ТА ӨДӨРТ ХОЁР УДАА ШҮДЭЭ УГААДАГ УУ, ХАРИН ХЭЛЭЭ…
Та өдөрт хоёр удаа шүдээ угаадаг биз дээ? Харин хэлээ угаадаг уу? Хүний хэлэнд бактери, мөөгөнцөр их хэмжээгээр оршдог ажээ. Хэрвээ үүнийг арилгахгүй бол өнгөр тогтоно. Үүний улмаас амтлах мэдрэмж багасна. Мөн амны хөндийн элдэв асуудал үүснэ.
Гэвч үүгээр асуудал дуусахгүй. Хүний хэлний угт эпителийн мөхсөн эсүүд хуримтлагддаг байна. Энэ нь задарч, нисдэг хүхрийн нэгдлийг ялгаруулдаг. Үүний улмаас амнаас эвгүй үнэр үнэртдэг ажээ.
Тэгвэл хэлээ цэвэрлэх нь энэ эвгүй үнэрийг 85 хувиар бууруулдаг байна. Гэтэл шүдээ угаахад энэ үнэрийн ердөө 25 хувь нь дарагддаг.
Хамгийн гол нь хэлээ зөв цэвэрлэх хэрэгтэй. Ингэхдээ хэлний хусуур, эсвэл халбага ч ашигласан болно. Эсвэл шүдний сойзны ар хэсгийн барзгар хэл цэвэрлэгчээр хусаж болно. Хэлийг угаас нь үзүүр хүртэл зөөлөн хусах байдлаар цэвэрлэдэг. Түүнчлэн хацрынхаа дотор хэсгийг ч зөөлөн хусаарай. Хамгийн сүүлд амаа цэвэр усаар зайлна.
Энэхүү массаж нь дотоод эрхтний үйл ажиллагааг ч сайжруулдаг. Мөн шүдний чулуу үүсэх үйл явцыг 33 хувиар бууруулдаг.