Авто зам дагуу амьдардаг хүмүүс сэтгэцийн өвчин тусах магадлал өндөр

915

Авто зам дагуу амьдардаг хүмүүс сэтгэцийн өвчин тусах магадлал өндөр

 

Авто машины хөдөлгөөн ихтэй, гол зам дагуу амьдардаг оршин суугчид сэтгэцийн олдмол хомсдолд өртөх магадлал өндөр болохыг мэргэжилтнүүд судалгаагаар нотолжээ.

Их Британийн эрүүл мэндийн "Lancet” сэтгүүлд нийтлэгдсэнээс харвал голлох авто замаас 50 метрийн дотор амьдардаг хүмүүсийн оюун ухаан олдмол хомсдолд өртөх эрсдэл бусад хэсэгт амьдардаг хүмүүсийнхээс даруй 10 хувиар илүү байгаа аж.

Канадын мэргэжилтнүүд 11 жилийн турш 2 сая гаруй хүний эрүүл мэндийн байдлыг судалсан байна. Авто машинаас ялгарах утаа, дуут дохио, хөдөлгүүрийн дуу чимээ зэрэг нь хүний тархины эд эсэд сөрөг нөлөө үзүүлж, сэтгэцийн олдмол өвчин тусах эрсдлийг нэмэгдүүлдэг.
Их Британийн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд дээрх судалгааг цаашид нарийвчлан судлах хэрэгтэй гэж үзэж байгаа ч ерөнхий үр дүнтэй нь санал нийлжээ.

Дашрамд дуулгахад, дэлхий дахинд 50 сая хүн сэтгэцийн олдмол хомсдолтой байдаг.

"Lancet” сэтгүүлд Канадын Онтарио мужийн 2 сая оршин суугчийн 2001-2012 оны эрүүл мэндийн байдлыг илтгэсэн нийтлэл тавигдсан юм. Энэ хугацаанд оршин суугчдад сэтгэцийн олдмол өвчний шинж тэмдгийн тохиолдол 243611 бүртгэгдсэн байна. Эдгээрийн дийлэнхийг авто замын дагуу амьдардаг оршин суугчид эзэлжээ.

Судлаачдын ярьснаар авто замаас 50 метрийн зайтай амьдардаг бол сэтгэцийн олдмол өвчин тусах эрсдэл 7 хувиар нэмэгддэг. Харин 50-100 метрт 4 хувь, 101-200 метрт 2 хувь аж. Авто замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалж ойр орчмын 50 метрт оршин суудаг хүмүүс сэтгэцийн олдмол өвчин тусах эрсдэл 7-11 хувь мэргэжилтнүүд тодорхойлж байна.

Онтарио мужийн Нийтийн эрүүл мэндийн хүрээлэнгийн доктор Хон Чен дээрх судалгааг гаргахад оролцсон мэргэжилтнүүдийн нэг юм. Тэрбээр "Хүн амын өсөлт, хотжилт, авто машины хөдөлгөөний ачааллаас шалтгаалж хүмүүс сэтгэцийн олдмол өвчинтэй болж байгааг судалгаа харуулсан. Үүнийг илүү нарийвчлан ойлгохын тулд дуу чимээ, агаар бохирдуулагч бодиснууд, замын хөдөлгөөний ачаалал зэргийг судлах шаардлагатай” гэжээ.

Судлаачдын ярьснаар дуу чимээний харилцан адилгүй давтамж, хэт нарийн ширхэгтэй тоосонцорууд, авто машины дугуйн гадаргууны чихарах, зуурах чимээ нь хүний сэтгэцэд шууд нөлөөлдөг байна. Гэсэн хэдий ч сэтгэцийн олдмол өвчинтэй бүх хүн авто замын ойролцоо амьдардаг гэсэн үг биш аж.

Их Британийн Үндэсний эрүүл мэндийн судалгааны хүрээлэнгийн Оюун ухааны судалгааны танхимын захирал, профессор Мартин Россор ВВС-д өгсөн ярилцлагадаа "Энэ бол маш чухал судалгаа. Гэхдээ хамгийн их нөлөөлөл нь хүн амын тархалт, эмх замбараагүй байдал. Энэ л нийтийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх гол хүчин зүйл” гэжээ.

Ноттингхэмийн их сургуулийн оюун ухааны хомсдлын төвийн захирал, профессор Том Дэнин "Lancet” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны үр дүнг "Сонирхолтой, бас өдөөн хатгасан” хэмээн тодорхойлж байна. Тэрбээр "Авто машины яндангаас гарах утаа нь тодорхой хугацааны дараа хүний сэтгэцийг гэмтээж оюун ухааны олдмол хомсдлыг бий болгож болох юм. Гэвч энэ нь орчин үеийн хөгжилтэй хотуудын оршин суугчдын дунд тархи, мэдрэлийн олдмол өвчлөл өндөр байна гэж баталж чадахгүй шүү дээ. Мэдээж, авто машины утаа, дуу чимээ нь ойр орчимд нь амьдардаг хүмүүст сайхан санагддаггүй” гэжээ.

Хотжилт хурдацтай нэмэгдэж буй энэ цаг үед сэтгэцийн олдмол өвчлөлд өртөхгүйн тулд наанадаж тамхи татахаа зогсоож, дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хооллох хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

Орчуулсан Т.Мунаа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>