МОНГОЛ УЛС БИТКОЙН ОЛБОРЛОХОД БЭЛЭН ҮҮ?

226
 
 МОНГОЛ УЛС БИТКОЙН ОЛБОРЛОХОД БЭЛЭН ҮҮ?
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөгжилтэй орнууд товчлуур дараад бүх зүйлийг бэлэн болгох шинэ эринийг бий болгож байна. Дэлхийг хөдөлгөөнд оруулсан цахим мөнгийг нэвтрүүлэхэд  Монгол Улс хойш суулгүй бэлтгэх хэрэгтэйг  "Крипто Үндэстэн чуулга уулзалт- 2017” -ын төлөөлөгчид тодотгосон.

Хөгжлийн шийдлээ аль хэдийн олсон улс орнуудыг хүртэл хошууруулж чадсан "биткойн”-ы ханш нүд ирмэхийн зуур өсч, дэлхийн "бизнес”-ийн амжилтыг эвдэв. Хамгийн их өсөлт дагуулдаг уул уурхайн бүтээгдэхүүнийг хүртэл ардаа орхисон Биткойн тахиа жилийн "Дэлхийн 10 онцлох"-т багтана гэдэгт эргэлзэхгүй байна.

"Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн зохион байгуулсан "Крипто Үндэстэн чуулга уулзалт” болоод даруй 10 гаруй хоножээ. Энэ хугацаанд  биткойны ханш зургаан мянган ам.доллараар өслөө. Өөрөөр хэлбэл 2017 онд биткойны үнэ 16 дахин өсч 16 875 ам. долларт хүрсэн нь нэг унци алтнаас даруй 10 гаруй дахин их өсөлт үзүүлж, хөрөнгө оруулагчдыг алмайруулав.





Тэгвэл гарт баригдахгүй, нүдэнд үзэгдэхгүй "цахим мөнгө” хэмээх "биткойн”-ыг биднээс хол, бүтэшгүй  мэт зүйл гэж үзэж болохгүй нь ээ. Эдийн засгийн хөдөлгүүр гацаж, хэтэвч нимгэрсэн сорилтын жилүүд үргэлжилж,  эерэг, сөрөг үзэгдлийг ардаа улирааж буй энэ цаг үед  монголчуудад "Биткойн” гэрэл гэгээ татуулж магадгүй гэдгийг "Крипто Үндэстэн чуулга уулзалт”-аар гадны мэргэжилтнүүд онцолсон. Тухайлбал Монгол Улс байгалийн баялагт дулдуйдаж бус биткойны суурь технологи болох "Блокчэйн”-ийг олон салбарт нэвтрүүлснээр цаасгүй эринг бий болгохоос эхлээд утаан хөшгөөс салах боломжтойг "Крипто Үндэстэн чуулга уулзалт-2017”-ын хүндэт зочин "Bitcoin.com” вэб сайтын санаачилагч Стэйрлин Люхан хэлсэн. Тэрээр энэхүү шинэ технологийг эдийн засагтай хослуулах болон цахим анализыг хэрхэн хийх талаар тайлбар гаргасан анхдагчдын нэг юм.


   СТЭЙРЛИН ЛЮХАН: МОНГОЛ УЛС ТҮҮХИЙ НҮҮРС ШАТААЖ  БУС   БИТКОЙН ОЛБОРЛОНГОО ХАЛААЛТАА ШИЙДЭХ БОЛОМЖТОЙ

 



   Уншигч та "Блокчэйн” технологид утааг арилгах ямар ид шид байгаа юм бэ? гэж асуух байх.

Тэгвэл Биткойныг олборлодог төхөөрөмж нь маш их дулаан ялгаруулдаг учир энэ технологийг бид утааны эсрэг ашиглах боломжтой юм байна. Түүхий нүүрс шатааж  бус биткойн олборлонгоо халаалтаа шийднэ гэсэн үг.  Үүнийг бидний хөрш болох ОХУ болон Украйн улс нэвтрүүлэн туршиж эхэлжээ.


"ҮҮРГЭВЧТЭЙ”  МӨНГӨ БУЮУ БИТКОЙН

 Дэлхийг давалгаалж буй биткойныг "Үүргэвчтэй” цахим мөнгө гэж нэрлэж болохоор байна. Учир нь улс гүрэн бүрт технологио нутагшуулж шинэ үр суулгаж буйг нь "Үүргэвчтэй аялал”-тай зүйрлэж болох юм. Өнөөдөр Монгол хүн бүрийн амнаас биткойн гэдэг үг унах болов. Биткойнтой л болчихвол мөнгөтэй болно гэсэн сэтгэлгээ нийгэмд давалгаалж эхлэх нь тэр. Нийгмээрээ биткойнд анхаарал хандуулж буй энэ цаг үед монголчуудад "Битмайн” компанийн гүйцэтгэх захирал Жан Юань  зөвлөхдөө, "Давын өмнө биткойн, блокчэйн, криптовалют гэж юу вэ гэсэн үндсэн ойлголттой болох ёстой. Үүний дараа тоглоомын дүрэмтэй танилцаж, эрсдлээ тооцож шийдвэр гаргах хэрэгтэй. Түүнээс биш сэтгэл хөдлөлөөр дам яриа сонсоод орж болохгүй. Тэгэхгүй бол  давалгаанд хумигдаж алга болно” гэдгийг онцолсон юм. Тэгэхээр хүлээлт байгаа бүхэн рүү хэтэрхий  шунаж болохгүй гэдгийг түүний үг бидэнд сургамж болов.

Энэ ярианаас ургуулбал биткойны суурь системийг хэн зохиов гэдгийг хамгийн түрүүнд мэдэх шаардлагатай болох нь.

Сатоши Накомото хэмээх үл үзэгдэгч, цахим ертөнцийг эзэгнэгч биткойны суурь систем болох блокчэйн технологийг 2008 онд дэлхий нийтэд танилцуулсан байдаг. Хэн ч түүнтэй биетээр уулзаж гар бариагүй  бөгөөд энэ нь хүн төрөлхтний сониуч занг одоо ч хөдөлгөсөөр байгаа юм.  2009 онд биткойны Вайтпэйпэр хэмээх төслийг Сатоши Накомото  гаргаж нэр бүхий  хаягаас Сайфер Панк хэмээх бүлэг хүмүүс рүү цахимаар илгээжээ. Эдүгэ түүний бүтээсэн Биткойны суурь технологи болох блокчэйн нь өөрөө цахим хувьсгал авчирсан дэлхийн нээлт болж байна. 2009 онд тохиосон дэлхийн эдийн засгийн хямралын үед бий болсон энэхүү бүтээл нь алгоритм кодоор бүтсэн гэдэг. Харин Сайфер Панк  бүлэглэл нь 1990-ээд онд үүсгэн байгуулагдсан төдийгүй либеральчлал, хараат бус байдал, хувь хүний мэдээллийн нууцлал зэрэг сэдвээр санал солилцдог байж.  Иймээс хүний  өдөр тутмын хэрэглээ болох санхүүгийн үйлчилгээг тэд онцолж биткойн гэх ямар нэгэн санхүүгийн байгууллага болон Засгийн газарт харьяалагдахгүй төлбөр тооцооны хэрэгслийн суурь үүссэн түүхтэй.  Биткойны давуу тал нь ямар нэгэн банкаар дамжилгүй хоёр хүн хоромхон зуур цахим сүлжээгээр гүйлгээ хийх боломжтой. Алгоритмууд нь огноо, цаг хугацаа, мөнгөний хэмжээг криптографик хэлбэрээр "блокчэйн” хэмээх өгөгдлийн санд бичиж тэмдэглэнэ. Ингэснээр төр болон банкны ямар ч оролцоогүйгээр асуудлыг шийдэх нь биткойны гол зарчим юм. Биткойн нь бусад олон төрлийн криптовалютаас хамгийн өргөн тархсан. 2140 он хүртэл дэлхий дахин 21 сая ширхэг биткойн олборлох боломжтойгоос 17 саяыг олборлоод байна. Тэгэхээр үүний цаана 6 сая ширхэг биткойн олборлох боломж харагдаж буй юм.
 
ТЕХНОЛОГИЙН ЭРИН ЗУУНААС МОНГОЛ  УЛС МУЛТРАХГҮЙ

Төв Азийн цээжинд орших Монгол байгалийн баялаг, хөдөө аж ахуйн түүхий бүтээгдэхүүнээс эхлэн  боломжуудаа нэрлэж болно. Энэ боломжид дөрөөлөн цахим мөнгийг хэрэглээндээ нэвтрүүлэх оновчтой хувилбарыг сонгож "аз”-аа үзэх боломж бидэнд ирлээ.

Комьютерийн дэлгэцэн дээр л үзэгдэх криптовалютын зах зээл монголчуудад хэрэгтэй юу гэж асуух хүн гарах байх.

Цахимжиж буй ертөнцөд техникийн эрин зуун дэлхий нийтийг донсолгоод эхэлчихлээ. Үүнийг бид зогсоож чадахгүй. Генетикийн түвшинд оюун ухаан бүтээхээс эхлээд гайхамшгууд бий болж байна. Яг үнэндээ 30 жилийн дараа хэрхэх нь мэдэгдэхгүй ирээдүй биднийг хүлээж буй юм. Эрчимтэй өөрчлөлттэй бид нүүр тулснаар өнгөрсөн 40 жил хийгээд явсан  зүйлээ давтах биш, шинэ эринтэй хөл нийлүүлэх хэрэгтэй болох нь. Фэйсбүүк, твиттер нэвтэрсний адилаар манайд цаасан мөнгөний өрсөлдөгч  биткойн, криптовалют орж ирэв. Энэхүү эгзэгтэй цаг үед "Ард санхүүгийн нэгдэл” ХК криптограф, блокчэйн технологийг судлах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, ойлголтыг олон түмэнд хүргэх, боловсон хүчнийг бэлтгэх, зах зээлд  криптовалютыг нэвтрүүлэх зорилгоор "Ард бит” төслийг санаачилан хэрэгжүүлэв. "Суусан цэцнээс явсан тэнэг дээр” хэмээх зүйр цэцэн үг бий. Үүнтэй адил Монгол Улс технологийн эрин зуунаас мултрахгүй гэдэг нь тодорхой. Тиймээс эргэлт буцалтгүй цахим ертөнцтэй хөл нийлүүлж дэлхийн энтэй явах ёстой гэдэгт  "Крипто Үндэстэн чуулга уулзалт- 2017”-ын төлөөлөгчид байр сууриа нэгтгэсэн.



Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:"Блокчэйн технологийг зөвхөн криптовалют олборлох төхөөрөмж гэж харах нь өрөөсгөл юм. Тиймээс энэ технологид суурилан интернет орчинд яам бий болгох замаар дижитал элчин сайдуудыг томилох болно” гэдгээ мэдэгдсэн юм.

Өөрөөр хэлбэл төрийн албаны төгөлдөршил, тунгалаг байдлыг блокчэйн технологид тулгуурлан үйлчилгээг хялбаршуулан иргэдэд түгээх боломжийг эрэлхийлнэ гэсэн үг. Ингэснээр блокчэйн технологийг төрийн үйлчилгээг  шуурхай хүргэх боломж бидэнд бий.

Дэлхийн түүхээс үзвэл газар олголтын асуудал, уул уурхайн лизенцүүд, иргэний бүртгэлийн систем, гэрлэлтийн асуудал, нотариатын үйлчилгээ, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг блокчэйн руу шилжүүлснээр цаг хугацаа, мөнгөө хэмнэж эхлэв. Тухайлбал англичууд гэр бүлийн асуудлыг шийдэхийн тулд блокчэйн технологийг ашиглан бүртгэлжилт болон салалтыг гуравдагч этгээд оролцуулахгүйгээр шийдэх боломж бүрдүүлсэн гээд хялбар арга замаар асуудлаа шийдэж байна. Мөн биткойны "уурхай”-г Монгол Улс оруулж  олборлолт хийснээр ажилгүйдлийг бууруулахаас эхлээд олон талын ач холбогдолтой гэдгийг "Дижитал Эксчейнж Монголиа" ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Гантиг онцолсон.

Эдүгэ Монгол Улсын эдийн засагт эргэлдэж буй үндэсний мөнгөн тэмдэгтийн  7 хувь нь бэлнээр, үлдсэн хэсэг нь цахим тоо болчихоод байгааг "Ард бит”  компанийн гүйцэтгэх захирал Б.Золбоо дурдсан юм. Тэгвэл санхүүгийн салбарт цоо шинэ хувьсгал гаргасан биткойн хэмээх хөрөнгө оруулалтын болон төлбөрийн хэрэгслийг бид нэвтрүүлснээр шимтгэлгүйгээс гадна бусдаас хараат бус болно гэсэн үг.

БИТКОЙНЫ ҮНЭ БА ЭРСДЭЛ

2010 онд  программист залуу цахим сүлжээнд "Надад 10 мянган биткойн байна” хэмээн бичихэд найз нь  25 ам. долларын үнэтэй хоёр пиццагаар солих санал тавьж. Гэтэл  тэрхүү 10 мянган биткойн  нь өнөөдөр 100 орчим сая ам.доллартай тэнцэж байна. Үүнийг Монгол мөнгөөр тооцвол нэг биткойн 25 сая төгрөг гэсэн үг.

Тэгвэл "Крипто Үндэстэн чуулга уулзалт- 2017” –аар гол төвлөрсөн зүйл нь биткойны үнэ болон эрсдлийн асуудал байв.

Шинэ тутам нэвтэрч буй ямар ч  асуудлыг монголчууд  хүлээж авахдаа эхлээд эрсдлийг нь тооцоолдог. Энэ нь зөв. Гэхдээ эрсдэлтэй гээд хойш сууж боломгүй. Дэлхийд 300 гаруй сая хүн  биткойныг худалдан авсан. Энэ тоо эрсдэл хэр вэ гэдгийг илэрхийлэх байх гэдгийг мэргэжилтнүүд онцолж, ирээдүйгээ баталгаатай болгохын тулд Монгол Улс биткойн олборлолтоороо богино хугацаанд цойлох боломжийг эрэлхийлэх нь чухал гэдгийг хэлж байсан юм. Шинжээчдийн тооцоолж буйгаар биткойн гурван жилийн дараа 500 мянган ам.долларт хүрэх боломжтой гэнэ. Эдүгэ дэлхийн зах зээл дээр 1300 орчим криптовалют арилжаалж буй бөгөөд нийт үнэлгээ нь 300 орчим тэрбум ам. доллартай тэнцэж байна. Үүний тал хувийг  биткойн дангаараа  бүрдүүлж буйг мэргэжилтнүүд онцлов.
                                             

    Б.ГЭРЭЛМАА: ОЛОН ХҮН СЕРВЕР РҮҮ ХАНДАЖ АЧААЛЛЫГ НЭМЖ БУЙ УЧИР БИТКОЙНЫ ХАНШИД НӨЛӨӨЛСӨН



Б. Гэрэлмаа нь АНУ дахь технологи, дизайны "Steppe” компанийн үүсгэн байгуулагч бөгөөд эдүгээ гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна. Тэрээр, "Блокчэйн технологи, биткойн, криптовалют нь миний санаж байснаас илүү хүлээлтийг Монголд үүсгэжээ. Криптовалют хөгжлийнхөө эхний гараанд явж байна. Биткойны үнийг олон хүмүүс хөөс гэж хардаг. Дэлхийн 300 сая хэрэглэгчтэй криптовалютын арилжаа бол зохиомол зүйл биш. Яагаад үнэ савлаад байна вэ гэхээр олон хүн сервер рүү хандаж ачааллыг нэмж буй учир ханшид өөрчлөлт гараад байгаа юм. Өөрөөр хэлбэл ачааллыг багасгахын тулд үнэд өөрчлөлт орж байна гэсэн үг” гэлээ.  
     
Харин "Битмайн” компанийн гүйцэтгэх захирал Жан Юань биткойны ханш өсөх гол шалтгааныг АНУ-ын Хөрөнгийн зах зээл болох  "Wall street” дээрх гол платформууд болох  "CNA”, "NASDAQ”  зэргийг   нэг бүтээгдэхүүн болгож оруулсан явдал гэж дүгнэсэн юм. Тодруулбал хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд үүнийг хэрхэн  ашигтай эргүүлэх вэ гэдэг стратегийг боловсруулж ашигласан нь биткойны  үнийн өсөлтөд нөлөөлжээ. Өнөөдөр криптовалютын зах зээл  дэлхий дээр байгаа санхүүгийн зах зээлийн 0.3-0.4 хувийг эзэлж байна. Харин биткойн санхүүгийн зах зээлийн 0.15-0.2 хувийг эзэлж байна гэсэн судалгаа гарчээ. Эрсдлийн тухайд гэвэл блокчэйн технологид халдлаа гэхэд Google компанийн хэрэглэдэг супер датагаас 100 дахин илүү хүчин чадалтай дата шаардагдах учир хакердах боломж тун бага. Тодруулбал биткойнд хөрөнгө оруулаад алдахгүй байх магадлал 10 дахин их. Гэхдээ эрсдэл үүсэхгүй гэх баталгаа бас байхгүй. Үүссэн хариуцлагын буух эзэн нь тухайн хүн өөрөө  гэдгийг гадны төлөөлөгчид тодотгов.
 
ДЭЛХИЙГЭЭР ДАВАЛГААЛСАН "МӨРӨӨДЛИЙН” БИТКОЙН

Цахим мөнгөний хамгийн том хэрэглэгчээр БНХАУ,  АНУ -ыг нэрлэж болно. Харин  Япон, Канад, ОХУ, Аргантин, Перу, Бразиль, Австрали Солонгос удаалж байгаа бол Энэтхэг, Монгол Улс эхлэлийн шангаа татлаа. Өнөөдөр дэлхий нийтэд  биткойны "цунами” улам хүчтэй болж сая, сая хэрэглэгч үүн рүү тэмүүлж байна.

Тиймээс дэлхий нийтийг сэрээж буй "Мөрөөдлийн” биткойны олборлолтыг хэрхэн хийх вэ гэдгийг хүн бүр асуух нь дамжиггүй.

"SHA-256” хэмээх криптографикийн алгоритмыг тооцоолж эхэлснээр биткойны олборлолт эхэлдэг байна. Олборлогчид дэлхий даяар хийж буй шилжүүлгийг хянаснаар биткойны урамшуулал авахын зэрэгцээ гүйлгээ хийхийн хэрээр олборлогчдын биелүүлэх даалгавар хүндэрч, илүү хүчтэй компьютер болон эрчим хүчийг шаарддаг байна. Улмаар биткойны олборлолтоор дагнан ажилладаг технологийн компаниуд бий болж, зориулалтын чип үйлдвэрлэх болж. Тухайлбал, Японы "GMO” компани биткойн олборлоход зориулсан өндөр хүчин чадал бүхий  чип бүтээн үйлдвэрлэлд 3 сая ам. доллараар хөрөнгө оруулахаа зарлажээ.

Тэгвэл Биткойныг олборлох үйл явцыг Венчурс Уан Ази компанийн  гүйцэтгэх  захирал Антони Хоброу тайлбарлахдаа, "Блокчэйн сүлжээн дэх гурван хүний нэг нь 5 ам.доллартай байлаа гэж бодъё. Хоёр ам.долларыг нөгөө хүнд шилжүүлэхэд гуравдагч этгээд гэрчилнэ гэсэн үг.  Гуравдагч этгээд гэрч болсныхоо төлөө "олборлолт” буюу шимтгэл авах нөхцөл бүрдэнэ. Гол нь хэнээс хэнд мөнгө шилжсэн нь сүлжээнд харагдахгүй бөгөөд зөвхөн данс буюу код л үзэгдэх юм. Аажимдаа гүйлгээнүүд давхардал үүсгэж блок бий болгоно. Эдгээр блокийг  батлахын тулд олборлогчид асар их хэмжээгээр тоо бодож хэн хурдан, хамгийн их хүч зарцуулсан нь блок тутамд нэг биткойн авна. Анх олборлолт хийхдээ компьютерийн сепүг ашигладаг байсан бол одоо график карт ашигладаг болов. Эл төхөөрөмж ойролцоогоор 3000 ам.долларын үнэтэй бөгөөд дуу чимээ ихтэй учир гэрийн нөхцөлд ажиллуулах боломжгүй” гэв.
 
МОНГОЛ УЛС БИТКОЙН ОЛБОРЛОЛТООРОО ЦОЙЛОХ БОЛОМЖ БИЙ

"Крипто Үндэстэн чуулга уулзалт- 2017” -ын гол үр дүн юу байв гэдэгт "Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг "УИХ нь мэдэгдэл хийх анхны тохиолдлыг Монгол Улс бий болгох нь” хэмээн хариулсан юм. 

УИХ-ын гишүүд нь "цахим мөнгө”-нд ач холбогдол өгч, Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, биткойн, криптовалютын талаар нээлттэй сонсгол хийхээр болсон. Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан цахим мөнгө, блокчэйн технологийн талаар төрөөс баримтлах бодлого, ялангуяа хөгжүүлэх бол хэрхэн дэмжиж, хамтран ажиллах, татварын болон хяналтын ямар тогтолцоог нэвтрүүлэх талаар асуулга тавьсныг Монгол Улс нэг алхам урагшиллаа гэж дүгнэв. Ийнхүү Монгол Улсын Засгийн газар, УИХ хувийн хэвшлийнхэн хамтраад дэлхий нийтэд биткойн, криптовалютад анхаарч байгаагаа зарлах нь Монгол Улс цахим мөнгөний төрийн бодлоготой болох хүлээлтийг нийгэмд үүсгэлээ.

Эдүгэ дэлхийн улс орнуудын 90 гаруй Төвбанк блокчэйн технологийг судалж буй аж. Нидерландын Төвбанк цахим мөнгийг хэрэглээнд нэвтрүүлэх хамгийн зоригтой алхам хийжээ. Тус банкны удирдлагууд "Блокчэйн технологи ээдрээтэй санхүүгийн шилжүүлгүүдийг шийдвэрлэнэ” хэмээн үзсэн байна.



Монголбанк ч мөн ажлын хэсэг гаргаж, энэхүү технологийн давуу тал, ашиглах боломж ба эрсдлүүдийг судалж эхэлсэн тухай Төвбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэлонцолсон юм. Тэрээр, "Судалгааны гол зорилго нь криптовалютыг технологийг судлах, боломж ба эрсдлийг  тодорхойлох суурь судалгаа хийж, бодлогын зөвлөмж гаргана. Эдийн засгийн төвлөрөл, мөнгөний бодлогоор бид Швейцаруудыг хэзээ ч гүйцэхгүй.  Криптовалют нь цоо шинэ ойлголт учраас дэлхийн улс орнуудын олонх нь ажиглалтын байдалтай байгаа. Харин Японд биткойныг төлбөрийн хэрэгсэл хэмээн хүлээн зөвшөөрч, зохицуулж эхэлсэн. Тэгвэл ирэх оноос хэрэгжиж эхлэх Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хүрээнд мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг, цахим мөнгөний зохицуулалт багтсан. Энэ нь биткойн, этереум зэрэг олон улсын криптовалютыг зохицуулахгүй бөгөөд "нэг цахим мөнгө нь нэг төгрөгтэй тэнцүү байна” гэсэн шаардлага тавих юм” хэмээв.

БИТКОЙН МОНГОЛД  МӨРӨӨ ГАРГАВ

Өнөөдөр монголчууд ухаалаг утас ба интернэтийн хэрэглээгээр дэлхийд тэргүүлж байна. Тодруулбал манай иргэд  2.4 сая ухаалаг утас хэрэглэж буй бөгөөд 30 сумаас бусад нь интернэтэд холбогдсон гэсэн судалгаа гарсан. Энэ давуу талаа ашиглан бид блокчэйн технологиор олон зүйл дээр дэлхийд анхдагч болох боломж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Хамгийн наад зах нь мөнгө шилжүүлэхийн тулд амралтын өдрийг өнжилгүйгээр мөнгөн шилжүүлэг хийх боломжтой. Ингэснээр мөнгө шилжүүлэхийн тулд 500 төгрөгийн шимтгэл төлдөг системийг халж, дотоодын болон олон улсын гүйлгээний зах зээл дээр банкуудтай тодорхой түвшинд өрсөлдөх боломж бүрдэх аж. Үүний зэрэгцээ дэлхийд "Minegolia” нэршилтэй болсон Монгол Улс нүүрсээ шилэн кабелиар дамжуулан олон улсын зах зээлд гаргах боломж байна гэдгийг эдийн засагчид онцолж байв.

Сарын хугацаанд Монгол Улсын хилээр биткойн олборлох 2500 төхөөрөмж орж ирсэн байна. Ирэх нэгдүгээр сард 10 мянга орчим төхөөрөмж орж ирнэ гэсэн мэдээлэл бий. Биткойныг Монголд олборлох гол давуу тал нь  интертетийн төлбөр, эрчим хүчний үнэ хямд учир  том боломж байгааг гадны мэргэжилтнүүд онцолсон. Тухайлбал биткойн олборлогч сард 200 гаруй мянган төгрөгийн цахилгаан зарцуулдаг байна. Гэвч дэлхий нийтээс эрчим хүчний үнэ хямд байлаа ч хүчин чадлын хувьд хүрэлцэх үү гэсэн асуудалтай бид тулгарна. Эдүгэ Монгол Улсын  эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1200 орчим МВт-д хүрсэн. Улмаар манай улс БНХАУ,  ОХУ-аас эрчим хүч импортолдог. Тиймээс биткойн олборлолт өрнөхийн цагт бид хэрхэх вэ гэдэгт мэргэжилтнүүд, "Уудам газар нутагтай Монгол Улс  нар, салхины цахилгаан станц барьж, хямд өртөгөөр биткойн олборлож хатуу валют бий болгох боломжтой" гэсэн тайлбар өгч байна.

Эдүгэ криптовалютыг дэлхий нийт үгүйсгэх бус үр дүнг нь харахаар  зах зээлээ тэлж байна. Дэлхийн улс орнууд ямар нэгэн зохицуулалт, дүрэм, журмаар дарах бус иргэддээ зөв ойлголт өгөх чиглэлд ажиллаж буй юм. Тэгвэл долоон жилийн өмнө ганцхан ам.доллартой тэнцэж байсан биткойн хэмээх хатуу валютын галт тэрэг аль хэдийн Монгол руу хөдөллөө.

Б.Заяа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.