ҮЗМЭРИЙН БОЛООД ҮЗЭГЧДИЙН ТОО НЬ УРВУУ ХАМААРАЛТАЙ ҮНДЭСНИЙ МУЗЕЙНУУД
Энэ жилээс эхлээд жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт "Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулж, энэ үеэр үзмэрүүдийг үнэ төлбөргүйгээр нийтэд толилуулах санаачилгыг салбарын сайд гаргасан юм. Энэхүү санаачилгын үр дүнд өнгөрсөн долоо хоногт үнэ төлбөргүй музейгээр нийтдээ 77 мянган хүн зорчсоны 70 орчим хувь нь хүүхдүүд байжээ. Тэгвэл энэ тоо их үү, бага уу?
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 40 гаруй музей байдаг ба Үндэсний статистикийн хорооны мэдээллээр бол тэдгээрийн сан хөмрөгт нийт 280 гаруй мянган үзмэр багтдаг байна. Сонирхолтой нь, үзмэрийн тооноос илүүтэй үзэгчийн тоо анхаарал татахаар болсныг статистик үзүүлэлт харуулах аж. Нэг үгээр бол улсын хэмжээнд музейн үзмэрийн тоо, ширхэг жилээс жилд нэмэгдэх атал үзэгчийн тоо жилээс жилд буурчээ.
Улсын хэмжээнд нийт музейн үзмэрийн тоо 2013 онд 261-645 байсан бол 2016 оны статистикаар 281 мянга давж, гурван жилийн хугацаанд даруй 20-иод мянгаар нэмэгдсэн байгаагаас харвал "музей сүйрч байна” гэж дүгнэх үндэслэл лав алга. Харин үзмэрийн тооны өсөлтөөс урвуу хамааралтай яваа буюу жилээс жилд цөөрч байгаа үзэгчийн тоо салбарын сайдын санааг зовоожээ.
Статистикаас харвал 2013 онд жилдээ 920 мянган хүн музейгээр зочилж байсан бол 2016 оны дүн мэдээгээр энэ тоо 400 гаруй мянгаар буурч, 534 мянгад хүрсэн байна. Үзэгчийн тоо буурахад нөлөөлсөн хүчин зүйл байж л таарна.
Юутай ч улам бүр мартагдахдаа хүрээд байгаа музейг эргэлтэд оруулах, үзмэрийг нийтийн хүртээл болгоход маркетинг дутагдсан гэж салбарын бодлоготнууд үзсэн учраас олон нийтийн сонирхпыг татах арга хэмжээ авч байгаа нь тодорхой болов уу. Нээлттэй өдөрлөг, үнэ төлбөргүй үйлчилгээ зэрэг арга хэмжээ нь олон нийтэд чиглэгдсэн борлуулалтын маркетингийн нэг хэсэг биз дээ? Тэр тусмаа "үнэгүй", эсвэл хямдрал гэх мэт саналууд хэрэглэгчдээ маш хурдан татахад чухал үүрэгтэй маркетингийн хэрэгсэл байдаг. Ялангуяа Монголд "үнэгүй", "хямдрал” гэх түлхүүрүүд хэрэглэгч өсгөхөд үр нөлөө ихтэй арга зам гэдэгтэй маргах хүн ховор. Бизнес талаас нь асуудлыг харвал ашиггүй төдийгүй зайлшгүй зүйл биш гэдэгтэй мөн л маргах аргагүй.
Харин бизнес утгаар харах угаас шаардлагагүй, нийтийн, нийгмийн эрх ашгийн үүднээс төрөөс санхүүжилт гаргаж авч явах ёстой салбарууд гэж бий. Тэдгээрийн нэгд нь үнэт өв сан хөмрөгийг судлах, аль болох урт хугацаанд хадгалах, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой музейд зайлшгүй багтах байх.
Олон улсын музейн зөвлөлийн дүрэмд зааснаар "Музей гэдэг нь нийгмийн хөгжилд үр нөлөө үзүүлэхүйц олон нийтэд зориулагдсан, байнгын үйл ажиллагаатай, ашгийн төлөө бус байгууллага бөгөөд хүний түүх, амьдрах орчны тухай баримт гэрч болох эд зүйлийг судлах, хүнийг гэгээрүүлэх оюуны хэрэгцээг нь хангах зорилгоор олж цуглуулах хадгалах хамгаалах, судлан шинжпэх, дэлгэн үзүүлж сурталчлах ажил эрхэлдэг газар юм” гэжээ.
Мөн Монгол Улсын музейн дүрэмд "музей нь Монгол нутаг дахь хүний амьдралын түүх, соёл урлаг, ёс заншил, байгаль орчны тухай бодит, баримтат материалуудыг цуглуулан хадгалж, судпан шинжлэх, дэлгэн үзүүлэх, сурталчлах, таниулах үйл ажиллагааг байнга явуулах үүрэг бүхий ашгийн төлөө бус соёлын болон төрийн үйлчилгээний байгууллага юм” гэсэн байдаг.
Тэгэхээр худалдах, хувьчлах, үгүй ядаж үнэ хүргэх зорилго. угаасаа байх боломжгүй музейг жилийн дөрвөн улиралд үнэгүй байлгасан ч болохоор аж. Энэ удаад "үнэгүй” гэсэн маркетинг үр дүнгээ өгсөн нь үнэдээ ч биш зүгээр л музейг сануулсандаа л утга учиртай болсон. Өөрөөр хэлбэл, хүмүүсийг сэдэлжүүлэх нэг шалтгаан нь "үнэгүй” гэх түлхүүр үг болсон хэрэг.
Үзэхдээ хүрвэл үнэтэй ч адилхан, үнэгүй ч адилхан. Гэхдээ үзэгчийнх нь тоо цөөрсөөр байгаа музейг үргэлж үнэгүй байлгалаа гээд хүмүүс цувах нь юу л бол?
Өглөөний сонин
З.Боргилмаа