байгаагаа хувааж иддэг байсан. Одоо танай хүүхэд ч шувууны хөл даарч байгаа байхдаа гэж ярьж, ярихгүй ч дотроо өрөвдөж л байгаа шүү дээ. Гэхдээ ийм сэтгэлээ илүүтэй гаргадаг нь хөдөөний, ялангуяа говийн хүүхдийн араншин байх.

-Таныг их зохиолч, яруу найрагч болно гэж мөрөөдөг байсан байх гэж боддог байлаа?

-Дөрөвдүгээр ангид байхад манай нутагт алганы хээ үзэж, хувь тавиланг нь хэлж өгдөг гээд нэг бүдүүн эгч ирсэн юм. Тэр хүн сумын захиргааны тэнд сууж байна гэхээр нь хоёр найзтайгаа гүйгээд очлоо. Тэгсэн миний алгыг харж байснаа "Хөөх, миний дүү чинь зохиолч болох хүн байна шүү дээ. Бийр янтай л харагдаж байна. Жаахан хичээвэл маш мундаг зохиолч болох юм байна” гэж хэлсэн. Сонин байгаа биз. Тэгээд л өөрийгөө зохиолч болно гээд бодчихсон, юм л бол үзэг, цаас барьж аваад л юу ч хамаагүй бичнэ. Бичсэн бүхэн минь яруу найраг байгаа юм чинь, тухайн үед. Тэр хүн миний сэтгэл дотор нэг цучил асаачихсан хэрэг. Хүн бүхэн багадаа бусдаас онцгой хүн байх юмсан гэж боддог, мөрөөддөг шүү дээ. Яг түүн шиг мөрөөдөл намайг бүчээд авсан байх тэр үед.

 С.Билигсайхан: Эх оронд нь очиж, хэлийг нь сураад, сор бүтээл бүтээгээд Нобел аваад ирье л гэж бодсон

-Анхны шүлгээ ямар шүлэг байсныг санадаг уу. Тэр бичвэрээ хадгалдаг уу?

-Бичвэр нь байхгүй. Гэхдээ цээжинд байна. Гуравдугаар ангийнхаа зуны амралтаар Пүрэвболд гээд үеэлтэйгээ хонинд явж байхдаа хараацай хараад бичиж байсан юм.

"Алтан хараацай нисээрэй

Агаар тэнгэртээ дүүлээрэй

Мөнгөн хараацай нисээрэй

Мөнх тэнгэртээ дүүлээрэй” гэсэн дөрвөн мөрт. Тухайн үедээ л гайхамшигтай гоё шүлэг бичсэн юм шиг санагдаж, амнаас ер гарахгүй уншиж явдаг байж билээ. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, зохиолч Сономын Чулуун гэж хүн миний анхны багш. Одоо Хатанбулагтаа аж төрж байгаа. Энэ хүн бол миний гэнэн хүүхдээрээ шүлгүүдийг уншиж, сонинд анх хэвлүүлж, шүлэг бичих сонирхол, урам зоригийг минь бадрааж өгсөн хүн. Дараа нь Дорноговийн ТМС-д Гончигдоржийн Цагаандэрэм гэж уран зохиолын сайхан багш байсан. Энэ багш маань миний уран зохиолд дуртай болохын эхлэлийг тавьсан гэж бодож явдаг. Багш минь багш минь гэж тодорхойлоогүй хэрнээ хүн ер нь асар олон багшийн дунд аж төрдөг. Би энэнээс ч сурч, тэрнээс ч үлгэрлэж амьдарч байгаа. Гэхдээ утга зохиолд үнэнхүү дурлах, хэрхэн яаж зөв урагшлах вэ, хэрхэн зөв хүн байх вэ гэдгийг Дарма Батбаяр багшаасаа үлгэрлэсэн.

-Дөрөвдүгээр ангид тэр хүнтэй таарсанаасаа хойш шүлэг их бичсэн үү?

-Зөндөө бичсэн. Гэхдээ би наймдугаар ангидаа их зохиолчоор өвдөөд альгебр, геометртээ муу сураад сургуулиасаа хөөгдөж, хөдөө мал малласан. Хоёр жил мал малласан минь надад маш их юм бодогдуулж, сургуулиа, сурахын сайхныг үгүйлэх сэтгэлийг авчирсан. Магадгүй миний зөв буруу, сайн муугийн алиныгаа ч мэдэхгүй хамгийн их бичсэн үе бол тэр хоёр жил. Гэхдээ малчин болдог ч юм уу гэж бас бодож л явлаа. Тэгж байгаад аравдугаар ангид орох насан дээрээ аймгийн ТМС-д элссэн.

-Тэр үед бичиж байсан шүлгүүдээс чинь сонин хэвлэлд тавигдахаар, хүмүүст тоогдохоор шүлэг гарсан уу?

-Бүгдийг нь шатаачихсан. Хооронд нь үдчихсэн 12 хуудастай дэвтэрнүүд байсан. Зуухныхаа өрцөн дээр бүгдийг нь тавьж байгаад "Сайн зохиолч зохиолоо шатааж өмнөхөөсөө ангижирч, илүү сайжирдаг юм гэнэ лээ” гээд шүдэнз зураад тавьчихсан.

-Зуухан дотроо эсвэл хүнээс зайдуу уулын энгэр ч юмуу шатаахгүй яагаад зуухныхаа өрцөнд хийж шатаасан юм бэ?

-Гадаа шатаах гэж байтал салхилаад ийш тийшээ хийсэхээр нь түүж явахдаа ганц нэг мөрөө харчихаад сэтгэл буцаад, шатааж чадахаа больчих байх гэж бодсон юм. Өрц шал гэдэг чинь хөдөөний айлуудын зуухаа байрлуулж ухсан нүх юм шүү дээ. Тэндээс хаашаа ч хийсэхгүй, тонгойж байгаад шүдэнзээ зурах болохоор нэг ч үг, өгүүлбэр сэтгэлээс зуурахгүй. Гэхдээ би аймшигтай хоосорсон. Хэн ч биш, хог, юу ч үгүй, үгээгүй ядуу, гуйлгачин, хөдөлж чадахгүй байгаа юм шиг санагдаж байсан. Хамгийн ойр дотны хүнээ, нөхрийгөө алдчихсан юм шиг болж, голыг минь одоо ч гогдож байна. Шатаж дууссаных нь дараахан ядаж нэгийг нь өөрөөсөө нуучихгүй гэж бодож байлаа. Өмнө нь би нэг ч шүлэг бичиж байгаагүй юм шиг, ерөөсөө шүлэг бичих гэж үзэг, цаас нийлүүлж байгаагүй юм шиг л мэдрэмж төрж байсан.

-Ахиад хэзээ эхэлсэн. Тэр даруйдаа эхэлсэн үү, хэсэг амсхийсэн үү?

-Тэр оройдоо л шинэ дэвтрийн хэдэн хуудас дүүрсэн.

 С.Билигсайхан: Эх оронд нь очиж, хэлийг нь сураад, сор бүтээл бүтээгээд Нобел аваад ирье л гэж бодсон
-Таныг "Их Монгол” дээд сургуульд урилгаар орсон гэдэг юм билээ. Сургуульд орж байсан тухайгаа дурсаач?

-"Хүрэл тулга” яруу найргийн наадмын эхний гурван байрт шалгарсан хүүхдүүдэд "Их Монгол” дээд сургуульд элсэх урилга өгөөгүй мөртлөө надад өгч байсан. Х.Сүглэгмаа багш "Энэ сурах хүүхэд байна” гээд Монгол хэл, уран зохиолын ангид сурах урилга өгч байсан. Би энэ ангидаа удаан сураагүй. БИШҮБИ урландаа хэсэг суугаад, багштайгаа зөвлөж байгаад сэтгүүлчийн ангид нь орсон.

-Оюутан байхдаа олсон хамгийн үнэтэй зүйл тань юу вэ?

-Нэг л бодол байсан. Оюутан байхаасаа өмнөх, оюутан байхаасаа хойших Билигсайхан гэсэн. Өмнө нь би хэн байлаа, одоо оюутан учраас дараа нь хэн болох билээ гэдгийг л боддог байсан. Гэхдээ би хичээлдээ бараг очихгүй, номын санд л өнждөг байсан. Маш их уншиж, мэдлэгтэй болж, өөрөөр амьдрах хүн гэж өөрийгөө боддог байлаа. Нацагдоржийн номын санд 20.00 цаг хүртэл суугаад, тарахаар нь Улсын төв номын санд 20:15 гэхэд очоод 21:00 цаг өнгөртөл суугаад харьдаг байсан. Маш их уншдаг байсан. Тухайн үедээ би өөрийгөө агуу хүмүүстэй харьцуулж зоригжуулдаг байсан. Шекспир таван цаг унтдаг байсан юм бол би дөрвөн цаг унтах ёстой гэдэг ч юм уу. Би таван ном зэрэг уншдаг байсан. Олон ном унших эхлэлдээ маяг, онгирол боловч сүүлдээ сурчихдаг юм. Эцсийн бүлэгтээ би ямар нэг том зорилгын төлөө яваагүй. Харин тухайн цагийн дүүргэлтийн төлөө явсан. Тухайн цаг мөч бүрийг аз жаргалтай, төгс өнгөрүүлэхийн төлөө уншдаг байсан. Сайхан ном уншчихаад номын сангийн үүдэнд гараад ирэхэд тэнгэр дээшээ болчихсон юм шиг, газар бүүр доошоо болчихсон юм шиг, зах хязгаар алс юм шиг санагддаг байсан. Номын санд суух өөр нэг шалтгаан маань би хувцас дэндүү муутай оюутан байлаа. Өвлийн гутал авч амжилгүй пүүзтэй өвөлждөг. Хотын оюутан, том хүү аав, ээжээсээ хэрэглээний мөнгө нэхэхгүй, номоо уншина, тэгээд ч алдартан суутнууд, аугаа зохиолчдод хувцас, эд юмс юу ч биш гэдгийг зах зухаас нь гадарлаад байгаа болохоор тэр асуудал биш байсан.

-Та оюутан байхдаа "Өвс өвсөөн үнснэм” номоо гаргаж байсан. Номоо гаргахаар бэлдэж байхдаа хэрхэн догдолж, яарч байв?

-Уран зохиолд үнэн голоосоо дурлах гол шалтгаан бол яах аргагүй миний Дармын Батбаяр багш. Багштай учрахаасаа өмнө үнэндээ миний сэтгэл дотор ойж, бууж байгаа бөмбөлгүүд зохиолч, яруу найрагчдын бөмбөлгүүдтэй хамт үсрээд л, ямар ч эмх цэгцгүй, дэс дараалалгүй явж ирсэн байсан. Харин багштай уулзаж, БИШҮБИ урландаа сууснаар сэтгэл доторх хөөснүүд минь хагарах нь хагарч, тогтох нь тогтсон гэж боддог. Би дөрвөн ном нэг дор гаргана гээд багшид дөрвөн номын шүлэг өгсөн. Багш маань "Уран бүтээлч оюун санааныхаа охийг хүмүүст хүргэдэг юм. Түүнээс биш байгаа бүхнээ дэлгэдэггүй юм аа” гээд нэг ном болох хайку шүлгүүдийг түүвэрлэж өгсөн. Үнэн хэрэгтээ би тиймэрхүү чанарын л юм бичсэн л гэсэн үг байхгүй юу даа. Энэ номоо саяхан дахин хэвлүүлсэн.

-Та дунд болон их сургуульд байхдаа хүсэж мөрөөдөж байсан зүйлдээ хүрсэн үү?

-Ер нь тэгээд тэргүүн шүлэгч, мундаг мэдрэмжтэй яруу найрагч, суут зохиолч болох гэдэг бол миний туйлын хүсэл мөрөөдөл биш байсан байх. Хэрэв тийм байсан бол би "Болор цом”, "Мөнгөн цом”, "Цагаан уул” гээд яруу найргийн ямар тэмцээн байдаг юм тэр бүхэнд орж, түрүүлж, хасагдаад л, сонин, сайт болгонд яриа өгөөд л мундаг хүн байх байсан биз. Гэвч тэр миний хувьд юу ч биш. Уран зохиол өнөөгийн сэтгэлгээний түвшинд үлддэггүй. Бид чинь дараагийн үеэ бий болгодог шүү дээ. Биднийг бидний өмнөх үе бүтээсэн. Ийм зарчмаараа бид сэтгэлгээ, ухаарлаараа дандаа түрүүлж алхах учиртай. Гэвч түрүүлж байгаа хүн маш цөөн байна. Би нэгэнт түрүүлж чадахгүйгээс хойш өөрийнхөө л юмыг үнэн, зөв, чанартай хийгээд амьдрахад болно. Миний хүүхэд байхдаа, оюутны амьдралыг олигтой ч үзэж чадалгүй номын санд шигдсэн өдөр хоногууд минь зүгээр л намайг бий болгосон. Билигсайхан гэж хүнийг цогцоор нь бий болгосон л гэсэн үг.

-Тэгвэл тэгтэл их уншаагүй бол хэн байх байсан гэж боддог вэ. Энэ тухай бодож үзсэн үү?

-Ялгаагүй л Билигсайхан.

-Ялгаагүй юм чинь тэгж их уншихын хэрэг байгаагүй ч юм уу гэж бодох үе байдаг уу?

-Өөрчлөлтийг алийг нь дээгүүр, алийг нь доогуур гэж үздэг юм бэ. Ер нь тийм хязгаар, цензур байна уу. Үнэндээ ялгаагүй зүйл байхгүй юу. Хүн мод цавчсаар байгаад, мал малласаар байгаад, юм бичсээр байгаад хүрэх гэгээрэлдээ хүрдэг л байхгүй юу. Хүний ертөнцийн эцсийн гаргалгаа нэг л цэгт очно. Чи 70 настай, насаараа малчин, геологич, эмч хийсэн гурван өвгөнийг авчраад яриад суугаарай. Хүмүүсийн эцсийн төгөлдөршилдөө ярих зүйл нь нэг л байна. Юу гэдэг вэ гэхээр "Амьдрал сайхаан. Үр хүүхдүүдийнхээ буянд жаргаж байна. Зөв яв. Хүнд битгий худлаа хэл. Үнэн сэтгэлээсээ ханд. Сайн сайхан юм бод” ийм л юм хэлнэ. Тэгэхээр хүн энэ цаг үеийнхээ төлөө л ажиллаж, хөдөлмөрлөдөг. Би ч мөн тэр үедээ арай илүү л шүүсээ шахсан гэсэн үг. Өөр юу ч биш. Гэхдээ тэгж унших нь надад хэрэгтэй учраас л би уншсан. Түүнээс биш би хэнээс ч илүү биш. Миний үеийн найз, одоо таксины жолооч хийж байгаа найз маань надтай саяхан уулзлаа. Намайг номын санд өдөржин сууж байхад тэр таксины жолооч л байсан, Бельгид явж байхад түүнийгээ л хийж байсан, энд ирсний дараа мөн л тэр ажлаа хийсэн, одоо ч хийж байна. Эцсийн дүндээ бид хоёр нэг гаргалгаатай л амьдарч байна шүү дээ. Тэр нь юу вэ гэхээр "Өөрийн гэсэн юмтай болох юмсан. Эхнэрээ илүү ихээр хайрлаж, нүдийг нь гэрэлтүүлж, зүрхийг нь жаргаах юмсан. Хүнээс гуйхаа болъё. Гэрээ өөрөө барьчихдаг, хаяагаа маначихдаг болъё” гэдэг ч юм уу. Тэгэхээр хүний амьдралын эцсийн гаргалгаа нэг л учраас тухайн цаг үедээ өөртөө авах ёстойгоо аваад, сэтгэлээ гэгээрүүлэх ёстойгоо гэгээрүүлээд, жаргаах ёстойгоо жаргаагаад, өнчрүүлэхийгээ өнчрүүлээд л явж байгаа.

-Та ийм бодол өвөрлөхөөсөө өмнө, гэнэн сайхан мөрөөдөлтэй үедээ Австрийг зорьсон байх нь ээ. Харин тэндээс ирснээсээ хойш дээрхийг ойлгосон байх. Гэхдээ та яах гэж Австрийг зорьсон юм бэ?

-Би Нобель авах гэж л явсан. Гётегийн Фаустыг герман хэлнээс монгол хэл рүүгээ хөрвүүлнэ гэж мөрөөдсөн. Нобель авах тухай бодлыг Ч.Галсан гуай төрүүлсэн. Тэр үед маш том шагнал аваад, дэлхийн утга зохиол, Монголын утга зохиолд ялангуяа залуучуудад итгэл өгсөн. Тэгээд л эх оронд нь очиж, хэлийг сураад, оргил бүтээлийг нь орчуулаад, сор бүтээл бүтээгээд Нобелийг нь аваад ирье л гэж бодож, мөрөөдсөн хэрэг.

-Тийшээ зорьж байсан түүхээсээ хуваалцаач?

-Би их амархан юм бодож байсан. Австрийн Венийн их сургуулийн герман хэлний ангид элссэн. Тэгээд Ч.Галсан гуай руу утсаар холбогдоод "Би Монголоос ирлээ, Нобелийн шагнал авахаар. Та намайг дэргэдээ аваач” гэж. Галсан гуай миний солиотой, балмад, гэнэн тэнэг яриаг есөн минут сонсоод утсаа тасалсан. Тэгээд өөрөө бүгдийг хийнэ гэж зорьсон, хичээсэн. Ингээд би өөрийнхөө ертөнцийг бий болгохын тулд маш олон газраар явж, хэчнээн их зүйл үзэж, харсан гэж санана. Тэр үе бол миний утга зохиолд дурласны хамгийн сайхан үе. Леонарда Да Винчи, Вангог гээд томчуудын бүгдийнх нь гэр музейд очиж, заримд нь бүтэн өдөр, заримд нь хагас өдөр болж, гайхан бишрэхээ биширч, харахаа харсан. Гэхдээ миний Фаустыг орчуулахаар явсан минь өөрөө надад асар их танихуй болсон. Миний үзсэн харсан бүхэн хүсэл мөрөөдлийг асаагч төдий зүйл шүү дээ.

-Фаустыг орчуулсан уу?

-Өөрийнхөө хэмжээнд нэлээн суусан. Гэхдээ би хүний газар амьдрахын эрхээр ажил хийхээс аргагүй болсон. Гэхдээ орчуулгандаа шөнө унталгүй сууж байсан ч "Энэ миний цаг биш юм байна” гээд түр завсарласан. Харин 27 мянган үгний голланд, монгол хэлний өврийн толь бичиг бичсэн.

-Та Нобелийн шагнал авна гэж бодохоо аль хэдийнэ больжээ дээ?

-Би костьюмныхаа энгэрийг гоё, түвэггүй, хүнд биш байхад дуртай. Нэг тэмдэг зүүчихвэл дараатай, хэцүү санагдана. Бас хүлээн зөвшөөрөгдөхөөр сайн зүйл хийхгүй байгаагаа өөрөө мэдэрч байгаа цагт тээр холын юм мөрөөддөг гэж хүмүүст буруу үлгэр дууриалал болоод яах вэ. Одоо би өөр зүйл мөрөөдөж байгаа.

-Асуухгүй үлдээе. Та мөрөөдөлдөө хүрсний дараа надад дахин ярилцлага өгнө биз дээ?

-Хүн хамгийн сайн бүтээлээ, ер нь хамгийн сайн бүхнээ үхэн үхэтлээ аль нь вэ гэдгийг мэдэлгүйгээр бүтээсээр байдаг гэдэг. Тэгэхээр би амлаж чадахгүй ч ухрахгүй. Би одоо өгүүлэг бичиж байгаа. Бас хэвлэлийн салбарт шинэ өнгө болохоор ажиллаж байна. Миний хэвлэлийн компаниар гэгээлэг, мэдрэмжийн, яруу найраг, уран бүтээлийн бүхэн хэвлэгддэг болоосой гэж зорьж байна. Цаг нь ирэх байх.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>