Ш.Юмжирмаа: Өсвөр насныхан утас, компьютерт донтох нь ихэссэн
Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдрэл, сэтгэцийн тасгийн их эмч Ш.Юмжирмаатай ярилцлаа.
–Говь-Алтай аймагт сүүлийн үед ямар өвчин илүү анхаарал татаж байна вэ. Энэ талаар яриагаа эхэлье?
-Говь-Алтай аймаг мэдрэлийн эмгэгээрээ улсад дээгүүр байр эзэлж байна. Мөн сэтгэцийн эмгэгээр өвчлөгсдийн тоо ихсэхийн зэрэгцээ хүүхдийн сэтгэцийн эмгэг шинээр илэрч байна. Энэ нь тулгамдсан асуудал болж байна. Тухайлбал, утас, компьютерт хэт донтсоноос сэтгэцийн эмгэгт өртөж байгаа.
–Хэдэн насны хүүхдүүд энэ эмгэгт их өртөж байна вэ?
-Аймгийн хэмжээнд 3-7 насны хүүхдүүдийн дунд тархины саажилттай, хэт хөдөлгөөнт эмгэг их илэрч байна. Сүүлийн үед эцэг эхчүүд өөрсдөө хүүхдээ авчирч үзүүлдэг болсон. Үзлэг хийж байхад сургуулийн наснаас өсвөр үеийнхэн утас, компьютерт их донтож байгаа нь ажиглагдсан. Манайхан сэтгэцийн эмчид хандана гэхээр буруу ойлгодог. Ирж үзүүлдэггүй байсан бол сүүлийн үед энэ ойлголт ерөнхийдөө өөрчлөгдсөн.
–Сэтгэцийн эмгэгтэй болсон хүүхдэд ямар шинж тэмдэг илэрдэг юм бол?
-Тухайн хүүхдийн зан, төрхийн өөрчлөлт ихэсч байна. Зөвхөн тухайн тоглоом руугаа анхаарлаа хандуулахаас орчны зүйлд ямар ч ач холбогдолгүй. Аав ээж, багш, ах дүүсийн хэлсэн үг юу ч биш. Тоглоом нь ямар тоглоом бэ гэдгээс шалтгаална. Тухайлбал, зодоонтой элдэв бусын тоглоом тоглож байгаа бол зан, төрх нь тэр үйлдэлдээ өөрөө ороод бүх анхаарлаа хандуулж байгаа нь гол асуудал. Тиймээс орчин үед техник технологи хөгжсөн ч гэсэн хүүхдээ аль болох компьютерээс хол байлгах хэрэгтэй. Утас, интернэтээс янз бүрийн мэдээллийг хүүхдүүд өөрсдөө олж авч байна. Ялангуяа, өсвөр насны хүүхдүүдэд даган дуурайх шинж тэмдэг илэрдэг. Тиймээс даган дуурайх сөрөг шинж тэмдэг рүү хандах хандлага ихэсч байна.
–Ийм эмгэгтэй хүүхдүүдийг яаж эмчилж байга вэ. Эцэг эхчүүдэд ямар зөвлөгөө өгч байна?
-Сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Шаардлагатай буюу эмийн үйлчилгээ авахаар болсон хүүхдүүдийг хэвтүүлэн эмчилнэ. Хөнгөн хэлбэрийн хүүхдүүдийн эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч эрүүл мэндийн боловсрол олгодог. Харин хүүхдэд нь хор уршгийнх нь талаарх мэдээллийг сайн өгнө. Хамгийн гол нь эцэг эх, хоёр дахь гэр болсон сургууль, багш, сурган хүмүүжүүлэгч, хамт олон нь байгаа. Тэгэхээр хамт олонд чиглэсэн сургалт, сурталчилгааг сайн хийх нь зүйтэй гэж боддог.
–Үүнтэй холбоотойгоор танайхаас ямар сургалт явуулсан бэ?
-Ер нь сургуулиудаар явж сургалт зохион байгуулдаг. Саяхан аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Боловсрол төвтэй хамтарч орон нутгийн бүх сургуулийн биеийн тамирын болон эрүүл мэндийн хичээл ордог бүх багш нарт анхны мэдэгдэхүүн олгох сургалтыг явуулсан. Мөн сургуулиудаар явж хүүхдүүдэд сургалт хийсэн.
–Тэгэхээр танай аймгийн сургуулиудад эрүүл мэндийн хичээл орж байгаа юм уу?
-Манай аймгийн сургуулиудад эрүүл мэндийн хичээл ордог. Тиймээс эрүүл мэндийн хичээл ордог багш нарт сэтгэцийн эрүүл мэнд, хүүхдийн сэтгэцийн насны онцлог, ямар өвчлөл аль насанд өвчлөх магадлалтай байгаа талаар сургалт явуулсан.
–Мэдрэлийн гаралтай ямар өвчин байна вэ?
-Мэдрэлийн эмгэгийн хувьд насанд хүрэгчдийн дунд уналт, таталт их байдаг. Тэр тусмаа гэмтлээс үүссэн уналт, таталт их байна. Мөн харвалт их байдаг. Энэ нь орон нутгийн байдал, даралт нь ихэсдэг олон хүн байдагтай холбоотой. Сэтгэцийн эмгэгийн хувьд сүүлийн үед гэмтлээс үүссэн тархины шалтгаант органик гэмтлүүд ихэсч байна. Хоёрдугаарт, манай аймагт оюуны хомсдолтой хүн их байдаг. Мөн сэтгэцийн эмгэгээр манайх дээгүүр байрт орж байгаа. Үүний ихэнх хувийг оюуны хомсдол. Судалгаанаас харахад хойд сумдуудад удамшлын оюуны хомсдолтой хүн олон байна.
–Үүнд юу ингэж их нөлөөлөв. Эмчилж болдог уу?
-Оюуны хомсдол гэдэг нь удмын өвчин. Олдмолоор ч гарч ирдэг.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Р.ОЮУН