Цэнхэр тасалбарын эрэлд мордсон иргэдийн цуваа нэмэгджээ

985

Өнгөрсөн 2017 он хөрөнгийн зах зээлд сэргэлт авчрав. Урагшаа алхаж өгдөггүй энэ салбарыг иргэд, аж ахуйн нэгж х ихээр сонирхож, хувьцаа, бондод хөрөнгө оруулалт хийж эхэлсэн нь багахан ч гэсэн салхи сэвэлзүүлэв. Үүнд, Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжиж байсан Засгийн газрын бондын хүү арилжааны банкны хадгаламжийн хүүнээс өндөр байсан, хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авч эхэлсэн, зах зээл дээр хэд хэдэн шинэ бүтээгдэхүүн гарсан зэрэг нь нөлөөлсөн юм.

 

Тоон үзүүлэлтээр харвал 2017 онд таван мянга гаруй хөрөнгө оруулагч зах зээлд хөрөнгө оруулалт хийснээс 90 гаруй хувь нь иргэд байжээ. Жишээ нь, Монголын үнэт цаасны биржийн анхны IPO болох "Анд-Энерги”-ийн хувьцааны 98.3 хувийг, Монголын хөрөнгийн бирж дээр гарсан "Айтүүлс”-ийн IРО-ны 88.1 хувийг дотоодын иргэд худалдан авсан байна. Мөн 2017 онд нийтдээ 41 компанийн хувьцааны ханш 1994 оноос хойш түүхэн дээд хэмжээндээ хүрэв.

Тухайлбал, "Говь”-ийн хувьцаа 35,180 төгрөгт, "Талх чихэр"-ийн хувьцаа 35,000 төгрөгт, "Дархан нэхий” компанийн хувьцааны ханш 26,000 төгрөгт хүрсэн нь дээрх компаниудын хувьд түүхэн дээд ханш нь байлаа. Дээрх үзүүлэлтийг харахад иргэд, аж ахуйн нэгж хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцож байгааг илтгэнэ.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд гэхэд л өдөрт 50-60 хүн хандаж, 1991 онд нээлгэсэн цэнхэр, ягаан тасалбарын талаар болоод "Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг асууж, сураглаж, мэдээлэл авахаар зорин ирдэг байна. Гэхдээ Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хандаж ирсэн хүмүүсийн ихэнх нь ямар ‘ ч мэдээлэлгүй, хувьцаа гэж юу болох, ногдол ашгаа хэрхэн авах талаар ч мэддэггүй гэдгийг тус төвийнхөн хэлж байлаа.

Биднийг очиход 60 эргэм насны эхнэр, нөхөр хоёр 1990 онд нээлгэсэн цэнхэр тасалбарынхаа учрыг олж, ногдол ашгаа авах санаатай мэдээллийн ажилтантай нь хэсэг маргав. Учир нь тэрбээр бүх хүүхдийнхээ регистрийн дугаараар мэдээлэл шүүлгэхээр иржээ. Харин хүүхэд тус бүрийнх нь иргэний үнэмлэх шаардлагатайг мэдээллийн ажилтан хэлэхэд ихэд бухимдав. Мэдээлэл шүүлгэхийн тулд бичиг баримт хэрэгтэй гэдгийг сайх эмэгтэй ойлгоогүйгээс нөхцөл байдал хүндэрсэн юм.

Бас нэг эмэгтэй 1990 оноос хойш гурван компанид хувьцаа эзэмшиж ирсэн ч, ногдол ашиг нь байхгүй болсныг лавлахаар тус газрыг зорин иржээ. Түүнчлэн хувьцаа худалдан авч, зараад сурчихсан 70 эргэм насны нэгэн өвгөнтэй таарав. Тэрбээр интернетэд ордоггүй бөгөөд хоёр хөлийнхөө ачаар брокер, дилерийн компаниудтай холбоо тогтоож, маш олон мэдээллийг цуглуулжээ.

Тэгээд цуглуулсан мэдээллийнхээ ачаар амжилттай ажиллаж байгаа компанийн хувьцааг худалдан авч, ногдол ашиг авах замаар овоо хөөрхөн мөнгө олчихдог тухайгаа хэлэв. Дээрх гурван хүнтэй таарсан нь 15 минутын дотор болсон үйл явдал юм. Ингээд иргэдэд хэрэгтэй мэдээлэл авахаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн олон нийттэй харилцах ахлах ажилтан Ж.Байгалмаатай уулзлаа. Тэрбээр иргэд хувьцаагаа хэрхэн шалгах, ямар бичиг баримт бүрдүүлэх, хэрхэн зөв компани сонгож, хувьцаа худалдаж авах, шилжүүлэх, өвлүүлэх талаар мэдээлэл егсөн юм,

ЦЭНХЭР ТАСАЛБАРТАЙ ЭСЭХЭЭ ЦАХИМААР ШАЛГАХ БОЛОМЖТОЙ

1991 оны хувьчлалаар тараагдсан цэнхэр, ягаан тасалбараа зарим иргэн гээгдүүлсэн, аль эсвэл ямар хувьцаа авснаа санахгүй байх тохиолдол элбэг байдаг. Тиймээс иргэд цэнхэр, ягаан тасалбарынхаа учрыг олохоор Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийг ихээр зорих болжээ. Учир нь хөрөнгийн зах зээл хөдөлгөөнд орж иргэдийн сонирхлыг татах болсонтой холбоотой. 1991-1994 оны хувьчлалын үеэр тухайн өрхийн тэргүүн, эхнэр болон хүүхдээ өөрийн нэрийн дор хамтран эзэмшигчээр бичүүлэн, данс нээлгүүлсэн тохиолдол элбэг байдаг байна.

Тиймээс иргэд тухайн үед ямар нэгэн хувьцаа авсан байж магадгүй гэж бодож байгаа бол интернетээр шалгах боломжтой. Жишээ нь, та интернетээр данстай эсэхээ шалгахаар бол google сайтаар дамжиж Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн вэб сайт руу нь орно. Сайтын доод хэсэгт нь Иргэн та "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч эсэхээ, төвлөрсөн хадгаламжинд данстай эсэхээ мэдэхийг хүсвэл ЭНД ДАРНА уу гэсэн цэс гарч ирнэ.

Ингээд "Регистр” гэсэн цэсийг сонгоод регистрийнхээ дугаарыг оруулж, данстай эсэхээ мэдэж авах боломжтой. Регистрийнхээ дугаарыг оруулснаар гарч ирэх мэдээлэл нь "Иргэн та Монгол Улсын Засгийн газраас олгосон "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ширхэг хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байна. Та Төвлөрсөн хадгаламжид данс нээлгэсэн аль эсвэл /нээлгээгүй/ байна. Та дараах брокер, диллерийн компанид очиж үйлчлүүлнэ үү” гэсэн мэдээлэл гарч ирнэ.

Данстай гэж гарч ирвэл өмч хувьчлалын үед олгосон цэнхэр, ягаан тасалбар байх магадлалтай гэж ойлгох хэрэгтэй. Хэрэв данстай бол тус хэсэгт тухайн брокерын компанийн нэр, хаяг, холбоо барих утас гарч ирнэ. Мөн Үнэт цаасны төлбөр тооцооны төвд бичиг баримттайгаа очиж шүүлгүүлж болох юм байна.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн олон нийттэй харилцах ахлах ажилтан Ж.Байгалмаагийн хэлснээр цэнхэр тасалбартай иргэд их байдаг гэнэ. Харин ягаан тасалбарын талаарх мэдээлэл тус төвд байдаггүй юм байна. Иргэд данстай, тэр нь цэнхэр тасалбар байлаа гэхэд тасалбарын ард цохолт байх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрэв байхгүй бол тэр нь хүчингүй болдог. Үүнийг хүмүүс ерөөсөө мэддэггүй гэдгийг мөн тэрбээр хэллээ.

ЭЦЭГ, ЭХИЙНХЭЭ ХУВЬЦААГ ХҮҮХДҮҮД НЬ ӨВЛӨХ ЭРХТЭЙ

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийг зорих хүмүүсийн ихэнх нь хувьцаа өв залгамжлах, шилжүүлэх зорилготой ирдэг гэнэ. Эцэг, эх нь нас барсан бол хувьцааг нь шилжүүлэх процессыг тайлбарлая. Тухайн хүн аль дүүрэг, аймагт нар барсан тэр газарт нь өв залгамжлах эрхийн гэрчилгээ хийлгүүлэх ёстой юм байна. Тодруулбал, тухайн нас барсан хүн таван хүүхэдтэй байлаа гэж бодъё.

Хүүхдүүд нь хоорондоо ярилцаж, тохиролцоод хувьцааг нь хэндээ өвлүүлэхээ шийднэ.Тэгээд тохиролцсон тохиолдолд таван хүүхэд нь тавуулаа нотариат дээр очиж баталгаа хийлгэх ёстой. Ингээд хувьцаа өвөлж авах хүн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд данс нээлгэнэ. Ийнхүү хувьцаа өв залгамжлах процесс явагдаж дуусна.

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н ХУВЬЦААГАА ЛАВЛААРАЙ

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн үндсэн үйл ажиллагаа нь ногдол ашиг тараадаг. Тус төвд иргэд "Эрдэнэс тавантолгой” ордын хувьцаатай  холбоотой асуудлаар байнга ханддаг гэдгийг мэдээллийн ажил-тан нь хэллээ. Засгийн газар 2012 онд "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрд хуваарилсан. Ингэснээр нэг иргэнд 1,072 ширхэг хувьцаа ногдсон юм.

Тухайн үед Засгийн газраас 1,072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон байдаг. Сонгуулийн амлалт, эрдэнийн хувь хишиг буюу нэг сая төгрөгийг тэтгэвэр тэтгэмж, оюутны төлбөр хэлбэрээр аваагүй, 2011 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны хооронд нас барсан, Монгол Улсын харьяатаас гарснаас бусад иргэдийн хувьцааны тоо 1,072 ширхэг байх ёстой. Тэгэхээр та хувьцааныхаа оронд хэдий хэмжээний хувь хишиг хүртсэн байна тэр хэмжээгээрээ хувьцааныхаа тооноос хасуулсан гэсэн үг.

Жишээ нь 2011, 2012 онд сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгөө хувь хишгээс төлүүлсэн оюутнууд 0 хувьцаатай буюу энэ компанид хувьцаа эзэмшихгүй. Хэрэв та нэг жил сургалтын төлбөрөө төлүүлсэн бол 536 ширхэг хувьцаатай байх ёстой. Мөн 2011 онд эрүүл мэндийн даатгалд есөн ширхэг хувьцаагаа зарцуулсан иргэд 1,063 ширхэг хувьцаатай байгаа.

Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй болон ахмадууд нэг сая төгрөгийн хувь хишиг хүртсэн бол "Эрдэнэс Тавантолгой” ХК-иас хувьцаа эзэмшихгүй гэсэн үг. Энэ бүх мэдээллийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн вэб сайтаар орж шалгах боломжтой юм. Хэрэв эргэлзээтэй зүйл гарвал тус төвд бичиг баримттайгаа очиж лавлах боломжтой.

"Эрдэнэс тавантолгой”-н хувьцаа одоогоор хөдөлгөөнгүй байгаа. Хэзээ хөдөлгөөнд орох вэ гэхээр Хөрөнгийн биржид арилжаа нь явагдаж, олон нийтэд нэрлэсэн үнээ зарласан тохиолдолд хөдөлгөөнд орно. Үнэ үед "Эрдэнэс тавантолгой” үнээ тогтооно. Хэрэв үнээ тогтоочихвол хүмүүст илүү ашигтай болно. Хувьцаагаа бусдад зарж, бэлэглэж, аль эсвэл зээлийн барьцаанд тавих эрх нь үүснэ. Одоогоор тус хувьцаа хөдөлгөөнгүй, ямар ч эрх үүсээгүй байгаа юм.

ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГААС АРВАН ХУВИЙН ТАТВАР АВЧ ЭХЭЛЛЭЭ

Ногдол ашиг гэдэг нь аль нэг хувьцаат компани олсон ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ жилд нэг удаа тараахыг хэлнэ. Гэхдээ хэдийгээр тухайн компани өндөр ашиг олсон байсан ч ногдол ашиг тараахгүй ч үе байдаг бөгөөд түүнийгээ шинэ хөрөнгө оруулалтад зориулах тохиолдол олон байдаг. Ногдол ашиг нь хувьцаа эзэмшигчдийн хувьд хувьцаанаас олох гол өгөөжүүдийн нэг болов ч зарим хувьцаа эзэмшигч иргэн ногдол ашиг авдаг талаар огт мэддэггүй тохиолдол ч олон гардаг.

Тухайлбал, өнгөрсөн онд АПУ компани хувьцаа эзэмшигчдэдээ нийт 741.6 сая төгрөгийг ногдол ашиг тараасан юм. Үүнээс гадна сүүлийн зургаан жил хувьцаа эзэмшигчдэдээ тасралтгүй ногдол ашиг олгож байгаа томоохон үйлдвэр болох "Говь” компани нэгж хувьцаанд 200 төгрөг буюу нийт 1.56 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан бол "Гермес" центр жилд хоёр удаа ногдол ашиг олгох бодлого баримтлахаа мэдээлж, амлалтдаа хүрсэн.

Харин "МИК Холдинг" компани ногдол ашгийн хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүллээ. 51.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тус компани ашгийнхаа 19 хувь буюу 9.77 тэрбум төгрөгийн ногдол ашигт олгосон юм. Тэгвэл "Говь” компани нэгж хувьцаанд 200 төгрөгийг ногдол ашиг тараасан гэсэн ч 180 төгрөг болсон нь ямар учиртай болох талаар иргэд гомдоллож эхэлжээ. Энэ нь ямар учиртай вэ гэхээр энэ оноос эхлэн хувьцааны ногдол ашгаас арван хувийн татвар авахаар болсонтой холбоотой юм байна. Ямартай ч хөрөнгийн зах зээлд оролцож буй иргэд, аж ахуйн нэгжийн халааснаас бас нэгэн төрлийн татвар авч эхлэв бололтой.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн хувьд өнгөрсөн онд 6,800 иргэдтэй харилцаж, зөвлөгөө өгчээ. Мөн нас барсан иргэдийн хувьцааны талаарх мэдээллийг болон эрх нь түдгэлзсэн, татан буугдсан үнэт цаасны компаниудын харилцагчдын мэдээллийг шалгаж, 4,541 иргэний төвлөрсөн хадгаламж дахь дансыг шүүжээ. Тус төвд ойролцоогоор сая орчим иргэн, аж ахуйн нэгжийн хувьцааны дансны мэдээлэл хадгалагддаг юм байна.

У.САРАНГЭРЭЛ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>